Оросын дизель түлшинд хориг тавьснаас хойш Европт түлшний үнэ буурчээ

Ням гарагт Европын холбоо болон Их долоогийн бүлэг Оросын дизель түлшинд хориг тавьж, үнийн дээд хязгаар тогтоох шийдвэрт хүрсэн.
Хэдийгээр ЕХ хамгийн том нийлүүлэгчдээ хориг тавьсан ч тус бүс нутагт эрэлт буурч, хоригоос урьтаж түлш нөөцлөх улс орнуудын хүчин чармайлт үр дүнгээ өгч эхэлсний үр дүнд тус холбоонд дизель түлшний фьючерсийн үнэ даваа гарагт 1.6%-иар суларч, сүүлийн хоёр долоо хоногт нийт 20%-иар буурсан үзүүлэлттэй байна.
Үнийн уналт нь дизель түлшээр ажилладаг тивийн сая сая ачааны машинчид, жолооч нар, бизнес эрхлэгчдэд таатай мэдээ юм. Европын Автомашин үйлдвэрлэгчдийн холбооны мэдээллээр ЕХ даяар ачааны машины 96%, фургон автомашины 91%, суудлын автомашины 42% нь дизель түлшээр ажилладаг байна.
“Rystad Energy” мэдээлснээр өнгөрсөн жил тус бүс нутгийн нийт дизель түлшний импортын 29 хувийг Орос эзэлж байв.
Гэсэн ч арваннэгдүгээр сарын эхнээс нэгдүгээр сарын сүүл хүртэл Европ дахь дизель түлшний эрэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан болохыг газрын тосны аналитик компани “OilX” мэдэгдсэн байна.
Шинжээчид энэ уналтыг зарим талаараа дизель түлшийг халаалтдаа ашигладаг тус бүс нутагт цаг агаар ердийнхөөс дулаан байгаа бөгөөд үнэ өндөр байгаатай холбон тайлбарлаж байна.
Сүүлийн үед түлшний үнэ буурсан хэдий ч бөөний үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс 10%-иар өндөр хэвээр байгаа юм.
Эх сурвалж: CNN

Хариулах