УЛС ТӨР

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдээс санал авах журмыг батлах тогтоолын төслийг өргөн барив

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж Журам батлах тухай, Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай тогтоолын төслүүдийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив. 

УИХ-аас 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр баталж, 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгогчдын саналаар эгүүлэн татах журам , Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журмыг УИХ батлахаар тус тус хуульчилсан.

Тогтоолын төсөл нь 2 заалттай. 1 дэх заалтаар “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам”-ыг 1 дүгээр, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгогчдын саналаар эгүүлэн татах журам”-ыг 2 дугаар, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам”-ыг 3 дугаар хавсралтаар тус тус батлахаар, 2 дахь заалтаар тогтоолын төслийг дагаж мөрдөх хугацааг тусгасан байна.

Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай тогтоолын төсөл

Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй дэлхий дахинд нийгэм, эдийн засгийн хүндрэлүүд үүсэж байгаатай адил Монгол Улсын эдийн засаг, нийгэм, төсөв, санхүүгийн нөхцөл байдал өөрчлөгджээ. 

Энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан “Санхүүжилтийн эх үүсвэр шийдвэрлэгдсэн, шийдвэрлэх шаардлагатай төсөл, арга хэмжээний болон техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах шаардлагатай төсөл, арга хэмжээний жагсаалт, хэрэгжилтийн шалгуур үзүүлэлт бүхий Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-т туссан төсөл, арга хэмжээний хэрэгжилт удаашрах, санхүүжилт саатах зэрэг хүндрэлүүд үүсээд байна.

Тогтоолын төсөл нь 5 заалттай. Төслийн нэгдэх заалтаар “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны наймдугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Санхүүжилтийн эх үүсвэр шийдвэрлэгдсэн, шийдвэрлэх шаардлагатай төсөл, арга хэмжээний болон техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах шаардлагатай төсөл, арга хэмжээний жагсаалт, хэрэгжилтийн шалгуур үзүүлэлт бүхий Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг шинэчлэн батлахаар тусгажээ.

Харин хоёр дахь заалтаар хөтөлбөрт тусгагдсан төсөл, арга хэмжээний санхүүжилтийг тухайн жилийн улсын төсөвт тусгаж байхыг даалгах, гурав дахь заалтаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгох, дөрөв дэх заалтаар тогтоол батлагдсантай холбогдуулан хүчингүй болгох эрх зүйн акт, 5 дахь заалтаар тогтоолыг дагаж мөрдөх хугацааг тусгажээ хэмээн УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet