СОЁЛ УРЛАГ

Н.Сувд: Хүний зургаан мэдрэхүйг зэрэг ажиллуулдаг урлаг бол бүжиг юм

Одоо танилцуулах гэж байгаа эрхэмтэй хэдэн сарын өмнө уулзаж ярилцана хэмээн бодож байсан ч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан биелээгүй юм. Ардын бүжгийн тулааныг анхлан зохион байгуулахад оролцсоноор нь залуус андахгүй. Бүжиг дэглээч, “Suvd dance” студийн багшаар ажилладаг түүнийг энэ удаа ярилцлагын зочноор урилаа. Хүүхэд залуусыг монгол бүжгийн урлагт дурлуулж буй түүнийг Н.Сувд гэдэг. Саяхан тэрбээр Оросын шинжлэх ухаан, соёлын төвтэй хамтран ажиллахаар болсон юм.

-Таны оролцсон монгол бүжгийн тулаан үнэхээр сонирхолтой байсан. Бас тэр үед америкчууд гудамжны бүжгээрээ өрсөлддөг шиг бид ч гэсэн монгол бүжгийн тулааныг зохион байгуулж болох юм байна гэсэн бодол төрж байлаа?

-“Natur dance”продакшнаас таны ярьсан монгол бүжгийн тулааныг анх зохион байгуулж байсан юм. Миний анхны тулаанд оролцсон бичлэг цахимаар цацагдсаны дараа хүмүүс их хандсан. Монгол бүжгийн тулаанд анх юу ч мэдэхгүй сонирхож очсон. Нэг минутын дотор хөгжмөө сонсоод бүжиглэх даалгавар авч байв. Эхний тулаанаар би дотроо байгаа зүйлээ бүгдийг нь гаргаж чадсан. Амжилттай оролцож хоёрдугаар байрт шалгарсан. Харин Цагдаагийн “Сүлд” чуулгын бүжиг дэглээч Ё.Дамчаабадгар тухайн үед тэргүүн байр эзэлж байсан юм. Хэсэг хугацааны дараа хоёрдугаар тулааныг зохион байгуулахад би очиж чадаагүй ч дараагийнхад нь оролцоод түрүүлсэн.

-Бүжгийн тулааныг үзэхэд ардын бүжгээс гадна сонгодог, контемпорари бүжиг ч харагдсан. Тухайн үед та мэргэжлийн сургуульд сурч байсан уу эсвэл цэвэр мэдрэмжээрээ бүжгийн тулаанд оролцсон уу?

-Би өнгөрсөн оны сүүлээр магистрын зэргээ хамгаалж, бүжиг дэглээч болсон. Харин бүжгийн тулаан СУИС-д сураад бакалавраа хамгаалчихсан үед таарсан. Магистрын зэргээ хамгаалахаар суралцаж байхдаа бүжгийн тулаанд оролцсон гэсэн үг. Миний хувьд өөрийгөө сорих хүсэлтэй, идэвхтэй байх үед монгол бүжгийн тулаан болсон. Тухайн үед “Монгол бүжгийг ингэж олон нийтэд хүргэж хөгжүүлбэл гоё юм биш үү” гэсэн санал сэтгэгдэл ирж, энэ нь миний хувьд цаашид хийж бүтээхэд урам болсон юм. Залууст язгуур бий биелгээг заахад тухайн уед нь сурчихаад хөгжүүлэлгүй орхидог. Гэтэл тайзны монгол бүжиг болгоод эсвэл гадаад аялгуун дээр яагаад монгол бүжгээ бүжиглэж болохгүй гэж гэсэн бодол төрсөн. Хэрвээ монгол бүжгийг гадаадын аялгуун дээр бүжиглэвэл гаднын хүмүүсийн ч сонирхлыг татна. Энэ бодлоороо “Dance monkey” дууны аялгуун дээр монгол бүжгээ чөлөөт стильтэй хослуулан бүжиг дэглэж бүжиглэсэн. Энэ дэглэлт маань хүмүүсийн анхаарлыг их татсан. Үүнээс сэдэл санаа авч орчин үеийн дууны аялгуун дээр монгол бүжгийг бүжиглэж болох юм байна гэсэн бодол төрсөн. Миний тэдгээр бичлэгүүдийг маань үзээд Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал үзээд надтай холбогдоод “Чиний энэ бүжгийн стиль их таалагдаж байна. Цаашид хамтран ажиллая” гэсэн санал тавьсан. Үүний дагуу би бүжгийн студиэ Оросын шинжлэх ухаан, соёлын төвд нээгээд удаагүй байна.

сонин mn

-Хоёр орны хамтын ажиллагааны шинэ зуун эхэлж байгаа энэ үед Оросын шинжлэх ухаан, соёлын төвөөс санал тавьжээ. Магадгүй энэ үйл явдал таны хувьд монгол бүжгийг хөгжүүлэх том боломж болох байх?

-Цаашид гадаад дууны сонголтод илүү анхаарна. Саяхан орос дууны аялгуун дээр бүжиг дэлгэсэн нь амжилттай болсон. Энэ ажлаа цаашид илүү хөгжүүлэх бодолтой байна. Манай бүжгийн студид 5-18 насны хүүхдүүд суралцдаг. Манайх мөн мэргэжлийн ангитай. Тэднийгээ сайн бэлтгээд бүжгийн уралдаан тэмцээнд оролцуулах бодолтой байна. Ялангуяа Орос улсад зохион байгуулах бүжгийн урапдаанд оролцуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд орос бүжгийг монголын ардын бүжигтэй хэрхэн уялдуулах талаар бодож, судалжбайна.

