Ц.ШАРАВЖАМЦ: Токио олимпоос медаль хүртсэн дөрвөн тамирчинд мөнгөн шагнал, урамшуулал, орон сууц адил тэгш олгогдоно
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны зургадугаар сарын 13-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” 173 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Олон улсын олимпын хорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам”-ыг баталсан байдаг.
Тус журмын 2.1 дэх заалтын “Тамирчинд олгох мөнгөн шагналын хэмжээ” гэсэн хэсэгт олимпын наадмын алтан медальд 120 сая төгрөг, мөнгөн медальд 60.0 сая төгрөг, хүрэл медальд 30.0 сая төгрөгийг тус тус олгохоор заасан байдаг. Журмын 3.1 дэх заалтад дасгалжуулагчид олгох мөнгөн шагналын хэмжээг “… тамирчинд олгох мөнгөн шагналын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагналыг олгоно” гэсэн заалттай.
Мөн журмын 4.1 дэх заалтаар олимпын наадмаас алтан медаль авсан тамирчинд 4.0 сая төгрөг, мөнгөн медаль авсан тамирчинд 3.0 сая төгрөг, хүрэл медаль авсан тамирчинд 2.0 сая төгрөгийн мөнгөн урамшууллыг сар бүр олгохоор зааж, 5.5 дахь заалтын дагуу сар бүрийн урамшуулал нь ирэх оны 2022 оны 1 -р сараас эхлэх олгохоор заасан байдаг. Өөрөөр хэлбэл журмын дагуу “Токио-2020” олимпын наадмаас медаль хүртсэн манай 4 тамирчинд сар бүрийн урамшуулал нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгогдоно.
Одоогийн байдлаар “Токио 2020” зуны олимпын наадмаас медаль авсан 4 тамирчин, түүний дасгалжуулагчид ногдох нэг удаагийн мөнгөн шагналд шаардагдах 225.0 сая төгрөгийг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын “Мөнгөн шагнал олгох тухай” А/234 тушаал гарч, олгоход бэлэн болоод байна гэж БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц мэдээллээ.
Мөн олимпод амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа цар тахлын үеийн журмын дагуу Токио хотоос хамгийн сүүлд ирсэн баг тамирчдын 14 хоногийн тусгаарлалт дууссаны дараа буюу 2021.08.25-ны өдрийн 10.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, мөн өдрийн 12.30 цагт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар хүлээн авч уулзахаар товложээ.
“Токио 2020” зуны XXXII олимпын наадамд оролцсон баг тамирчдаас, Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд Ц.Цогтбаатар нар хүрэл медаль, эрэгтэйчүүдийн 81 кг-ийн жинд Саеид Моллай мөнгөн медаль, Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-н жинд Б.Болортуяа хүрэл медаль тус тус хүртсэн.
Мөн Хүндийн өргөлтийн 87 кг-ийн жинд М.Анхцэцэг, Жүдо бөхийн 66 кг-ийн жинд барилдсан Ё.Басхүү, Боксын 57 кг-ийн жинд Э.Цэндбаатар, Чөлөөт бөхийн 65кг-д С.Батцэцэг, 57кг-д Б.Хонгорзул, 50кг-д Ц.Намуунцэцэг, М.Лхагвагэрэл нар тус тус шагналт байруудад шалгарч, Монгол улсын баг тамирчид багийн дүнгээр 206 орноос 71 дүгээр байрт шалгарсан байгаа.

Хариулах