ДЭЛХИЙН МЭДЭЭ

Украины аюулгүй байдлын алба Оросыг дэмждэг байж болзошгүй Киевийн Үнэн алдартны сүмд нэгжлэг хийжээ

Украины аюулгүй байдлын алба (SBU) болон цагдаа нар Киевт байрладаг 1,000 жилийн настай үнэн алдартны шашны сүмийг Оросын тусгай албаныхан хорлон сүйтгэх ажиллагаа, тагнуул, зэвсэг хадгалах зорилгоор ашигладаг байж болзошгүй гэж сэжиглэн, нэгжлэг хийжээ.

Киев-Печерскийн Лавра христийн сүм нь 11-р зуунд байгуулагдсан бөгөөд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Украины соёлын үнэт баялаг юм. Өдгөө цогцолбор дотор Украины Үнэн алдартны сүм (UOC) байрладаг байна.

Тус сүм зургаан сарын өмнө Оросын үнэн алдартны сүмийн (ROC) харьяанд байсан ч Оросын патриарх Кирилл дайныг илт дэмжсэнээс болж Москвагаас салан тусгаарлаж, бие даасан сүм болж байв.

Гэвч Киев “UOC”-ийн зарим лам нарыг Москваг нууцаар дэмжиж, сүмд зочилдог хүмүүст нөлөөлөхийн тулд албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа аж.

Мөн Украины аюулгүй байдлын алба иргэд олноор цуглардаг газруудад халдлага үйлдэх, хорлон сүйтгэх ажиллагаа явуулах, барьцаалах эрсдэл нэмэгдсэн тул Оросын тусгай албаныхны хорлон сүйтгэх ажиллагааны эсрэг тагнуулын арга хэмжээ явуулж байгаагаа зарласан байна.

Энэ хүрээнд Украины аюулгүй байдлын алба мягмар гарагт олон тооны үнэн алдартны шашны сүмд нэвтэрч, нэгжлэг хийсний нэг нь Киев-Печерскийн Лавра сүм байжээ.

Долоо хоногийн өмнө Украины сүм дотор Оросыг дэмжигч суртал ухуулга бүхий дуу дуулж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж эхэлсэн аж.

Бичлэг цацагдсанаас хэдэн өдрийн дараа Украины төв хэсэгт орших Винница мужийн нэгэн тэргүүн ламыг Оросын түрэмгийллийг дэмжсэн утга агуулга бүхий суртал ухуулгын хуудас бэлтгэсэн гэх үндэслэлээр саатуулсан байна.

Оросын Үнэн алдартны сүмийн эсрэг уг дайралтыг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков болон Патриарх Кирилл нар буруушаажээ.

Оросын сүмийн тэргүүн Патриарх Кириллийг Ерөнхийлөгч Владимир Путиний ойрын холбоотон гэж олон нийт үздэг бөгөөд тэрээр Украин дахь Оросын түрэмгийллийг бүрэн дэмжиж ирсэн нэгэн юм.

Эх сурввалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet