Хүндэт зочид оо,
Эрхэм эрдэмтэн, судлаачид аа,
Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж, эрдэм оюунаа нэгтгэн чуулж буй эрхэм оролцогчид болон энэхүү хурлыг зохион байгуулагчдад чин сэтгэлийн талархал илэрхийлье.
1206 оны Их хуралдайгаар Их Монгол Улс байгуулагдаж, Их Засаг хуулийн үндэс тавигдсаны 820 жилийн ойн хүрээнд Их Засаг хуулийн өвийн тухай энэхүү эрдэм шинжилгээний хурлыг хууль тогтоох дээд байгууллага, Төрийн ордонд хийж байгаад туйлын их бэлгэшээж байна.
Их Засаг бол монголчууд төрийг хэрхэн байгуулж, эрх мэдлийг хэрхэн хэрэгжүүлж, эв нэгдэл, дэг журмыг хэрхэн сахиж ирсний түүхэн гэрч билээ.
Тал нутгийн нүүдэлчид нэгэн үнэнийг эртнээс ухаарчээ. Төрийг хүчээр байгуулж болох ч дан ганц хүчээр тогтоон барьж болдоггүй. Эрх мэдэлд хүлээн зөвшөөрөл, төрийн шийдвэрт зөвшилцөл хэрэгтэй. Энэхүү төрт ёсны гүн ухааныг Эзэн Богд Чингис хаан Их хуралдайн уламжлал, Их Засаг хуулиараа хойч үедээ өвлүүлэн үлдээжээ.
Монголчууд төрийн их хэргийг хэлэлцэхдээ Их хуралдайгаа хуралдуулж, санал бодлоо солилцон, зөвшилцөн шийдвэрлэдэг уламжлалтай байв.
Энэ уламжлалын нэгэн тод жишээ бол Чингис хаан Сартуулын аян дайнд мордохын өмнө Есүй хатан төрийн залгамж халааг хэрхэн шийдэхийг сануулан асуухад Их хаан түүний үгийг зөвшөөрч, ийм зөвлөгөөг өөр хэн ч хэлээгүйг дурдан, хөвгүүдийнхээ саналыг сонссон тухай өгүүлдэг.

Энэ бол төрийн эрх мэдэлд хүрсэн Их хаан ч бусдын үгийг сонсож, зөвлөгөөг хүлээн авч, төрийн ирээдүйг хэлэлцэн шийдвэрлэж байсны нэгэн тод баримт юм.
Найман зууны тэртээ өвөг дээдэс маань Их хуралдайгаа хуралдуулж, төрийн хэргийг зөвшилцөн хэлэлцдэг байсан бол өнөөдөр бид парламентын танхимд тэрхүү төрийн ухааны өвийг эргэн дурсаж, ардчилал, зөвшилцөл, хууль дээдлэх ёсны үнэт зүйлстэй холбон хэлэлцэж байна.
Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог гэж би боддог. Тиймээс “Иргэдээ сонсдог парламент бол хамгийн ардчилсан парламент” гэсэн зарчимд тулгуурлан Улсын Их Хурлын үйл ажиллагааг бүрэн утгаар нь нээлттэй болгож, урьд өмнө эрж сурж байж олдог байсан мэдээлэл, баримтуудтай ганц товчлуур дарах төдийд танилцах боломжтой болоод байна. Түүнчлэн “Улсын Их Хурал таныг сонсож байна” цахим платформ ажиллуулж иргэдийн дуу хоолой цаг хугацаа алдахгүй парламентад хүрэх боломжийг нээлээ.
Энэ бол найман зууны тэртээ Их Монгол Улсын төрийн хэргийг ганцаар шийдэх бус, хамтаар зөвшилцөн хэлэлцдэг байсан төрт ёсны уламжлал өнөө цагт үнэт зүйл болон үргэлжилж буйн илэрхийлэл юм.

Эрхэм хүндэт оролцогчид оо,
Их Засаг хууль бол олон үндэстэн, олон шашинтныг нэгэн төрийн дор нэгтгэж, ялгаатайг эвлэрүүлэн, эв нэгдлийг хууль цаазаар бататгасан төр ёсны эрх зүйн үндэс байсныг би онцлон хэлмээр байна.
Их Засаг хуулийн түүхэн нөлөө Монголын эзэнт гүрний хил хязгаараар тогтоогүй, Евразийн өргөн уудам нутаг дэвсгэрт төр ёс, хууль цаазын хөгжилд ул мөрөө үлдээсэн нь бидний бахархах өв мөн.
Түүний тухай мэдээ перс, араб, сири, хятад, латин хэлээрх түүхэн сурвалжуудад тэмдэглэгдэн үлдэж, Юань улс, Ил хаант улс, Алтан Ордны төрийн эрх зүйн уламжлалд тусгалаа олсон нь Их Засаг хуулийн түүхэн цар хүрээ, нөлөөллийг илтгэнэ.
Түүхээ дээдлэх нь өнгөрснөөрөө бахархах төдий хэрэг биш. Өвөг дээдсийнхээ үлдээсэн өвийг бодитоор судалж, хамгаалан хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь өнөөгийн бидний үүрэг оролцоо, төрийн бодлогын эрхэм зорилго юм.
Энэхүү үзэл санааг бодит ажил хэрэг болгох үүднээс Монгол Улсын Их Хурал Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 820 жилийн ойг тохиолдуулан Эзэн Богд Чингис хаан, Их Монгол Улсын түүх шастир, алдар гавьяаг монгол хүн бүр эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх агуулга бүхий тогтоолыг хэлэлцэн баталлаа.

Уг тогтоолын гол үзэл санаа нь түүхээ зөвхөн дурсаад өнгөрөх бус, таньж гүнзгий мэдэх, өв соёлоо хамгаалж өвлүүлэх, Их Монгол Улсын түүхэн суу алдрыг зөвхөн монголчуудадаа бус, дэлхий дахинд таниулахад оршиж байгаа.
Ингэснээр хүүхэд, залуучууддаа эх түүхийн үнэн бодит мэдлэг, үндэсний бахархлыг төлөвшүүлж, өвөг дээдсийнхээ үлдээсэн оюун санаа, төрт ёсны өвийг үеэс үед уламжлуулахад ахиц гарна гэж би үзэж байна.
Их Засаг хуулиас өнөө цагт бидний өвлөн авч, эрхэмлэн сахих учиртай хамгийн чухал үнэт зүйлийн нэг бол хууль дээдлэх ёс юм.
Төрийн жинхэнэ хүч эрх мэдлийн сүрд бус, хууль цаазыг дээдлэн сахих ёсонд оршдог. Энэ бол Их Засаг хуулийн найман зууныг дамжин өнөөг хүрсэн төрт ёсны үнэт сургамж юм.
Найман зууны тэртээх хууль цаазыг эрхэмлэх төрийн уламжлал өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуульд туссан хууль дээдлэх ёсны зарчимтай үнэт зүйлээрээ холбогдож байна. Хуулиас дээгүүр хэн ч байх ёсгүй, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх нь бидний Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхэм зарчим юм. Тиймээс хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байж сахиж мөрдөх, амьдралд хэрэгжүүлэхэд хуулийн мөн чанар орших ёстой.

Их Засаг хуулийн түүхэн сургамжаас өнөөгийн парламент гурван зүйлийг эрхэмлэх учиртай.
Нэгдүгээрт, хууль эрх мэдэлтнээс ямагт дээгүүр байх ёстой.
Хоёрдугаарт, хууль тогтоох үйл ажиллагаа ард түмэнд нээлттэй, иргэдийн оролцоонд тулгуурласан байх ёстой.
Гуравдугаарт, хууль цаасан дээр бус, амьдралд хэрэгжиж, үр дүнгээ өгдөг байх ёстой.
Их Засаг хуулийн түүхэн үнэ цэн зөвхөн батлагдсандаа бус, хэрэгжсэндээ оршиж байгаагийн адил өнөөгийн парламентын ажлын үнэ цэн нь баталсан хуулийн иргэдийн амьдралд авчирсан бодит өөрчлөлт, үр дүн байх учиртай.
Энэхүү эрдэм шинжилгээний хурлаар Их Засаг хуулийн түүхэн өвийг эх сурвалжид тулгуурлан судалж, дэлхий дахинд таниулахын зэрэгцээ судалгааны үр дүнг өнөөгийн төрийн бодлого, хууль тогтоох үйл ажиллагаанд тусгаж, өвөг дээдсийнхээ төрт ёсны ухааныг зөвхөн түүхийн хуудаснаа бус, төрийн түшээ бүрийн ухамсар, үйл хэрэгт шингээхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Эрхэм эрдэмтэн, судлаач Та бүхэнд болон эрдэм шинжилгээний хуралд амжилт, оюуны их бүтээл хүсэн ерөөе.
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурал нээснийг мэдэгдье.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн БЯМБАЦОГТ
Улаанбаатар хот
2026.11.09
Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,