-Сонирхон асуухад, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн ангид орос хүүхдүүд хичээллэж байгаа юу?

-Монголд суугаа оросууд хүүхдүүдээ монгол бүжгээр хичээллүүлж байна. Тэр төвд хичээллэгсдийн 30 хувь орос, үлдсэн нь орос хэлтэй монгол хүүхдүүд бий.

-Одоо хувь уран бүтээлчийн хувьд асууя. Танд аль нэг урлагийн байгууллагад харьяалагдан ажиллах бодол бий юү. Эсвэл хувиараа ажиллахаар төлөвлөж байна уу?

-Ер нь хувиараа ажиллах төлөвлөгөөтэй. Үүний тулд хүүхдүүдтэйгээ сайн ажиллана. Сургалтаас олсон орлогоороо өөрийгөө хөгжүүлж, зорьсон зүйлээ биелүүлэхийн төлөө хичээх болно. Цаашид хүүхдүүдтэйгээ томоохон уралдаан тэмцээнд оролцохоор төлөвлөж байна.

сонин mn

-Бүжиг дэглээчийн хувьд ямар нэгэн зүйлийг туршихаар бэлтгэж байна уу?

-Орос ардын бүжгийг монгол үндэсний бүжигтэй хослуулах нь миний ойрын зорилго. Орос бүжиг хөлийн хурдтай хөдөлгөөнтэй. Тиймээс үүнд түлхүү анхаарч ажиллах хэрэгтэй байгаа юм. Манай студи бүжгийн урлаг тэр дундаа тайзны монгол бүжгийг хүүхдүүдэд түлхүү заадаг. Мэдээж балетын дасгалгүйгээр тайзны монгол бүжгийг төсөөлөхийн аргагүй. Бапетын дасгалыг тайзны монгол бүжигтэй хамтад нь авч явдаг гэж ойлгож болно.

-Хэдийгээр мэргэжлийн бүжигчин болохгүй ч монгол бүжгээр хичээллэх нь олон давуу талыг бий болгодог?

-Тэгэлгүй яах вэ. Эрт дээр үеэс бид гэрээсээ тойроод биелдэг байсан. 

Монгол бүжгийн хамгийн гол онцлог нь хөлийн хөдөлгөөн багатай. Яагаад гэвэл, бид монгол гэртээ тойроод суудаг, бүжиглэдэг. Энэ онцлогоороо бүжигчид суудал дээрээ биелдэг. Ихэвчлэн бэлхүүснээс дээшээ хавирга, цээж, мөр, дал, тохойноос хуруу үзүүр хүртэл хөдөлж, биелдэг. Хавирга далны хөдөлгөөн хоршоод эхлэхээр хүний дотор эрхтнүүдийн цусны эргэлтийг сайжруулдаг. 

Монгол бүжгээр хичээллэж байгаа хүн хөөрч, хөшдөггүй. Хагас сууж, сууж бүжиглэдэг болохоор нурууны булчингууд хөгждөг. Мөн дал хавирганы хөдөлгөөн хийснээр уян хатан чанарыг сайжруулдаг. Энэ мэтээр хэсэгчлэн тайлбарлавал багагүй хугацаа зарцуулна. Хамгийн товч бөгөөд тодорхойгоор хэлбэл монгол бүжиг нь эрүүл мэндийн бүжиг юм. Тиймээс эмч мэргэжилтнүүдийг монгол бүжгийг хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг судлаасай гэж хүсдэг юм.

-Та яриандаа тайзны монгол бүжиг гэж ярьж байна. Энэ нь язгуур бий биелгээнээс юугаараа ялгаатай юм бэ?

-Язгуур бий биелгээ гэдэг бол яг унаган төрхөөрөө байгаа өвөөс өвд уламжилсан хөдөлгөөнөөрөө байгаа биелгээг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өвөө, эмээгээс уламжлан авч заалгасан бүжиг бол язгуур бий биелгээ. Харин тайзны монгол бүжиг бол илүү уран сайхны, дэглэлттэй байдаг. Тиймээс язгуур бий биелгээг мэргэжлийн ангид эхэлж заадаг. Бүжгийн урлаг хүнийг олон талаар хөгжүүлдэг.

Хүний зургаан мэдэрхүйг зэрэг ажиллуулдаг урлаг бол бүжиг юм.

-Сургалтад хамрагдаж байгаа хүүхдүүдтэйгээ хамтран flash mob хийх бодол байна уу?

-Ойрын хугацаанд төлөвлөсөн зүйл алга. Цаг үеийн байдлаас шалтгаалан олон хүн нэг дор цуглуулах боломжгүй байна. Гэхдээ бодсон зүйл бий. Монгол бүжгээ сурталчлахын зэрэгцээ олон нийтийг хамруулсан бий биелгээтэй үдэшлэгийг зохион байгуулна.

-Та бүжигчин болох мөрөөдлөө Солонгосын Чежү арал дээр олж түүний дараа тууштай хичээллэсэн. Юу таныг урлагийн хүн болоход нөлөөлсөн юм бэ?

-Би 14 настайдаа Чежү арал дээр очоод дөрвөн жил морин цирк, агаарын туузтай үзүүлбэр үзүүлсэн. Ер нь миний бүжгийн суурийг циркийн урлаг тавьж өгсөн. Тэсвэр хатуужилтай байх, цаг барих зэргийг сурсан. Тиймээс багш нартаа их баярлаж явдаг юм. Би циркэд байхдаа бөөгийн бүжиг хийдэг байсан. Тэр үед бүжгээр хичээллэх бодол төрж, Монголд ирээд СУИС-д сурсан.

Б.Сийлэн

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet