Монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн салшгүй хэсэг болсон адууны соёлын өвийг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх ажил Завхан аймагт тогтвортой хэрэгжиж байна.

Хурдан хүлэг, уяачийн эрдэм, адуу маллах ёс заншил, арга ухааныг өнөөдөр 600 орчим өвлөн уламжлагч хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээж байна.
Аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын мэдээлснээр, адуу маллах арга ухаан, морь шинжих уламжлалт мэдлэг, гийнгоолох урлаг, морь цоллох ёс, адууны тоног хэрэгсэл урлах арга барил зэрэг соёлын биет бус өвийг орон нутагт идэвхтэй өвлөн уламжлуулж, түгээн дэлгэрүүлж байна.
Адууны өв соёлыг аялал жуулчлалтай уялдуулан хөгжүүлж байна
Завхан аймаг адууны өв соёлыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлэхэд онцгой анхаарч байгаа юм.
Энэ хүрээнд “Монгол адууны өв соёл” үзэсгэлэн, “Түмэн адууны баяр”-ыг жил бүр зохион байгуулж, дотоод, гадаадын жуулчдад адуутай холбоотой ахуй соёл, зан заншлыг сурталчилж байна. Мөн Улиастай хот болон сумдын соёлын төвүүдэд адуучны өдөр тутмын хэрэглээ, морин тоног хэрэгсэл, уламжлалт зан үйл, уяачдын түүхийг харуулсан үзэсгэлэнг тогтмол дэлгэн үзүүлж байна.
Тэсийн адууны удмын санг хамгаалж байна
Завхан аймаг нь Монголын хурдан морины алдарт удмын нэг болох Тэсийн адуугаар улс даяар танигдсан нутаг. Тэр дундаа Тэс, Цэцэн-Уул сумын уяачид улсын болон бүсийн наадмуудад олон жил хурдан хүлгээ сойж, өндөр амжилт үзүүлж иржээ.
Нутгийн уяачид, мал зүйчид хамтран Тэс голын сав газрын унаган адууны удмын санг хамгаалах, галшар угсааны адуутай эрлийзжүүлэн чанарыг сайжруулах чиглэлээр ажиллаж байна.
“Монгол адуучид бол адуутай холбоотой цогц өв соёлын гол өвлөн тээгчид юм. Адууны соёл нь зөвхөн уралдаан, наадам төдийгүй ахуй амьдрал, урлаг, зан заншил, уламжлалт мэдлэгийн иж бүрэн тогтолцоо юм” хэмээн аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын мэргэжилтнүүд онцолж байна.
Уламжлалт тоног хэрэгслийн үйлдвэрлэлийг сэргээх шаардлага бий
Завхан аймагт адууны тоног хэрэгсэл урлах уламжлалт арга барилыг сэргээн хөгжүүлэх асуудалд анхаарал хандуулж байна. Өмнө нь нутгийн иргэд арьс ширээ боловсруулж, сур элдэн хазаар, ногт, чөдөр, тушаа зэрэг хэрэгцээт эдлэлээ өөрсдөө үйлдвэрлэдэг байжээ.
Сүүлийн жилүүдэд импортын нийлэг материалын хэрэглээ нэмэгдсэнээр уламжлалт сур боловсруулах арга технологи мартагдах эрсдэлтэй болоод байна. Тиймээс арьс шир боловсруулах жижиг үйлдвэрлэлийг дэмжихийн зэрэгцээ үндэсний уламжлалт тоног хэрэгслийн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх шаардлагатай байгааг нутгийн иргэд хэлж байна.
Өвлөн уламжлагчдын тоо нэмэгдэж байна
Сүүлийн жилүүдэд Завхан аймагт соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг бүртгэн баримтжуулах ажил эрчимжиж байна. Тухайлбал, 2019 онд аймгийн 22 сумаас 292 өвлөн уламжлагч бүртгэгдэж байсан бол өнөөдөр энэ тоо хоёр дахин нэмэгдэж, 600 орчимд хүрчээ.
Монгол Улсын хэмжээнд соёлын биет бус өвийн бүртгэл, хамгааллын үйл ажиллагааг тогтмол шинэчилж байгаа бөгөөд адуу маллах уламжлалт мэдлэг, мал эмнэлгийн арга ухаан, нүүдлийн ахуйтай холбоотой зан үйл зэрэг адуутай холбоотой өвүүд үндэсний бүртгэлд багтдаг байна. Ийнхүү өвлөн уламжлагчдын тоо өсөж байгаа нь уламжлалт мэдлэг, ур чадварыг хадгалан хамгаалах үйлс өргөжин тэлж буйн илрэл болж байна.
Адуучдын өлгий нутаг хэвээр байна

Завхан аймаг мал аж ахуйн уламжлалт үйлдвэрлэлээрээ улсдаа тэргүүлэх бүс нутгийн нэг бөгөөд 2025 оны жилийн эцсийн мал тооллогоор 3 сая гаруй толгой малтайгаас 271.5 мянга гаруй нь адуу байна.
Аймгийн хэмжээнд адуу маллах уламжлалт мэдлэг, арга ухааныг үе дамжуулан өвлүүлсэн олон адуучин, тэргүүний малчид ажиллаж байгаа юм. Ялангуяа Тэс, Алдархаан, Эрдэнэхайрхан, Тосонцэнгэл сумын малчид адууны үүлдэр угсааг сайжруулж, сүргээ өсгөн үржүүлэхийн зэрэгцээ хурдан морь уях, сойх уламжлалт эрдмийг өвлүүлэн хөгжүүлж, улс, аймагтаа нэр хүндтэй адуучдыг төрүүлсээр иржээ.
Адуучдын уламжлалт мэдлэг, ур чадварыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Адуучин” тэмцээн болон морьтой саад сүлжих уралдааныг тогтмол зохион байгуулж байна. Тус тэмцээнүүдэд адуу маллах арга туршлага, эмнэг сургах, морь уургалах, тоног хэрэгсэл ашиглах чадвар, морьтон хүний ур дүйг сорьдог. Ялангуяа Тэлмэн сумын адуучид морьтой саад сүлжих ур чадвараараа аймагтаа тогтмол амжилт гаргаж, тэргүүн байруудад шалгарч байна.

Адууны соёлтой холбоотой уламжлалт мэдлэг, зан үйл, ур чадвар нь монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн үнэт өвийн нэг юм. Иймээс энэхүү өвийг өвлөн тээгчдээ дэмжих, залуу үеийг сурган бэлтгэх, уламжлалт мэдлэгийг хадгалан хамгаалж хөгжүүлэх чиглэлээр Завхан аймагт хэрэгжүүлж буй ажил цаашид ч үргэлжилнэ.
Гэрэл зургуудыг Н.Сүхбат

#ЗАВХАН, #Адууны өв соёл,