Хүний эмийн зөвлөлийн хурлаар ковидын эсрэг үндэсний үйлдвэрийн эмийг бүртгэлээ

Гэрэл зургийг
MPA.mn
Хүний эмийн зөвлөлийн 15 дугаар хурал наймдугаар сарын 09-ний өдөр цахимаар боллоо. Энэ удаагийн хурлаар КОВИД-19 халдварын үед хэрэглэж буй вирусийн эсрэг “Фавипиравир 200мг №40” эм болон “Нейрорубин 2мл” эмийг улсын бүртгэлд бүртгэлээ.
Мөн импортын 26 нэрийн эм болон таван нэрийн эмийн түүхий эдийг улсын бүртгэлд бүртгэх асуудлыг шийдвэрлэв . Түүнчлэн 68 нэрийн импортын эм, 24 нэрийн дотоодын үйлдвэрийн эм, гурван нэрийн эмийн түүхий эдийн бүртгэлийн хугацааг сунгасан бол нийт 29 нэрийн эмийн бүртгэлд өөрчлөлт оруулсан байна. Харин үйлдвэрлэгчийн хүсэлтээр 3 нэрийн эмийг Монгол улсын эмийн бүртгэлээс хасахаар болжээ.

Үндэсний үйлдвэрт үйлдвэрлэсэн биолбэлдмэлийн тухайд, НЭМҮТ-ийн “Альбумин 5%,10%,20%-50мл”, “Хүний хэвийн иммуноглобулин”, “Гистаглобулин”, “Балнадын нян залгиур” зэрэг биобэлдмэлийн бүртгэлийн хугацааг сунгах асуудлыг тус тус хэлэлцэж шийдвэрлэсэн юм. Хүний эмийн зөвлөлийн ээлжит хурлаар коронавируст цар тахлын үед эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай эмүүдэд импортын нэг удаагийн лиценз олгох асуудлыг дэмжлээ. Эдгээрийн дотор ДЭМБ-аас КОВИД-19 халдварын үед хэрэглэхийг зөвлөмж болгосон “Тоцилизумаб” эм багтаж байна.

Хариулах