БОЛОВСРОЛ

БШУЯ: 2021-2022 оны хичээлийн жилд нийслэлд 29 сургуулийн 40 хүүхдийн автобус сурагчдыг зөөнө

Гэрэл зургийг
MPA.mn

Засгийн газраас БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд ирэх есдүгээр сарын 1-нээс танхимын хичээлийг бүх шатанд эхлүүлэх чиглэл өгсөн. Энэ хүрээнд БШУЯ-наас хичээлийг долоо хоног танхимаар, долоо хоног цахим гэсэн байдлаар төлөвлөж олон нийтэд танилцуулсан юм.

Үүнтэй холбоотойгоор Иргэдээс ирсэн түгээмэл асуултанд БШУЯ-наас хариулт өглөө.

– Дахиад хөл хорихгүй гэсэн баталгаа байхгүй үед хүүхдүүдийг дүрэмт хувцас өмс гэж шахах нь зөв юм уу?

-Дүрэмт хувцас бол сурагчдын амьжиргааны ялгаатай байдлыг арилгахад гол нөлөө үзүүлдэг. Тиймээс жигдрэл байх ёстой. Хичээл хэвийн горимд шилжих хүртэл тухайн сургууль, эцэг эхийн зөвлөл шийдээд цагаан, цэнхэр цамцаар жигдрэх шийдвэр гаргаж болно. Цаашид танхимын сургалт хэвийн горимд шилжсэн үед заавал дүрэмт хувцас өмсөх ёстой.

– Танхимын хичээлд хамрагдах хүүхдүүд вакцинд хамрагдсан байх ёстой юу?

-Дархлаажуулалт сайн дурынх гэж хуульчилсан байдаг тул бүх хүүхдэд танхимаар суралцах боломж нээлттэй. Гэхдээ вакцин нь таны хүүхэд болон бусад хүүхдэд ирэх эрсдлийг бууруулж буй учир дархлаажуулалтанд хамрагдахыг уриалж байна.

– Сурах бичиг өөрчлөгддөг байдлыг яаж шийдсэн бэ. Худалдаж авах уу?

-ЕБС-ийн сурах бичиг 2019 оноос хойш өөрчлөгдөөгүй. Ойрын жилүүдэд ч өөрчлөгдөхгүй. Нэгээс тавдугаар ангийн сурах бичгийг сурагчдад төрөөс үнэ төлбөргүй олгодог. Зургаагаас арван хоёрдугаар ангийн сурагчдын 40 хувийг сурах бичгээр хангадаг. Үлдсэн 60 хувь нь сургуулийн номын сангаас түрээсээр хэрэглэнэ. Түрээсийн сурах бичгийн нэг багц 13 номтой бөгөөд дунджаар 15 мянган төгрөг болдог.

– Сургуулийн хүүхдийн автобус явах уу?

-Энэ хичээлийн жилд нийслэлд 29 сургуулийг хамруулан, 35 чиглэлд, 40 автобус үйлчилгээнд гаргахаар төлөвлөсөн. Цаашид автобусны тоог нэмэгдүүлэхээр зорьж байна. Сургуулийн хүүхдийн автобусны үйлчилгээг зохион байгуулахад халдвараас сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг ЭМЯ-тай хамтран боловсруулж байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet