БОЛОВСРОЛ

“Монтэ Роза” сургуулийн нэгдүгээр ангийн сурагч ангийнхаа хүүхдийг маажсаны улмаас хөөгджээ

“Монтэ Роза” сургуулийн сурагч М ангийнхаа хүүхдийг маажиж, гэмтээсэн учраас сургуулиасаа хөөгджээ.Тус сургууль нь Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулаад хоёр жил гаруй болж байгаа аж. Сургуулиасаа хөөгдсөн хүүг ангийнхаа хүүхдүүдэд удаа дараа муухай зан гаргаж харьцаж, гэмтээсэн учраас хөөсөн гэнэ. Энэ талаар түүний ээж Н.Халиунаас тодрууллаа. 

-Болсон үйл явдлын талаар тодорхой ярихгүй юү? 
-“Монтэ Роза” нь “Хүүхэд бүр онцгой” гэдэг уриатай, Швейцар, Германы боловсролын хөтөлбөртэй сургууль болохоор нь өнгөрсөн намар хүүхдээ оруулсан юм. Гэтэл хүү маань ангийнхаа хүүхдийг маажсаны улмаас арваннэгдүгээр сард сургуулиасаа хөөгдсөн. Маажуулдаг хүүгийн аав Г “Ийм хүүхэдтэй хүүхдээ нэг сургуульд сургаж чадахгүй” гэснээс нөхцөл байдал ийм дээрээ тулсан. Хүү маань сургуулиасаа хөөгдсөн гэдгээ мэдээд “Дахиж сургуульд явахгүй” гээд байгаа. Дөнгөж нэгдүгээр ангийн сурагч болоод, хөөгдчихөөр ямар хүүхэд л сургуульд явах дуртай байх билээ. Уг нь сургуулийнхаа шоо, таеквондогийн дугуйландаа их дуртай байсан. Хүүгийнхээ хичээлийн анхны жилд ийм дурсамж үлдээсэн болохоор манай гэр бүлийн хувьд үнэхээр сэтгэлийн хямралтай байгаа. Цаашдаа яах бол гэхээс үнэхээр санаа зовж байна. 

-Хүү нь өөр сургуульд орж чадсан уу?
-Хөөгдсөний дараа хэсэг өөр сургуульд оруулж чадахгүй байсан. Тэгээд арайхийж нэг жижигхэн хувийн сургуульд хүүгээ оруулсан. 

-Маажуулсан хүүхдэд ямар нэгэн сорви үлдсэн үү? 
-Сорви үлдээгүй. Маажуулсан хүүхдийн аав болох Г гэдэг хүнээс утсаар уучлалт гуйж, “Эмчилгээний зардлыг бүрэн төлнө” гэж хэлсэн. “Хүүхдээ арьсны эмнэлэгт үзүүлэх гэж байна” гэхээр нь “Бид яваад очъё. Эмчийн үзлэгийнх нь мөнгийг төлье. Шаардлагатай бүх эмчилгээг хийлгэнэ” гэж хэлэхэд маргааш сургууль дээр уулзъя” гэсэн. Гэтэл тэр хүн цахим орчинд миний хүүгийн нэрийг бичиж байгаад хүүхдийнхээ маажуулсан зургийг оруулсан. Үүнээс нь болж би түүнтэй маргалдсан юм. Ер нь олон нийтийн сүлжээнд ийм зүйл бичих нь ямар ч үр дагаварт хүргэж болзошгүй гэж ойлгуулахыг хичээсэн ч бүтээгүй.

Тэгээд тэр хүн сургуулийн удирдлагаас манай хүүг хөөхийг шаардсан. Харин сургуулийн захирал арваннэгдүгээр сарын 13-нд бидэн рүү утасдаж “Хүүг чинь сургуулиас хасаж байна” гэж мэдэгдсэн. Уг нь хөөгдөхийн өмнөх долоо хоногт сургуулийн захирал надтай уулзаж “Дахиад ийм хэрэг болбол хөөнө” гэж хэлсэн юм.  

-Хүүг нь хөөж байгаагаа сургуулиас зөвхөн утсаар мэдэгдсэн юм уу?  
-Тийм. Утсаар яриад “Хүүхдээ битгий авчраарай, бид дийлэхгүй юм байна. Хэрэг тарьсан хэвээрээ байна” гэсэн. Өмнөх өдөр нь ангийнх нь багш С манай хүүгийн хоёр эрэгтэй хүүхэдтэй заамдалцаж байгаа зургийг нь захиралдаа үзүүлсэн юм билээ. Надад ч бас үзүүлээд “Манай ангиас гарга” гэж хэлсэн. Миний хүү болохоор “Тэр хоёр намайг дандаа тэнэг гэдэг” гэж хэлсэн. Хүү маань хөөгдсөнөөс яг сарын дараа нэгэн ээж сая дурдсан заамдалцдаг хоёр хүүг “Ангийнхаа хүүхдүүдийг нэлээд дээрэлхдэг” гэдгийг ангийн эцэг, эхчүүдийн групп дээр хөндөж бичсэн юм. Тэр постны доор олон эцэг, эх ийм явдал болоод байгааг комментоор бичсэн.

Тэр асуудлыг гаргаж тавьсан ээжийг “Монтэ-Роза” сургуулийн захиргаа буруутгасан гэсэн. Бүр “Таны постноос болоод хөөгдсөн М сургуульдаа буцаж орох боломжтой болчихлоо. Та М-ийн ээжид давуу байдал үүсгэчихлээ” гэж хэлсэн байгаа юм. Би “Монтэ Роза” сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч болон багш нараас нь “Миний хүүхдийн гаргасан алдаа дутагдлыг дахин гаргуулахгүйн тулд хүүхэдтэй маань хэрхэн хамтарч ажилласнаа тайлганахыг хүссэн.

Гэтэл сургуулийн дэд захирал нь “Манайх улсын байгууллага биш учраас танд тайлагнах албагүй” гэж хариулсан. Сэтгэл зүйч нь миний хүүг “Сэтгэцийн эмгэгтэй” гэж хэлсэн гэдгийг би эцэг, эхчүүдээс сонссон. Миний хүүхэд ямар ч сэтгэцийн өөрчлөлтгүй. Би Хүний эрхийн үндэсний комисст (ХҮЭК)-т хандсан. ХҮЭК гомдлыг маань авч үзээд Боловсролын тухай хуулийн 44 дугаар зүйлийн 44.2-т зааснаар “Багш нь суралцагчдыг ялгаварлан гадуурхахгүй байх, нэр төрийг нь хүндэтгэн хамгаалах, мөн суралцагч бүрийн онцлогийг хүлээн зөвшөөрч, хүнлэг харьцах, өөрөө өөрийгөө хөгжүүлэх, бие хүн болж төлөвшихөд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй” бөгөөд “Монтэ Роза” сургуулийн багш, удирдлага энэ үүргээ биелүүлээгүй гэж үзсэн. 

-Энэ талаар мэргэжлийн байгууллагад хандсан уу? 
-Шүүхэд хандсан. Би энэ асуудлаар өөр олон байгууллага, хуульчдад хандсан. Тэр хүмүүсээс “Хууль эрх зүйн орчин хангалтгүй, нарийвчилсан зохицуулалт байхгүйгээс асуудал үүсэхэд хүүхэд, эцэг эхчүүд илүү хохирдог” гэдэг үгийг дахин дахин сонсдог. Мөн шаардлагатай газруудад дахин хандах болно. Хувийн сургуулиуд хүүхдийг мөнгө л гэж хардаг, хүүхдүүдэд боловсрол олгох үүрэг хүлээсэн хүмүүс гэдгээ мэддэггүй юм байна. 

-Сургалтын төлбөрийг нь буцааж олгосон уу?  
-Энэ сургууль жилийн 4-5 сая төгрөгийн төлбөртэй. Бид тодорхой хэмжээний хувийг нь төлчихсөн байсан. Төлсөн мөнгөө буцааж авах хүсэлт тавихад боломжгүй гэдэг хариулт өгсөн” гэв. Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс тус сургуулийн сургалтын менежер Р.Очир-Эрдэнэтэй холбогдсон юм. 

 “СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ НЬ БУЦААЖ ӨГӨХ БИШ, ХАРИН Ч МАНАЙ СУРГУУЛЬД ТӨЛБӨРИЙН ӨРТЭЙ”

“Монтэ Реза” сургуулийн сургалтын менежер Р.Очир-Эрдэнэ “Хүүг сургуулиас хөөсөн зүйл байхгүй. Удаа дараа ангийнхаа хүүхдүүдийг зодож, нэг хүүхдийг маажиж, гэмтээсэн учир бид сургалтын гэрээгээ цуцалсан. Манайх улсын байгууллага биш учраас албан бичиг хүргүүлэх шаардлагагүй гэж үзээд утсаар мэдэгдсэн. Үүнээс хойш хоёр хоногийн дараа М-ийн ээж сургуулиас өгсөн хүүхдийнхээ ном, дэвтрийг авчирч өгсөн. Сургуулиас өмнө нь анхааруулж, “Дараа дахиад ийм үйлдэл гаргавал гэрээгээ цуцална” гэж мэдэгдсэн байсан. Хүүгийн ээж сарын дараа өндөр үнэтэй хувийн сургуульд хүүхдээ оруулсан учир сургалтын төлбөрийн зөрүү мөнгө биднээс шаардсан. Бид сургалтын төлбөрийг нь буцааж өгөх биш, харин ч манай сургуульд төлбөрийн өртэй байгаа. Хоёр сар гаруй хугацаанд сурсан учраас нэмж 700 мянга гаруй төгрөг төлөх ёстой.

Сургуулиас М-ийг “Сэтгэцийн өөрчлөлтэй” гэж хэлээгүй. Энэ талаар цагдаагийн байгууллага шалгаад, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Манайхаас ямар нэгэн хууль зөрчсөн зүйл байхгүй. М хүү сахилгагүй, нэг удаа таеквондогийн дугуйлангаасаа хөөгдөж байсан” гэдэг тайлбарыг өглөө. 
Дүрсгүй, сахилгагүй учраас гэрээгээ цуцалсан өөр ямар ч асуудал байхгүй. Тэр хүү дахиад сургуульд сурах эсэх нь манайд хамаагүй гэх тайлбарыг сургуулийн зүгээс өглөө. Хэдийгээр хувийн хэвшлийн байгууллага ч гэсэн үүрэг, хариуцлага гэдэг зүйл баймаар. Хэдийгээр бусад хүүхдийг маажиж, гэмтээсэн ч хүүхэд сурч боловсрох эрхтэй. Дөнгөж сургуулийн босго алхсан хүү сэтгэлдээ насан туршдаа “сорви”-той үлдэх нь ээ.   

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet