Ухань хотын бүх иргэд ковидын шинжилгээнд хамрагдахаар боллоо

Хятадын 11 сая хүн амтай Ухань хотод цөөн тооны коронавирусын халдвар батлагдсаны дараа эрх баригчид нь нийт хүн амаа шинжилгээнд хамруулахаар боллоо. Ухань хотод зөөвөрлөж ирсэн долоон тохиолдлыг бүртгэсэн нь сүүлийн нэг жил гаруйн хугацаанд халдвар гарсан анхны тохиолдол болжээ.
Ухань хотын дээрх мэдэгдэлтэй зэрэгцэн мягмар гарагт Хятад улс 90 шинэ тохиолдол бүртгэснийг Эрүүл мэндийн үндэсний комисс мэдээлжээ. Хятадад одоогоор сүүлийн хэдэн сарын хугацаанд гарсан хамгийн том дэгдэлтийн нэг ажиглагдаж байгаа бөгөөд 15 орчим мужид 10 хоногийн дотор 300 тохиолдол илэрчээ. Улмаар олон нийтэд шинжилгээ хийх арга хэмжээ, хөл хорих хязгаарлалтыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Эрх баригчид вирусийн тархалтыг халдварлах өндөр чадвартай “делта” хувилбар болон дотоодын аялал жуулчлалын улиралтай холбон тайлбарласан.
Хятад улс хилийн бүсүүдэдээ вирусийн эсрэг арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж байгаа хэдий ч Наньжин хотын хөл хөдөлгөөн ихтэй нисэх онгоцны буудлын ажилчдын дунд анхны халдвар илэрсэн байна.
Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд Хунан мужийн аялал жуулчлалын алдартай газар Жанжяжиэд олон тохиолдол бүртгэгджээ. Наньжинаас ирсэн аялагчдаас халдвар тархсан гэж таамаглаж байгаа бөгөөд эрүүл мэндийн ажилтнууд Жанжяажие хотын театрт тоглолт үзээд дараа нь Наньжин руу буцсан 5000 орчим хүнийг олж тогтоохоор ажиллаж байна.
Шинэ дэгдэлт нийслэл Бээжинд хүрч, тус хотод орон нутгаас халдвар авсан хэд хэдэн тохиолдол бүртгэгджээ.
Эх сурвалж: BBC

Хариулах