ДЭЛХИЙН МЭДЭЭ

Герман Киев рүү “Leopard” танкаа, АНУ “Ambrams” танкаа илгээхээр болсныг эх сурвалжууд мэдээлэв

Германы канцлер Олаф Шольц Украин руу “Leopard 2” байлдааны танк илгээж, Польш зэрэг бусад орнуудад мөн нийлүүлэх зөвшөөрөл өгөх гэж байгаа тухай дотоодын хэвлэлүүд мэдээлжээ.

Үүний зэрэгцээ, АНУ Украинд “Abrams” танк нийлүүлэхээр шийдсэн болохыг эх сурвалжууд “Reuters” агентлагт мэдээлсэн байна.

Германы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч, Гадаад хэргийн яам, Батлан хамгаалах яам одоогоор мэдээлэл өгөөгүй байна.

Энэ талаар анх мэдээлсэн “Spiegel” сэтгүүлд бичсэнээр Герман дор хаяж нэг бүлэг буюу 14 ширхэг “Leopard 2 A6” танкийг Украинд өгөхөөр төлөвлөж байгаа бөгөөд эдгээрийг тус улсын зэвсэг хүчин буюу Бундесверийн нөөцөөс гаргах аж.

“Өнөөдөр Канцлер хүндхэн шийдвэр гаргалаа. Герман Украиныг “Leopard” танкаар дэмжинэ гэдэг нь эв нэгдлийн хүчтэй дохио юм” гэж Чөлөөт ардчилсан нам (FDP)-ын парламентын бүлгийн дарга Кристиан Дуер хэлснийг “t-online” мэдээллийн портал иш татсан байна.

Бундестагийн дэд ерөнхийлөгч Катрин Геринг-Экардт мөн энэ талаарх мэдээний холбоосыг хуваалцахдаа “Ирвэс суллагдлаа!” хэмээн жиргэжээ.

Германы шийдвэрийг дагаад Скандинавын бусад холбоотнууд Киевт танк нийлүүлэх төлөвтэй байна.

Түүнчлэн Вашингтон “Abrams” танкнуудыг Украин руу нийлүүлэхээр болсон тухайгаа лхагва гарагт зарлаж магадгүй байгааг АНУ-ын албаны хүмүүс “Reuters”-т мэдээлжээ.

Гурав дахь эх сурвалжийн хэлснээр АНУ ирэх саруудад нийт 30 орчим “Abrams” танкийг нийлүүлэхээр төлөвлөсөн байна.

Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Украины аюулгүй байдалд туслах санаачилга (USAI)-аар дамжуулан холбоотнуудаасаа танк худалдан авч, сэргээн засварлаж, дараа нь Украин руу илгээх гэнэ. Энэ үйл явц хэдэн сар, бүр хэдэн жилээр ч үргэлжилж магадгүй аж.

Албаны хүмүүс “Abrams”-ыг ажиллуулахад хэцүү, украинчуудыг сургахад хүндрэлтэй, онгоцны түлшээр ажилладаг тул дайны энэ үе шатанд тааруухан сонголт гэж үзэж байгаагаа ярьжээ.

АНУ-ын энэ шийдвэр нь Германы шийдвэрт нөлөөлөх цорын ганц зорилготой болохыг Стратегийн болон олон улсын судалгааны төвийн батлан хамгаалахын мэргэжилтэн Марк Кансианы тайлбарлав.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet