“Гадны банкуудыг Монголд оруулж ирэх яриа, хэлэлцээрийг идэвхтэй хийж байна”
Засгийн газар өнөөдөр хуралдаж, таван асуудал хэлэлцжээ.
Энэ талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Солонгос улсад хийсэн айлчлалтай холбогдуулан 20 орчим ажил төлөвлөн хийх талаар Гадаад Харилцааны Яамнаас танилцуулсан. Энэ жилдээ багтаан тус яамнаас Консулын газрын ажилчдын тоог гурваар нэмэгдүүлнэ. Түүнчлэн, тус улсад үйл ажиллагаа явуулж буй монгол сургуулиудын санхүүжилтийг шийдэхээр ГХЯ, БШУЯ, Сангийн яам хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо” гэв.
Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Ерөнхий сайд БНСУ-д айлчлал хийсэн. Өмнө нь зээлийн талаар ярилцдаг байсан бол энэ удаад зээл биш гадаадын шууд хөрөнгө оруулалтыг Монгол Улсад татах чиглэлээр хэд хэдэн уулзалтыг амжилттай хийлээ. Томоохон компанийн төлөөллүүдтэй уулзсан. Монгол Улсыг хөгжүүлэхийн тулд зээл биш гадаадын шууд хөрөнгө оруулалт хэрэгтэй байгааг хэлмээр байна. Тиймээс ч гадны банкуудыг Монголд оруулж ирэх яриа, хэлэлцээрийг идэвхтэй хийж байна.
ҮСХ-оос мэдээлснээр эдийн засаг 4.8 хувь болж өссөн. Цар тахлын өмнөх 2019 онтой харьцуулбал эдийн засаг 1.6 хувиар өссөн байна. ДНБ 52.9 их наяд төгрөгт хүрчээ. Тэгэхээр өнгөрсөн гурван жилийн хүндрэлүүдийг 2022 онд эцэслэн давж гарчээ гэдгийг онцолмоор байгаа юм” гэсэн юм.

Хариулах