Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2024.04.18) үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Ажлын хэсгээс боловсруулан Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн зарчмын зөрүүтэй 38 саналын томъёолоор санал хураав. Эхний санал болох орлого төвлөрүүлэгч хуулийн этгээдийн харьяанд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхай, ашигт малтмал боловсруулах үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байхын зэрэгцээ авто зам, төмөр замын дэд бүтцийн хуудийн этгээдийг нэмж оруулах саналыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал горимын санал гаргасны дагуу гүйцээн боловсруулах чиглэл өгөв. Мөн хуулийн төсөлд, Хуримтлалын болон Хөгжлийн сангийн мөнгөн хөрөнгийг төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулахаар заасныг Монголбанк дахь төрийн сангийн дансанд байршуулахаар өөрчлөх Ажлын хэсгийн саналыг гүйцээн боловсруулах чиглэл өглөө.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруудах тухай хуулийн төсөлд, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашигласан тохиолдолд тухайн хуулийн этгээдийн хувьцааны 50 хүртэлх хувийг, улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг тус тус төр үнэ төлбөргүй эзэмшиж болохоор заасныг болон үүнтэй холбоотой заалтуудыг гүйцээн боловсруулах чиглэл өгч, Эдийн засгийн байнгын хороонд буцаав. Бусад зарчмын зөрүүтэй саналуудыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

"Үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг батлав

Дараа нь “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийн талаарх Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Б.Баттөмөр танилцуулав.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд үндэсний хөтөлбөр баталж хэрэгжүүлнэ гэж заасны дагуу уг хөтөлбөр болон Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулагдсан юм. Улсын Их Хурлын даргын 2023 оны 209 дүгээр захирамжаар байгуулагдсан тус Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Б.Баярсайхан, Б.Бейсен, Н.Энхболд нар ажиллаж байна. Ажлын хэсэгт Төрийн албаны зөвлөл, Ёс зүйн хороо, Улсын Их Хурлын Тамгын газар, Хүний эрхийн комисс, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Эдийн засаг, хөгжлийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Монгол Улсын Их Сургууль, Удирдлагын академи, Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэн зэрэг байгууллага мэргэжил, арга зүйн дэмжлэн үзүүлсэн байна. Үндэсний хөтөлбөрийн төслийг Ёс зүйн хороо болон Төрийн албаны зөвлөл, Улсын Их Хурлын Тамгын газрын дэмжлэгтэйгээр www.csc.gov.mnhttps://d.parliament.mn/ цахим талбаруудад байршуулж, иргэд, олон нийтийн саналыг авчээ. Мөн Төрийн албаны зөвлөлөөс 2800 гаруй төрийн албан хаагчийг оролцуулан цахим хэлэлцүүлэг зохион байгуулж, Үндэсний хөтөлбөрийн төслийг хэлэлцүүлсэн бөгөөд яам, агентлагийн удирдах албан тушаалтнууд, иргэний нийгэм, судалгааны байгууллага, төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлөөллийг оролцуулсан уулзалт хэлэлцүүлгийг долоон удаа зохион байгуулж, төрийн, төрийн бус нийт 45 байгууллагаас 520 гаруй санал ирүүлснийг нэгтгэн тусгаж, эцэслэн боловсруулсан байна.

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, төрийн албаны цахим бүртгэлд хэдэн төрлийн үйлчилгээ бүртгэгдсэн болон төрийн албаны шуурхай байдлыг хангах чиглэлээр цаашид хэрэгжүүлэх бодлогын талаар, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, төрийн албан хаагчдыг цахим бүртгэлд хамруулж дараагийн асуудлыг шийдвэрлэдэг байх талаар, Улсын Их Хурлын гишүүн Бнхбаяр, хөтөлбөрийн төсөлд тусгасан төрийн албан хаагч гэдэг захиргааны болон тусгай албан хаагчаас гадна улс төрийн албан хаагчийг хамруулсан эсэх талаар асуулт асууж, санал гаргасныг төсөлд тусгахаар тогтсон хэмээн Байнгын хорооны дарга Б.Баттөмөр танилцуулгадаа дурдлаа. Тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа асуулт асууж, үг хэлсэн юм. Тэрбээр, өнгөрсөн гурван хоногт болж өнгөрсөн эмийн үнийн өсөлтийн талаар нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголоор тус салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчид хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авилгатай тэмцэх газарт өгдөг боловч шийдвэрлэдэггүй, ашиг сонирхлын зөрчил нь илэрхий байсан ч төрийн албанд оруулж ажиллуулдаг зэрэг баримтууд яригдсан тухай дурдаад, хуулийн хэрэгжилтийг сайжруулах талаар хэрхэн ажиллах, энэ мэт зөрчлийг эцэс болгох чиглэлээр төрийн албан хаагчийн ёс зүйн Үндэсний хөтөлбөрт хэрхэн туссан тухай асуулт тавив. Мөн, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлэх шаардлага юу байгаа талаар асууж, хариулт авсан юм.

Ажлын хэсгийн гишүүн, Ёс зүйн хорооны гишүүн бөгөөд Авилгатай тэмцэх газрын Авилгатай тэмцэх Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх хэлтсийн албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн түүний асуултад хариулахдаа, төрийн албан хаагчдын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг Авилгатай тэмцэх газар авч,  зөрчил тогтоогдож байгаа эсэх, эсвэл тухай салбарт ажиллахад цаашид ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй эсэх талаар хянан дүгнэлт гаргадаг. Хэрэв илт ашиг сонирхлын зөрчил тогтоогдвол албан хаагчийг тухайн ажилд томилох ёсгүй. Тус салбарт ажиллахад тухайн хүнд цаашид ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй гэж үзсэн тохиолдолд тайлбар, мэдэгдэл гаргуулж, шаардлагтай бол тухайн ажлаас түдгэлзүүлэх учиртай гэсэн хариулт өгөв. Мөн тэрбээр, Монгл Улсын төрийн албан хаагчдын ёс зүйн асуудлаар Удирдлагын академиас гурван удаагийн судалгаа хийсэн тухай танилцуулж, эдгээр судалгаагаар төрийн албан хаагчдын ёс зүйн байдал хангалттэй түвшинд дүгнэгдээгүй гэлээ. Төрийн албан хаагчдын ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил өнөөдөр сургалт төдийхнөөр хязгаарлагдаж байгааг тэрбээр онцолсон юм.

Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг төрийн албан хаагч томоохон ёс зүйн зөрчил гаргах тохиолдолд эрх мэдэлд нь цэг тавьж чаддаг байх, зөрчил гаргахгүй байх тал дээр нь шалгуурыг нь өндөр тавих шаардлагатай гээд, эмийн үнийн өсөлтийн асуудлаарх сонсгол дээр яригдсан нотлох баримтуудыг харж байхад тус салбарт төрийн зохицуулалт маш их байгаа атлаа ашиг сонирхлын зөрчил, далд бизнес асар их цэцэглэж, аалзны тор шиг бүрхчихсэн байгаа нь харагдсан гэсэн юм. Улсын Их Хурлаас төсөв, зардлыг нь жил дараалан нэмээд байхад энэ маань ард, иргэдийн санхүүгийн ачааллыг бууруулах ёстой байтал өөр замаар урсаж алга болоод байгаа нь бас л төрийн албан хаагчдын ёс зүй, шударга байдал хангалтгүй байгаатай холбоотой хэмээн тэрбээр дурдаж, үүнийг таслан зогсоох ёстой гэв. Мөн ёс зүйн зөрчлийг шийдвэрлэх шийдвэрлэлт нь шударга, зөв байх ёстойг онцоллоо.

Санал хураалт явуулахад “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах тухай Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр тогтоол батлагдлаа.

Уламжлалт мал аж ахуйн талаарх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслүүдийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням танилцуулсан юм. Тус Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Ажлын хэсгээс уур амьсгалын өөрчлөлт гамшгийн эрсдэлийг урьдчилан тооцох, бууруулах үйл ажиллагааны үндэсний чадавхыг бэхжүүлэх, төсөвт зохицуулалт хийсэн тухай бүр Улсын Их Хуралд танилцуулах, малын гаралтай түүхий эдийн анхан шатын ангилалт, тордолт хийж боловсруулалтыг нэмэгдүүлэх, стандарт техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх малын тоо толгойг бэлчээрийн даацад тохируулан зохистой хэмжээнд байлгах, даацаас хэтэрсэн малыг эдийн засгийн эргэлтэд оруулах төлөвлөгөөг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн баталж, үе шаттай хэрэгжүүлэх зэрэг саналыг төсөлд нэмж тусгах зэрэг зарчмын болон найруулгын шинжтэй 13 санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Түүнчлэн, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг хуулийн төслийн тавдугаар зүйл болон долдугаар зүйлтэй холбогдуулан хоёр санал, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан нэг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Г.Ганболд нар Байнгын хорооны хуралдааны үеэр хуулийн төсөл болон зарчмын зөрөөтэй саналын томьёололтой холбогдуулан асуулт асууж, хариулт авсан талаар Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням танилцуулгадаа дурдаад, Байнгын хорооны хуралдаанаар зарчмын зөрүүтэй саналын томьёоллийг нэг бүрчлэн хэлэлцэж, санал хураалт явуулсан гэлээ.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Д,Тогтохсүрэн, Д.Ганбат, Б.Бат-Эрдэнэ, С.Чинзориг, О.Цогтгэрэл, Ц.Идэрбат нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь хөдөө, орон нутагт малчдын аж байдал, өвөлжилт, хаваржилтын үр дагавар ямар байгааг сануулж, хуулийн төсөлд малчдад хэрэгтэй, тэдний амьдралд дэм тус болох зүйл байхгүй байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр, малчны эрх, үүргийг тодорхойлсон төслийн есдүгээр зүйлийг эшилж, мал аж ахуйн тогтвортой үйлдвэрлэл явуулсан байна, чанар, бүтээмжийг нэмэгдүүлсэн байна, өөрөө мэдлэг, мэргэжлээ дээшлүүлсэн байна, ингэж байж зээл, санхүүжилт өгнө гэнэ. Энэ үүргээ биелүүлээгүй бол хууль зөрчсөнд тооцож, Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэсэн нь харин ч малчдыг айлгаж, дарамталсан хууль болохоор байна гэж үзэж байгаагаа хэлэв. Мөн, орон нутагт ажиллаж байхад малчид, бидний гамшиг, зудын хохирлыг нэг удаа төлөөд өгчих, мөн махны үнийг унагаж, хог болгохгүй байлгаад өгвөл төрөөс юу ч гуйхгүй амьдарч чадна гэсэн хүсэлт тавьж байна гээд, өөрсдөө амьдарч чадна гээд байхад нь та нар чадахгүй, заавал хоршоолол бол, тэгвэл зээл өгнө, дэмжинэ гэж зүтгүүлэх нь буруу гэв. Тэрбээр энэ хуулийн төслийг Засгийн газар татаж авах нь зүйтэй гэв.

Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, мал аж ахуйн салбараа цаашид яаж хөгжүүлэх, хэрхэн хамтарч, нэгдэж ажиллах, үйлдвэрлэлийг хэрхэн дэмжихтэй холбоотой харилцааг хуулийн төсөлд бүрэн зохицуулсан байгааг дурдаад, өнөөдөр үүсэж бий болсон гамшгийн нөхцөл байдалд Засгийн газар ямар арга хэмжээ авч байгаа, мөн малчны зээлийн хуримтлагдсан хүүгийн 75 хувийг хөнгөлөлтийг эх үүсвэрээр санхүүжүүлэх, төсвийн ерөнхийлөн захирагчдын хоорондын зохицуулалтыг хэрхэн хийх талаар Сангийн яам ямар тооцоо гаргаж байгаа, нэг хоршоонд 5.0 га газар олгох зохицуулалтын хүрээнд хоршоод хооронд давхардал үүсэхгүй байх, нэг малчин олон хоршоонд гишүүнчлэгдэж болох эсэх зэрэг асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар асууж хариулт авсан юм. Мөн, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат нэн яаралтай горимоор Засгийнгазраас өргөн мэдүүлсэн энэ хуулийн төсөл олон хууль зөрчиж байгааг анхааруулж, төсвийн тодотгол хийх шаардлагатай эсэх, хууль батлагдсанаар баахан мал авна гэсэн хүлээлттэй байгаа малчдаас асуулт, судалгаа авсан эсэх талаар асуув. Тэрбээр, нэг нь ч ажиллахгүй байгаа Дарханы, Эмээлтийн аж үйлдвэрийн паркууд шиг зүйл болох вий хэмээн болгоомжилж байгаагаа хэлж, хоршоонд нэгдсэн болон нэгдээгүй малчид гэсэн ялгаварлал бий болж, нэгдэлжих хөдөлгөөний үед гарсан “хамтралын бухыг буудлаа” гэдэг шиг гадуурхал, хэлмэгдүүлэлт үүсэж болзошгүйг сануулсан юм. Яг хэрэгтэй үед бензинээр тасалж, нүүдэл суудал эхлэх, өвс тэжээлээ татах үед дизель түлшээр таслах зэрэг хариуцлагагүй юм хийдэг атлаа сонгууль дөхөхөөр ийм хууль гаргаж, ээлжит хууралтаа хэрэглэж байгаа юм биш биз гээд тэрбээр, сонгууль өнгөрөхөөр энэ бүхэн байхгүй болчихож болохгүй хэмээн сануулав.

Монголчууд жалгын нэг тархай бутархай байсан юм шиг ойлгож болохгүй, айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг гэж, цаашилбал аравтын зохион байгуулалтаар хэдэн зуу, мянган жил зохион байгуулагдаж ирсэн хэмээн Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийлээд, сайн дураараа эвлэлдэн нэгдэж байгаль, цаг уурын эрсдлийг даван туулах, тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлэх нь зөв зүйтэй гэж үзэн, хуулийн дэмжиж байна гэсэн юм. Засгийн газраас нэгэнт шийдвэр, тогтоол нь гарсан зээлийн хугацааг сунгах, хүүгийн төлбөрийг хөнгөлөх асуудал яг газар дээрээ, хөдөө орон нутагт өөрөөр хэрэгжээд байгаад анхаарахыг тэрбээр сануулж, малжуулах хөтөлбөрийг богино хугацаа, бага санхүүжилтээр явуулах боломжгүйг болон малчдын хоршоонд фермерүүдийг хамруулах эсэх талаар асуулт тавьсан юм.

Түүний ярьсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Хэнтий аймгийн Баян-Овоо сумын аравтын зохион байгуулалтын талаар жишээлж, уг зохион байгуулалт ихээхэн үр дүнтэй байж, өвөлжилтийн хүндрэлийг хохирол багатай даван туулсныг онцлов.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, зээлийн хугацааг хойшлуулах, хүүг хөнгөлөх ажлыг яг хэзээнээс эхлэхээ тодорхой хэлэхгүй хөдөө сумдад банк, малчдын хооронд үл ойлголцол үүсээд байгааг сануулж, нэг хоршоонд 5.0 га газар олгох нь өвс, тэжээл тариалах хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд багадна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр, багаараа ч юм уу, 2-3 хоршоо нийлж нэгдээд 50-аас дээш га-д тариалахгүй бол зардал өндөртэй, ашиг гарахгүй гэсэн тайлбар хэлсэн юм. Малчид хэрэглээний зээлийг 20-22 хувийн хүүтэй авч байгааг тэрбээр дурдаж, Засгийн газраас боловсруулсан төлөвлөгөөний хүрээнд 6.0 хувийн хүүтэй зээл олгохоор төлөвлөж буй нь хүүгийн дарамтыг дөрөв дахин багасгахаар байгаа нь талархууштай гэлээ. Цаашлаад, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай нийцүүлж, арьс ширний, махны экспортын асуудлыг шийдэх, хил залгаа боомтоор гаргах, малаа эрүүлжүүлэх, хоршоод нэг малын эмчтэй байх зэрэг зохицуулалтыг оновчтой хийж чадвал үсрэнгүй үр дүн гарна гэж үзэж байгаагаа тэрбээр дурдав.

Улсын Их Хурлын гишүүдийн асуултад хариулахдаа Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, энэ хууль бол Монгол Улсын уламжлалт мал аж ахуйн салбарыг сэргээх хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх зорилготой хууль хэмээн онцлоод, Засгийн газраас мал аж ахуйн сэргэлт бий болгох үүднээс авч буй гурван арга хэмжээг тайлбарлав. Юуны өмнө Засгийн газар өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулах хүрээнд малчдын зээлийн эргэн төлөлтийг нэг жилээр хойшлуулж, энэ хугацаанд хуримтлагдах хүүгийн төлбөрийн 75.0 хувийг улсын төсвөөс төлөх шийдвэрийг гаргаад хэрэгжүүлэхээр бэлтгэл хангаад явж байгаа юм. Мөн 2024 оны эхний хагас жилийн тооллогоор эцэслэгдэн гарах малын хорогдлын хэмжээнд үндэслэн малжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бөгөөд үүнд зориулан улсын төсөвт 22.0 тэрбум төгрөг тусгаад байгаа юм.

Мал аж ахуйн салбарыг цогцоор нь хөгжүүлэх Шинэ хоршоо хөдөлгөөний төлөвлөгөөг Засгийн газар боловсруулаад байгаа бөгөөд уг төлөвлөгөөгөөр малчдын хоршоонд 3-5 жилийн хугацаатай, жилийн 6.0 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зээл олгодог байхаар тусгасан байна. Малчдын хоршоод хөрөнгө оруулалтын зээлээрээ мах, сүү, арьс шир зэрэг түүхий эдийнхээ анхан шатны боловсруулалтыг хийх, мал сүргээ эрүүлжүүлэх чадавх бий болгох бөгөөд ингэснээр өнөөдрийн байдлаар манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 10.5 хувийг эзэлж байгаа тус салбарын үйлдвэрлэл 5-10 жилийн дотор ДНБ-ий 30 хувьд хүрнэ гэж Засгийн газар төлөвлөсөн байна. Түүнчлэн мал аж ахуйг хагас эрчимжсэн хэлбэрээр, бэлчээрийн даацад тохирсон, илүү ашиг шим сайтай салбар болгож хөгжүүлснээр малын тоо толгой тодорхой хэмжээнд буурч, ашиг шим, нэг малаас олох орлого нэмэгдэнэ хэмээн сайд Д.Амарбаясгалан танилцуулав.

Өнөөдрийн байдлаар манай улсын дундаж малчин сард 2.1 сая төгрөгийн зардал гаргаж, 1.5 сая төгрөгийн орлого олж, 600.0 мянган төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа бөгөөд энэ байдлаар удаан амьдрах тусмаа улам ядуурдаг нөхцөл бий болсныг тэрбээр дурдаад, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс гар аргаар нядалсан махыг зах зээлд нэвтрүүлэхгүй байх хуулийн зохицуулалт хэрэгжиж эхэлснээр малчид улам шахагдаж, амьдрах нөхцөлгүй болох эрдэл үүсэх тул хөрөнгө оруулалтын зээлийн бодлогыг нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай гэлээ. Малчдын хоршоодод анхан шатны үйлдвэрлэл, боловсруулалтын чадавх бий болгосноор өнөөдөр малчны хотонд малын өөрийн өртгийн ердөө 20 хувь нь үлдэж байгааг 50 хувьд хүргэх боломжтой талаар тэрбээр жишээлэв. Түүхий эдийн ченжийн систем малын өөрийн өртгийн 60 хувийг, худалдаа, борлуулалтын систем 20 хувийг шингээж, малчны хотноос 1.0 сая төгрөгөөр гарсан үхэр хэрэглэгчийн гар дээр 5.0 сая төгрөгөөр ирж байгаагийн 50 хувийг хотонд нь, малчинд үлдээх зорилготой хэмээн тэрбээр Шинэ хоршоо хөдөлгөөний төлөвлөгөөг тайлбарлалаа. Гэхдээ хоршоонд нэгдэх эсэх нь малчдын сайн дурын сонголт байх юм гэдгийг тэрбээр дурдав. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх хөтөлбөрт урт хугацаанд 5.0 их наяд төгрөгийн санхүүжилт орож бөгөөд үр дүнд нь дундаж малчны сарын орлого 5.0 сая төгрөг болно гэсэн тооцоог Засгийн газар хийсэн байна.

Сайд Д.Амарбаясгалан, хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр малчид хэрэглээний, хөрөнгө оруулалтын, мөн эргэлтийн гэсэн гурван төрлийн зээл авах боломжтой болно гээд, малчид зөвхөн мал малладаг биш, аж ахуй, бизнесийн үйл ажиллагаа явуулдаг, энэ бүхнийхээ үр шимээр илүү сайн, сайхан амьдрах боломжтой болно гэлээ.

Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар хуулийн төсөлд тусгасан жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр зохицуулалт хийх бүрэн эрхийг Засгийн газарт олгосон заалтаас төсөв хооронд зохицуулалт хийх асуудлыг хассан талаар тайлбарласан юм. Харин төсвийн ерөнхийлөн захирагч хооронд зохицуулалт хийхдээ тухай бүр Улсын Их Хуралд тайлагнаж байх саналыг Ажлын хэсэг гаргаад байгаа юм.

Малчдын зээлийн хугацааг сунгаж, хүүгийн төлбөрийг хөнгөлөх Засгийн газрын шийдвэрийн талаар Монголбанк болон арилжааны банкууд, малчдыг нэгдсэн мэдээлэлтэй болгох ажлыг зохион байгуулж байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд М.Ганхүлэг дурдаж, урьд өмнө хэрэгжүүлж байсан малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 5.0 сая хүртэл төгрөг олгож байсныг энэ удаа 8.0 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлэхээр ажиллаж байна гэсэн юм. Тус яамнаас долоо хоног тутам 70 дээш хувийн малын хорогдолтой малчин өрхүүдийн судалгааг авч байгаа бөгөөд одоогоор ийм өрхийн тоо 4816 болоод байгаа ажээ.

Хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дэмжсэн Зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явууллаа. Малчдын хоршоонд мал бүхий иргэдийг хамруулах тухай Ажлын хэсгийн саналыг гүйцээн боловсруулах чиглэл өгч, бусад саналыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.

Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын долоон гишүүн санаачилж, өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг дараа нь хийлээ. Тогтоолын төслийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хорооны хуралдааны үед Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн тогтоолын төслийн нэгдүгээр зүйлийн автомашины нүүрсэн яндан, нүүрсэн яндангийн хаягдал гэснийг автомашины нүүрсэн яндан, катализатор, тэдгээрийн эд анги, хаягдал, өөдөс гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэсэн юм. Энэ саналыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгуулах гомдлыг хэдийд ч гаргаж болох саналыг гишүүдийн олонх дэмжлээ

Үүний дараа, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг уншиж танилцуулав. Тэрбээр, Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Ц.Сандагчир нар цагаатгуулах гомдол гаргах, хүлээн авах хугацааг хүчингүй болгож, уг гомдлыг хэдийд ч гаргаж болох талаар зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар хуулийн төсөл болон зарчмын зөрөөтэй саналын томьёололтой холбогдуулан цагаатгуулах, гомдол гаргах, хүлээн авах хугацааг хүчингүй болгох үндэслэл, хэрэгцээ шаардлагын талаар асуулт асууж, хариулт авсан байна.

Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Ц.Сандагчир нарын гаргасан, Байнгын хороо дэмжсэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

АНУ-аас худалдан авах Булевиртид эмийг татвараас чөлөөлөх тухай хуулийг төслүүдийг хэлэлцэхээр болов 

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг тавилаа. Тэрбээр илтгэлдээ, Монгол Улсын иргэдийн дунд элэгний D гепатит вирусийн халдвартай хүмүүсийн тоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын аргачлалаар тооцсоноор 66 000 хүрсэн байх магадлалтай байна гээд, энэ халдвартай иргэдийн төрийн бус байгууллага (ТББ)-аас 150 000 иргэн халдварласан гэсэн тооцоо гаргасныг дурдав. Засгийн газар D вирутэй иргэдийг эмчилгээнд хамруулах олон талын арга хэмжээ авч байгааг сайд тэмдэглээд, ДЭМБ албан ёсоор бүртгэсэн нэг л төрлийн эмчилгээ байгаа нь пэг-интерферон эм боловч үүнийг DB вирустэй иргэдийн төлөөллийн ТББ-аас гаж нөлөө ихтэй учир эсэргүүцдэг талаар танилцуулав. ДЭМБ бүртгээгүй боловч D вирусыг эмчилдэг бас нэг төрлийн эмчилгээ байгаа нь АНУ-ын Gilead Science компанид үйлдвэрлэж буй булевиртид эм болохыг сайд илтгэлдээ дурдаж, Европын Холбооны улсууд бүртгэж эмчилгээнд хэрэглэж байгаа энэ эмийн эмчилгээний зардал ихээхэн өндөр байгааг бууруулах шаардлага тулгарч байгааг тэмдэглэв. Эрүүл мэндийн сайд Gilead Science компанийн удирдлагуудтай хоёр удаа цахимаарАзийн бүсийг хариуцсан захиралтай нэг удаа бечлэн уулзалт хийж, энэ эмчилгээг Монгол Улсад эхлүүлэх, өртөг, зардлыг бууруулах талаар яриа хэлэлцээ хийсэн байна. Цаашид вирустэй иргэдийнхээ санхүүгийн дарамтыг хөнгөлөхийн тулд АНУ-ын булевиртид эмийг эмчилгээнд хэрэглэж эхлэх үед гаалийн татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэн Засгийн газраас хуулийн төсөл боловсруулжээ.

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг Төсвийн байнгын хорооны энэ сарын 17-ны буюу өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн юм. Тус байнгын хорооны хуралдаанаас гаргасан санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан танилцууллаа. Хууль батлагдсанаар гепатит D вирусийн халдвартай иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хүртээмж сайжирч, хүн амын өвчлөл, элэгний хатуурал, элэгний хорт хавдрын шалтгаант нас баралт, санхүүгийн дарамт буурахад эергээр нөлөөлнө гэсэн Засгийн газрын үндэслэлийг тэрбээр дурдаад, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн гэсэн юм. Тус Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үе Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Элэг бүтэн Монгол хөтөлбөрт тусгагдсан D вирустэй тэмцэх үйл ажиллагааны төсвийн зарцуулалт болон булевиртид эм дэлхийн хэдэн улс орны эмчилгээнд ашиглагдаж байгаа, үр дүн нь ямар байгаа талаар асуулт асууж, хариулт авсан байна.

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, М.Оюунчимэг нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд энэ асуудлыг нэн яаралтай горимоор, шуурхай оруулж ирж байгааг талархал илэрхийлээд, өртөг, зардал ихтэй, удаан хугацаанд хийгддэг энэ эм, эмчилгээний үнэ ханшийг бууруулах болон бусад нөхцлийг сайжруулах талаар ямар ажил, алхам хийж байгааг болон D вирустэй иргэдийн эмчилгээнд зориулж улсын төсөвт тусгасан зардал, санхүүжилтийг хэрхэн зарцуулж байгаа талаар асууж хариулт авав.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Улсын Их Хурлын гишүүдийн асуултанд хариулахдаа, АНУ-ын Gilead Science компани удирдлагуудтай уулзахад Европын холбооны улсуудад зарагдаж байгаа үнээс тав дахин бага үнээр нийлүүлэх боломжтойгоо урьдчилсан байдлаар илэрхийлээд байгаа гээд, энэ буулгасан үнийг нь дахиад 50 хувиар бууруулах талаар ярьж байгаагаа танилцуулсан юм. Ирэх долоо хоногт дахин уулзалт хийж, Монгол Улсын Их Хурал, Засгийн газар татвараас чөлөөлөх зэрэг арга хэмжээ авч байна, та бүхэн үнээ дахин бууруулаач гэсэн хүсэлт тавихаар төлөвлөж байгаа. Ингэснээр уг эмчилгээний өртөг, зардал сарын 1000 ам.доллароос дотогш болж буурах болов уу гэж баримжаалж байна. Хэдийгээр үнэ, өртгийг ингэж бууруулсан ч халдвартай иргэдэд учрах санхүүгийн дарамт өндөр байхаар байгаа тул нэмэгдсэн өртгийн албан татвар, гаалийн татвараас чөлөөлбөл нийтдээ 30 орчим хувиар хөнгөрөх боломжтой хэмээн Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хариулав. Булевиртид эмийг анх ОХУ-д үйлдвэрлээд, түүнийхээ патентийг АНУ-ын Gilead Science компанид зарахдаа бусад улс оронд худалдан борлуулахгүй, зөвхөн улс дотроо, иргэдийнхээ эмчилгээнд хэрэглэх нөхцөлтэйгээр өгсөн байна. Тиймээс манай иргэд ОХУ-аас эмчилгээ авъя гэвэл Улаан-Үд хот руу явах, зардал чирэгдэл багагүй гаргахаар байгаа гэсэн тайлбарыг тэрбээр хийсэн юм.

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт зориулж 2023 оны улсын төсөвт 13.0 тэрбум төгрөг тусгагдсаны 4.0 тэрбум төгрөгөөр орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад элэгний B, D вирусын оношлогоо, шинжилгээ хийх чадавх бий болгох, бэхжүүлэх, Халдварт өвчин судлалын төвийн хүчин чадлыг сайжруулахад зарцуулсан байна. Харин 9.0 тэрбум төгрөгөөр ДЭМБ-д бүртгэлтэй пэг-интерферон эмчилгээг эхлүүлэхээр сонгон шалгаруулалт зарласан боловч B, D вирустэй иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, уг худалдан авалт зогсоод байгаа юм. Мөн 2024 оны улсын төсөвт 7.0 тэрбум төгрөг батлагдсаныг өмнөх оны худалдан авалтын зардалтай нийлүүлж, нийт 14.0 тэрбум төгрөгөөр АНУ-аас булевиртид эм худалдан авахаар ажиллаж байгаа талаар Эрүүл мэндийн сайд мэдээллээ.

АНУ-аас худалдан авах булевиртид эмийг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх талаар санал хураахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ 

Дараа нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийг Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа нарын 10 гишүүн санаачлан, өргөн мэдүүлсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа тавив. Тэрбээр, 2007 оныг хүртэл оёдлын салбар ДНБ-ий 30 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг, 30 мянга гаруй ажилтантай байсан бол өнөөдөр 10 хүрэхгүй хувийг бүрдүүлдэг, 3000 гаруй ажиллагсадтай болж буурсан талаар дурдаад, Монгол Улсын бэлэн хувцасны үйлдвэрлэлийг өргөжүүлэх, экспортын хэмжээг өсгөх, ажлын байрыг эрс нэмэгдүүлэн ядуурлын бууруулах хөшүүрэг болгох зорилгоор Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд оёмол бүтээгдэхүүний түүхий эд, үндсэн болон туслах материалыг /дотоодод үйлдвэрлэдгээс бусад/ гаалийн албан татвараас чөлөөлөх” гэсэн нэмэлт оруулах хуулийн төслийг санаачиллаа гэв.

Хуулийн төслийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа. Тус Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, оёмол бүтээгдэхүүний түүхий эд, материалыг гаалийн татвараас чөлөөлөх нь үйлдвэрлэгчдийн татварын ачааллыг бууруулахгүй, харин импортоор түүхий эдийг нийлүүлж байгаа нь дундын зуучлагч нарт илүү ашигтай байдлыг бий болгох эсэх талаар асуулт асууж хариулт авсан байнаМөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, цаашид үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судлах, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж байгаа түүхий эд, үндсэн болон туслах материалыг гаалийн албан татвараас чөлөөлснөөр эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт өрхийн бизнес эрхлэлтийг дэмжих бодлого хэрэгжиж, үйлдвэрлэл эрхлэгчдийг үнийн өрсөлдөөнөөс хамгаална гэж үзэж, хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байнаТэрбээр, цаашид дотоодоос хангаж болох зарим бүтээгдэхүүнд төрийн худалдан авалт хийж, хөнгөн үйлдвэрүүдийг дэмжих нь зүйтэй гэсэн санал хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлснээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ өсөх, улмаар иргэдийнхээ өдөр тутмын хэрэглээг дотооддоо хангах нөхцөлийг бүрдүүлж, дотоодын үйлдвэрүүдээ зөв бодлогоор дэмжихшаардлагатайг дурдан, хуулийн төсөлд хэлэлцүүлгийн шатанд зарим нэг бодлогын өөрчлөлтүүдийг тусгах санал гаргасан байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжжээ.

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт үг хэлж, хуулийн төслийг ерөнхий агуулгаар дэмжиж байгаагаа илэрхийлээд, манай улс ноос, ноолуураар даавуу хийдэг болчихсон энэ үед эдгээр бүтээгдэхүүнүүдтэй ижил төрлийн материал импортоор орж ирэх үед хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэхгүй байх ялгавартай зохицуулалт хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн юм. Харин үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Монголдоо хийж чадахгүй байгаа учир аль болох дэмжих нь зөв гэсэн байр сууриа тэрбээр илэрхийлж, үйлдвэрүүдийг хөгжүүлснээр нэмүү өртөг бий болж, татварын бааз суур өргөжиж, ажлын байр нэмэгдэнэ гэлээ. Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, хуулийн төслийн зохицуулалтад дотоодод үйлдвэрлэдэг түүхий эд, материал хамаарахгүй гэсэн хариулт өгч, ядуурлыг бууруулахад эрх зүйн энэ зохицуулалт ихээхэн чухал болохыг онцолсон юм.

Хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журмын анхны хэлэлцүүлгийг хийв 

Засгийн газраас 2022 оны нэгдүгээр сард Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам батлах тухай” Улсын их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг дараа нь хийлээ. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа уншиж танилцуулав. Тус Байнгын хорооны хуралдаанаар Ажлын хэсгийн дэмжсэн тогтоолыг дагаж мөрдөх хугацааг хасаж, ердийн журмаар хүчин төгөлдөр болох, засаг захиргааны нэгжийн өөрчлөлтийн төслийн баримт бичигт тухайн өөрчлөлтөд хамрагдаж байгаа нэгжийн одоогийн болон өөрчлөлтийн дараах нөхцөл байдлыг тусгасан байхөөрчлөлт хийснээр иргэдэд зориулсан төрийн болон орон нутгийн ажил үйлчилгээний чанар хүртээмж өмнөх түвшнээс дээшилсэн байх, төслийг боловсруулах ажлын хэсэгт тухайн нэгжийн төлөөлөл болон өөрчлөлтөд хамрагдах нэгжийн Засаг даргын Тамгын газрын төлөөллийг оролцуулах, сум дүүргийн хувьд гурван сар, аймгийн хувьд зургаан сарын хугацаанд багтаан иргэдэд мэдээлэх, танилцуулах, оролцогч талуудын уулзалт, хэлэлцүүлэг, нөлөөллийн шинжилгээ хийх, иргэдээс санал авах, дүнг нэгтгэн мэдээлэх ажлыг зохион байгуулах, аймгийг өөрчлөх асуудлаар санал хураалт явуулах өдөр, цагийг Засгийн газар, сум, дүүргийг өөрчлөх асуудлаар санал хураалт явуулах өдөр, цагийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал товлон зарлах, саналыг нууцаар авах, өөрчлөлтөд нэг, эсвэл хоёр ба түүнээс олон нэгж хамрагдах тохиолдолд тухайн өөрчлөлтөд хамрагдаж байгаа нэгжүүдийн санал хураалтад оролцсон нийт иргэдийн олонход хамрагдаж байгаа нэгжүүдийн санал хураалтад оролцсон нийт иргэдийн олонх дэмжсэн саналыг хүчинтэйд тооцох зэрэг 22 зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцэн, дэмжсэн байна. Зарчмын зөрүүтэй саналуудыг байнгын хорооы хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцжээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, С.Бямбацогт нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 2020 онд батлагдаж, 2021 оноос хүчин төгөлдөр болсон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг дагаж орж ирсэн Ашигт малтмалын тухай болон Газрын тухай хуулиар хайгуул, олборлолтод ашиглах газрын лиценз олгох асуудлыг тухайн багийн иргэдийн олонхын саналаар шийдвэрлэдэг байсныг байхгүй болгосонтой холбоотойгоор МоАХ-ноос газар нутгаа тоолох аян эхлүүлээд байгаа талаар мэдээлээд, үүнээс болоод ашигт малтмалын лицензтэй холбоотой иргэдийн уур бухимдал сүүлийн үед дээд цэгтээ хүрч байгааг онцолсон юм. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, олон жил иргэдэд үл ойлголцож үүсгэж байсан энэ чухал асуудлыг шийдвэрлэх үүднээс Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан, тухайн нутгийн иргэдийн саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ." гэж заасан талаар дурдаад, энэ нь хоёр сум хилийн цэсээ шийдвэрлэх тохиолдолд иргэд хамтран хэлэлцээд, олонхиороо шийдвэрлэхээр тусгаж байгаа эсэхийг тодруулж асуув. Үүнд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, тухайн хамаарах нутаг дэвсгэрийн иргэд асуудлыг хэлэлцэж, олонхиороо шийдвэрлэнэ гэсэн хариулт өгөв.

Ингээд Ажлын хэсгээс боловсруулж, Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн зарчмын зөрүүтэй 22 саналаар нэг бүрчлэн санал хураав. Зарчмын зөрүүтэй саналуудыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

#Чуулганы нэгдсэн хуралдаан, #Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл,