НИЙТЛЭЛЧ

Ардын намын “Шадар гурван цэрэг”

Гэрэл зургийг MPA.mn

Францын нэрт зохиолч Александр Дюмагийн сор болсон зохиол бий. Нэр нь Шадар гурван цэрэг. XVII зууны Францын түүхийг дүрсэлсэн эл зохиолд Гаскон нутгийн авхаалжтай залуу Д’Aртаньян Парис хотноо санамсаргүйгээр Атос, Арамис, Портос нэртэй шадар гурван цэрэгтэй танилцан нөхөрлөж, шударга ёсны төлөө Их хамбатайгаа тэмцэлдэж буй тухай өгүүлдэг. Үүнтэй агаар нэг шинэ цагийн “Шадар гурван цэрэг” Монголд, Ардын намд мэндэлсэн нь Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нар.

Тэдний холбоос

Нэгэн цагийн нөхөрлөлөөр холбогдсон тэдний бизнесийн хамтрал өргөжиж, тэлэхийн хэрээр зузаарч, өдгөө УИХ-ын танхимд тохой нийлүүлэн суух болтлоо ган мэт бэхлэгджээ. Бизнесийн хамтрагч, сайн найзууд байх нь хэн бүхэнд нээлттэй ч, гурвуулаа нэг намаас, тэгэхдээ УИХ-ын сонгуульд нэр дэвшиж өрсөлдөөд Саарал ордны босго давсан тохиолдол, түүх Монголын парламентад үгүй.

Гэрэл зургийг MPA.mn

Г.Дамдинням Дарханд бага дунд боловсрол эзэмшиж, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нар Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийг дүүргэжээ. Насны хувьд арай ахмад нь Г.Амартүвшин. Г.Дамдинням багш мэргэжилтэй, Г.Амартүвшин, Х.Ганхуяг хоёр бизнесийн удирдлагаар мэргэшсэн банкир, бизнесмэнүүд. Харвардад эзэмшсэн боловсрол нь ч энэ хоёр эрхмийг холбодог л юм.

Байгаль орчин үргэлжлүүлээд Боловсролын сайдын зөвлөхөөс ажлын гараагаа эхэлсэн Г.Дамдинням 2010-2013 онд ШУТИС-ийн Нийгмийн хөгжлийн проректороор ажилласан бол Х.Ганхуяг “Хера” группийг үүсгэн байгуулж, саяхныг хүртэл Удирдах зөвлөлийн даргын албатай явсан нэгэн. Харин Г.Амартүвшин 1998 оноос ABN Amro bank, JSC Kazcommerts bank, Тэнгэр санхүүгийн нэгдэл, Хас банк санхүүгийн салбарт удирдах албан тушаал хашиж ирсэн Монголдоо л толгой цохих банкир. Сүүлд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр долоон сар ажиллаад улс төр рүү урвасан нь зөв нүүдэл байж УИХ-ын гишүүний сэнтийд хүрсэн юм.

Тангараг өргөсөн өдрөөсөө гишүүн Г.Дамдинням Дарханы замын асуудлыг хөндөж, бодит үр дүн гартал салбарын сайд Л.Халтарын өрөөг сахиж суухаа мэдэгдсэн. Харин Г.Амартүвшин банкны зээлийн хүүг бууруулах талаар байр сууриа илэрхийлжээ. Нөгөө хоёрыгоо бодоход эртнээс улс төртэй холбогдож, басчхүү 2016 оны сонгуульд бие даагчийн статустайгаар тоосоо өргөөд өвдөг шороодсон, АН, ХҮН гэсэн хоёр ч нам дамжиж, эцэстээ МАН-ын тогоонд багтсан Х.Ганхуяг зарим асуудалд байр сууриа илэрхийлэх төдийд л дуугардаг.

Зовлон бий…

Анх удаагаа парламентад сонгогдсон гишүүн бүрд олон нийтэд танигдаж, таалагдахын зовлон гэж нэг юм бий. Хүүхдээр хэлд, хөлд орох хугацаа гэсэн үг. УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа асуудал бүрээр дуугарах уу? анхаарал татахыг барьж авах уу? гэдэг нь тухайн хүний сонголт, мэдрэмж. Г.Дамдинням гишүүн Дарханы замыг өлгөж аваад, өдөр бүр дуугарч байсан нь үүнтэй холбоотой. Дараа нь хатуу хөл хорионы үед цагдаагийн алба хаагч өөрийг нь танихгүй зам дээр 30 минут зогсоолоо хэмээн Хуулийн сайд Х.Нямбаатарт алтан хошуу өргөж, гомдоллосон нь түүнийг хүссэн, хүсээгүй таниулсан. Сайнаар гэхээсээ саараар.

Нэрт эрдэмтэн Б.Ринчен гуайн зээ, “шарк” гэх тодотголоороо олон нийтэд эчнээ танил ч Нидерландын Вант улсын иргэншилтэй гэх мэдээлэл гарсан нь Г.Амартүвшинд сөрөг оноо болж буусан. “Шүгэл үлээгч” нь эрт үеийн хамтрагч “Хас”-ын Ч.Ганхуяг. ХҮН-д байхаасаа чимээтэй явж ирсэн Х.Ганхуяг МАН-д элссэнийхээ дараагаас л АН тэр дундаа С.Эрдэнэ судлаачаар ажилласан, тэр хэрээрээ танигдсан. Үүнийхээ хажуугаар “Шар айраг”-ийн Г.Ганхүүгийн хамт “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлгийг бэлтгэж, үзэгчдэд хүргэдэг байв.

33 тэрбум төгрөгийн зээл

Гэхдээ эдгээр гурван гишүүнийг нийгэмд хамгийн их таниулсан нэг асуудал нь 33 тэрбумын зээл. Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” компанид 33 тэрбум төгрөгийн зээл гаргаж өгсөн баримт ил болж, хэсэгтээ шуугиан тарьсан. Үүгээр зогсохгүй Х.Ганхуяг “Хэра инженеринг”-ийн 50 хувийг, түүний охин компани “Хера инвенстмент”-ийн 10 хувийг Г.Дамдинням эзэмшдэг зэргээр бизнесийн хамаарал нь ч “гэрэл цохьсон” юм.

Өмнөх парламентад “60 тэрбум”-ынхан гэж байсан шиг Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нар энэ бүрэн эрхийнхээ хугацаанд “33 тэрбум”-ынхан гэх хусаад ч арилахааргүй мөртэй үлдсэн нь энэ. Зарим нь үүнийг Бизнесийн зээлийн хүүг 50 хувь бууруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсантай нь холбож харддаг бол өөр нэг нь Г.Амартүвшинг албан тушаалаа урвуулан ашиглаж, анд нөхдийнхөө бизнесийг зориуд дэмжсэн гэж буруутгадаг. Аль аль нь оргүй биш ч үнэхээр хууль зөрчиж, давуу эрх эдлүүлсэн эсэхийг хуулийнхан эцэслэж мухарлана. Тэр үед тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах асуудлыг хөндөх эсэх нь цаг хугацааны л асуудал юм.

Гэхдээ тэдний нөхөрлөл зөвхөн бизнесийн зээл олгосон, авсан асуудлаар хязгаарлагдахгүй. Парламентын төвшинд ч амь, ам нэгтэйгээр үргэлжилнэ. Монгол Улс дэлхийн 53 оронтой парламентын бүлгийн хэмжээнд хамтардаг. УИХ-ын 76 гишүүн өөр өөрийн эзэмшсэн мэргэжил, туршлагын хүрээнд хуваарилагдаж, гадаад, дотоодын хурал, хэлэлцүүлэгт оролцдог.

Сонирхолтой нь, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын гишүүн Австрали, Америк, Канад, Нидерланд, Сингапур, БНСУ, Хятад, Чех, Шинэ Зеланд, Япон гэсэн 10 улсын парламентын бүлэгт өөрсдийн сайн дураар хуваарилагджээ. Г.Амартүвшингийн давхар иргэншлийг хөндсөн Монгол-Нидерландын парламентын бүлэгт гурвуулаа багтдагаас гадна Х.Ганхуяг даргалдаг гэхээр тэдний нөхөрлөлийн үнэ цэнэ ямар хэмжээнд явдгийг илтгэх мэт. “Кэмбриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг дэмжих лобби бүлэг” байгуулсан хамтрал нь ч тэднийг нэгтгэдэг.

Сонор татах сэдэв буюу Т.Чимгээ…

Одоо бол Г.Амартүвшин төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдаж, гурван шатны шүүхээс ял ногдуулсан Т.Чимгээг эрүүдэн шүүсэн гэх асуудлаар парламентын төвшинд нээлттэй сонсгол явуулахаар гишүүдийн гарын үсэг цуглууж эхэлсэн. Үүнийгээ “Өнөөдөр Т.Чимгээ маргааш бидний ээж, охин дүү хэнийг ч ийм байдлаар эрүүдэн шүүвэл яах вэ гэдгийг бодох хэрэгтэй” хэмээн ярьсан удаатай.

Гэрэл зургийг MPA.mn

Харин Х.Ганхуяг, Г.Дамдинням хоёрын хувьд цаг үеийн асуудлаар Ерөнхийлөгч Х.Баттулга руу “ноцож”, амыг нь асуух болсоор удаж байна. Санаж байгаа бол МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхий сайдын суудлаас өөрийн хүсэлтээр огцрох хүсэлтийг хэлэлцэх үеэр Ерөнхийлөгчийн оффшорын асуудлыг хөндөж, нэхэн шаардсан нь гишүүн Х.Ганхуяг. “Хэвлэлээр таны нэр дээр 2001 оноос хойш оффшор компани байдаг тухай мэдээ яваад байна. Тус компанийн зөвхөн дүрмийн сан нь гэхэд сая ам.доллартой гэсэн байна. Тэгээд өнгөрсөн жил энэ компаниа хаасан гэсэн мэдээлэл явж байна.

Төмөр зам, банк гээд ярихаар дандаа таны нэртэй холбогдчихоод байна. Өмнөговьд нэг банк төмөр зам бариад байдаг. Мөнгө төгрөг нь таны оффшор руу ордог гэсэн яриа ч гараад байна. Үнэхээр танд оффшор байгаа эсвэл байхгүй гэдгээ ард иргэддээ хэлмээр байна. Хэрэв байдаг бол мөнгөө хэзээ, хэдийг оруулж ирэх юм? ард иргэддээ яаж өгөх юм? шаардлагатай бол УИХ-аас тусламж гуйгаад, өршөөл гаргуулаад явмаар байна” гэж байлаа.

Харин Г.Дамдинням гишүүн “Та нар шиг хулгай хийж бизнес хийгээгүй, хүн шиг зүтгэж, амьдрахын төлөө тэмцэж, амьдрал ахуйгаа авч явж байгаа аавын хүү. Үүнийхээ төлөө хэнээс ч ичихгүй Та нарын дайралтаас болж шударга ёсны тэмцлээсээ ухарна гэж байхгүй” хэмээн Ерөнхийлөгчид хандан эгдүүцлээ илэрхийлж байв. Анхнаасаа МАН-ын шошготой явсан Г.Дамдиннямын байр суурийг буруутгаж боломгүй ч Ерөнхийлөгч Х.Баттулгыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхад нь орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан хүн Х.Ганхуяг, уг нь. Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбар гэдэг бизнес, ялангуяа ЖДҮ эрхлэгчдийг дэмжих хөшүүрэг учраас Х.Ганхуяг шиг туршлагатай бизнесмэнийг дэргэдээ авч, зөвлөхөөрөө ажиллуулсан байж таарна. Гэвч хэдий үеэс Х.Баттулга, Х.Ганхуяг нар хамтралдаа цэг тавьсныг хэлж мэдэхгүй.

Ямар ч байсан 2016 оны сонгуулиар ХҮН-ээс нэр дэвших боломжгүй болсон Х.Ганхуяг бие дааж өрсөлдөөд унасан ч 2017 оноос Бага хурлын гишүүнээр сонгогдож, МАН-ын малгайнд багтсан юмдаг. Ийм нэгэн бизнес, эрх ашиг, үзэл бодол нь ижилхэн гурамсан холбоо бүхий ялгаж, салгаж харах боломжгүй нөхөрлөл тэдний дунд хэдийнэ бий болжээ. А

Гэрэл зургийг MPA.mn

лександр Дюмагийн зохиол ялалтаар дуусдаг шиг Ардын намд мэндэлсэн “Шадар гурван цэрэг”-үүд болох Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын “ШУДАРГА ЁС”-ны тэмцэл хаа хүрэхийг ёстой л цаг хугацаа харуулна. Нэг үгээр эрх ашгийн нэгдэл нь тэднийг Их Хурал хүртэл чирсэн үү? эс бөгөөс шударга ёсоор цангасан нийгмийн хүсэмжит шинэ залуу үеийн сонголт нь тэд мөн үү? гэдгийг бүрэн эрхийнх нь хугацаанд үргэлжлэх үг, үйлдэл, үйл явдлын дараалал хангалттай харуулна гэсэн үг. Тэр үед бүтэн нэртэйгээ байх уу?, “33 тэрбум”-ынхан гэх хусаад ч арилахгүй муу нэртэйгээ үлдэх үү? гэдгийг ард түмэн, тойргийнх нь сонгогчид шүүнэ.

1 сэтгэгдэл

  1. Hj

    2021-04-10

    Daimka bol super pop l doo

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet