Тэрбумтан Жефф Безос НАСА-д хоёр тэрбум доллар санал болголоо

Тэрбумтан бизнесмен Жефф Безос сансрын нисгэгчдийг саран дээр буулгах зориулалттай сансрын хөлөг хийх гэрээг “Blue Origin” компанитай нь байгуулбал АНУ-ын сансрын агентлаг болох НАСА-гийн хоёр тэрбум хүртэлх долларын зардлыг нөхөх саналыг тавьжээ.
Дөрөвдүгээр сард НАСА 2024 онд сансрын нисгэгчдийг сарны гадаргуу дээр буулгах системийг бүтээх гэрээнд Безосын “Blue Origin” болон “Dynetics” компаниудын саналыг хүлээж авалгүйгээр, 2.9 тэрбум долларын гэрээг Илон Маскийн “SpaceX”-д олгосон юм.
“SpaceX” фирмийн өмнө нь тойрог замд ниссэн туршлага болон бусад хүчин зүйлийг үндэслэн шийдвэрээ гаргасан гэж Наса мэдэгдсэн. Үүнд “SpaceX”-ийн санал хамгийн хямд дүнтэй байсан нь мөн нөлөөлсөн хэмээн таамаглаж байгаа аж.
НАСА-гийн сансрын эрэл хайгуулын албаны дарга Кэти Людерс одоогийн төсөв хоёр компани сонгоход саад болж байгааг хүлээн зөвшөөрсөн бөгөөд НАСА саран дээр газардах хөлөг хийх зорилгоор Конгрессоос 3.3 тэрбум долларын төсөв хүссэн ч ердөө 850 саяыг нь авсан байна.
НАСА 1972 онд “Аполлон 17”-г хөөргөснөөс хойш анх удаа Артемис програмын хүрээнд сарны гадаргуу руу сансрын нисгэгчдийг илгээхээр бэлдэж байгаа нь энэ юм.
Эх сурвалж: BBC

Хариулах