Сэтгүүлч Б.Алтанхуяг

Хүмүүн бий. Харин хүмүүний дээр Төр байдаг. Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжигт бүрэлдсэн олон агуулгын нэгийг ийн тодорхойлж болно. Магадгүй жүжгийн гол санаа энэ биз. Харин үүнийг зохиолч маань Хүннүгийн улсын үед үйл явдал нь өрнөж буйгаар бийрлэсэн нь тун оновчтой болж чадсан. Учир нь тэр л үед монгол нутагт анх төр үүссэн шүү дээ.

Тус жүжгийг анх 1998 онд Ч.Найдандорж тайзнаа найруулан тавьснаас хойш өдгөө 22 дахь удаагаа тоглогдов. Энэ удаад жүжгийг "Херо" энтертаймент студийн найруулагч Б.Баатар физикл драм болгон хувиргаж, театрын тайзнаа цоо шинээр амилуулсан юм. Жүжигчдийн бүрэлдэхүүнд ч ихээхэн өөрчлөлт оруулж, бүжгэн жүжгийн элементээр баяжуулсан нь тодорхой харагдана.

Нээлтийн үеэр Ч.Найдандорж найруулагч “Бид жүжгийн өртөг мөнгөнд санаа зовохгүйгээр жүжиг хийхийг олон жил мөрөөдсөн. Ийм техникийн хослолыг үзэгчид харна. Олон найруулагчийн мөрөөдөл энэ жүжигт биелэлээ олсон” хэмээн хэлж байлаа. Мэдээж энэ удаагийн “Тамгагүй төр” -ийг техник технологи, хувцас хэрэгсэл, нүсэр хөгжим, бүжгийн дэглэлтийн хувьд ч өмнөх тавилтуудтай харьцуулах нь утгагүй санагдаж байв. Үзэгчид уйлж, уярч, огшиж үзэв. Бусдыг нь мэдэхгүй. Эргэн тойронд суусан ахимаг насныхан бүгд л нулимстай нүдээ шударч, жүжгийн төгсгөлд суудлаасаа өндийн алга ташиж байлаа. Харин ярих зүйл нэлээд хэд бий.

ЭХЛЭЛ

Саяхан болоод өнгөрсөн залуучуудын тайван жагсаал, ард иргэдийн бухимдал, Төрийн буруу бодлого, нийгэм даяар өрнөж буй асуудлууд ар араасаа хөвөрсөөр ахуй цагт “Тамгагүй төр” олны хүртээл болсон нь цаг үеэ мэдэрсэн, тун зөв сонголт байв.

Мөнхүү хөшиг нээгдэхэд хоёр үнэг гарч ирэн бүжиглэж ахуйд үзэгчид энэ чинь юу билээ гэсэн шиг хэсэг алмайралд орсон харагдав. Хүннү гүрний хаан Арчуг хоёр нуган үртэй болсныг ийнхүү өлгийн дээр зүүлттэй байдаг үнэгээр билгэдэн үзүүлжээ. Эл хоёр үнэг Ачир, Хүчир хэмээх хааны хоёр нуган үрийг амьсгал хураах үест ч мөн амиа дэвсэн алга болж байна. Билгэдэл ер нь их аюултай. Аливаа бүтээлд зөв газарт, тунг нь тааруулж шигтгэхгүй бол болохгүй. Харин найруулагч Б.Баатарын тус шийдэл оночтой болсон нь харагдана.

Үүнээс гадна Үндэсний их театрын бүжигчид уг жүжгийн гол туслах дүрүүд байлаа хэмээн тодорхойлж болохуйц. Хоёр хүүгийн эрийн цээнд хүрч буй үйл явдал, тэдний зан араншингийн ялгаатай байдал, сэргэлэн цовоо, мунхагийн туйлийг бүжгийн хэлээр хэт нуршилгүй харуулж өгсөн нь олзуурхууштай. Мөн хаан Арчуг ууган хүү болох Ачирын хоолойд мэс тулгадаг хэсгийг кино сцены зураглал шиг хөдөлгөөнд уясан нь физилк драмд байж болох хамгийн таатай үзэгдэл байлаа.

Нөгөөтэйгүүр Эгэрэг түшмэл, их хатан Цэцэр нарын тачаал, хар муу санааг олон "нүцгэн" жүжигчдээр төлөөлүүлэн харуулсан бөгөөд тэдний дундаас төрсөн хүү Ачирыг ч тэдгээр бүжигчид даган явж буйг үйл явдлын дараалалд сайтар уялдуулж өгснийг бахдууштай.

ЖҮЖИГЧИД ХИЙГЭЭД ФИЗИКЛ

Найруулагч баатар өмнөх тавилтуудаас өөр нэг шийдлийг бий болгосон нь Арчуг хааны удаах хүү Хүчирын монолог юм. Гэвч дүр нь зовлон шаналалаа улиглаж зогсохоос өөрийг харуулсангүй.

Мөн жүжигчин Б.Дөлгөөний хувьд бага хатан Гүргэлийн дүрийг гаргахдаа нэлээдгүй тааруу жүжиглэлт үзүүлэв. Магадгүй түүнд “Тамгагүй төр”-ийн тайз их хүнд байсан биз ээ. Ямартай ч жүжгийн гол зангилаа хэсгүүдэд үзэгдэх бага хатны дүр нэг л хиймэл, хүйтэн хөндий болж хувирсан нь ур чадварын дутуу дулимагаас болсон уу гэдгийг үзэгчид дор бүрнээ тунгаасан биз ээ.

Харин хааны ууган хүү Ачирын дүр хамгийн өндөр үнэлгээг хүртэх зүй ёсны эрхтэй. Жүжигчин Ш.Доржсүрэн хэдхэн долоо хоногийн өмнө “Гэм зэм” жүжгийн Лужиний дүрд тоглож үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Мөнгөнд улайрсан, язгууртан оросын дүрээс Хүннүгийн хааны хүү болтлоо тэр хувирч чадсан нь түүнд өгөгдсөн жүжигчний ур чадварыг илтгэн харуулна. Нөгөөтэйгүүр Гүргэл хатны аав баймаар насандаа тэр мунхаг, эрэмдэг хүүгийн дүрийг ханатал урлажээ. Түүний нүүрний хувирал, биеийн огцом хөдөлгөөн зэрэг нь тус жүжиг физикл дүрийг бусдаасаа илүү тодоор шигтгэж урласан санагдана.

Энэ бүхнээс гадна найруулагч уг бүтээлээ “физилк жүжиг” хэмээснийг тодорхойлох гээд үзье. Үнэндээ бид физилк үзэж чадсан уу? Үзэгчдийг суудлаас өндийн, алга нижигнүүлэн таших үед бүжгэн жүжигтэй хослуулсан, эмгэнэлт бус уянгын драм төрлийн жүжиг үзсэн шиг сэтгэгдэл төрсөн юм.

Физикл жүжиг диалоги бага, дүрүүдийн биеийн хөдөлгөөн, бүжгийн элемент давамгайлдаг. Харин хаан, түшмэл, хатдын дүр биеийн хөдөлгөөнөөр физикл дүрийг энэ удаагийн “Тамгагүй төр”-д бүрэн дүүрэн гаргаж чадсан уу гэвэл үгүй. Учир нь гаргах боломж нь бүрэн дүүрэн байсан болоод тэр. Магадгүй Эгэрэг түшмэл, Цэцэр хатан хоёрын үзэгдлүүд дээр л тодорч гарах шиг санагдана.

Мэдээж зохиолын текс нь хурц, чухамхүү үзэгчдийн дотоод сэтгэл рүү яргасан учраас л хүмүүст таалагдаад байгаа юм. Мэдээж таалалд нийцэх зүйлс олон бий. Гол нь уг жүжиг эртний Грекээс эхлэлтэй ч хэдэн зууны туршид өргөжин тэлж дотроо олон төрөл жанрыг багтаасан чөлөөт комтемпорари буюу физикл жүжиг болж чадсангүй. Жүжгийн дүрүүдэд илүүтэй анхаарал хандуулалгүйгээр бүжгэн жүжиг холиход л физикл болчихно гэх эндүүрлийн томоохон суурь тавигдлаа. Үүнийг цаашид анхаарах нь зүй биз ээ.

ЗАЛХАХГҮЙ БАЙНА УУ?

Мэдээж аливаа зүйлийн сонголт тухайн хүний гарт бий. Гэхдээ уг жүжгийг “үзүүштэй” гэж тодорхойлохоос бус “үзэх ёстой” гэж зөвлөж чадахгүй. Учир нь “Тамгагүй төр” эмгэнэлт жүжиг. Нүсэр тайз засал, хөгжмийн хэмнэл, эрээн мяраан хувцас хэрэгслүүд, тайзандаа багтахгүй шахам олон бүжигчдийн хүрээллээр хулдчихаар бүтээлийн агуулга, үзэгчдэд хүргэх ёстой жүжгийн гол санааг үгүй хийчихэж байгаа юм. Нэг ёсондоо үзэгчдийг харагдах байдал, уран дүрслэлийн аргаар хуурч байна гэсэн үг. Үүнээс болоод физикл драм үзэх гэж ирсэн ч жүжиг дууссаны хойно театраас гарч явахад зуны дунд сарын эхэнд болдог наадмын нээлт харчихаад алхаж буй мэт дундуурхан бодол төрснийг нуух юун.

Ерөөс катарсис буюу хүний сэтгэлийг цочролд оруулж, ариусгах үүргийг урлагийн төрлүүдээс өөртөө хамгийн гүн гүнзгийгээр тээсэн нь эмгэнэлт жүжиг байдаг. “Тамгагүй төр” бол утга агуулга, харилцан яриа, хэл найруулгын хувьд ч Монгол дахь эмгэнэлт, түүхэн жүжгийн хамгийн том төлөөлөл.

Харин энэхүү эмгэнэл болоод үзэгчдийн сэтгэлийг цочирдуулах гол шугамууд нь хэт олон жүжигчдийн бужигнаан, нүсэр хөгжмийн хэмнэлд дарагдсанаар цочирдох гэхээс илүү уяралт байдлыг дотроо тээснээр сүржин даржин, хэлбэрдэлтийн үүргийг тайзанд өрчихөж байгаа юм. Магадгүй бүжгэн жүжгээс гадна, дүрүүдийн хөдөлгөөнд түлхүү анхаарал хандуулсан бол физикл жанр хэмээх төрөл зүйлийн утгаа хадгалж, үзэгчдэд “цоо шинэ тавилт” нь хэлбэрдэлт, харагдах байдлын гоё ганганаас илүүтэй агуулгаар хүрч чадах байсан болов уу.

Учир нь урлаг омогшил, тансаглал мэдрүүлж, уяхан сэтгэлт хүмүүнийг уярааж зугаацахаас илүүтэй агуулга, хэлбэрийн тэнцэлд илүүтэй анхаарал хандуулж асуулт үлдээхийг чухалчилдаг. Иймэрхүү хэт их сүр бадруулсан тансаглал, байгалийн гоёмсог чулууг хөвдөөр нь бус алтаар бүрчихсэн мэт хэлбэрдэлтийн тансаглалаас залхах болоогүй л байна уу? гэж асуумаар санагдана.

#онцолсон, #"Тамгагүй төр" жүжиг, #онцлох зураг, #түүхэн жүжиг,