ДЭЛХИЙН МЭДЭЭ

Цар тахлын улмаас Европт ХДХВ-ийн илрүүлэлт буурч, оношлогдоогүй хүмүүсийн тоо нэмэгджээ

Ковид-19 цар тахлын үед шинжилгээнд хамрагдах хувь хэмжээ буурснаар Европт оношлогдоогүй ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн тоо нэмэгдсэн гэсэн тооцоо гарчээ. Тайланд дурдсанаар энэ нь 2030 он гэхэд уг өвчний тархалтыг бүрэн зогсоох Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын зорилтод заналхийлж байна гэж дүгнэсэн байна.

ДЭМБ болон Европын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвийн (ECDC) хамтарсан тайланд Европын бүс нутагт 2021 онд ХДХВ-ийн халдварын оношилгоо тахлын өмнөх үеийнхтэй харьцуулахад дөрөвний нэгээр буурсан болохыг тэмдэглэжээ.

Энэ бүс нутагт ХДХВ-ийн халдвар хамгийн өндөр Орос, Украин улс багтдаг.

Энэхүү ухралт нь тахлын хоёр жилийн хугацаанд Европын олон оронд ХДХВ-ийн халдвартай холбоотой үйлчилгээ, тэр дундаа шинжилгээ хязгаарлагдмал болсонтой холбоотой байх магадлалтай гэж тайланд дурджээ.

“ECDC”-ийн ХДХВ-ийн мэргэжилтэн Анастасия Фаррис лхагва гарагт хийсэн хэвлэлийн бага хурал дээр “Ковид-19 цар тахлын улмаас эмнэлзүйн салбарууд болон нийгмийн эрүүл мэндийн байгууллагуудад шинжилгээ хийх нь багасаж, нэмэлт шаардлагууд тавьдаг болсон нь 2020, 2021 онд тохиолдлын илрүүлэлтэд нөлөөлсөн байх магадлалтай. Мөн бид энэ байдал өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа гэж үзэж байна” гэж хэлжээ.

Халдварын тоог урьдчилан таамаглахад загварчлал ашигласан бөгөөд үр дүнг нь ДЭМБ-ын Европын бүсийн 53 орны 46-д нь хийсэн шинжилгээний мэдээлэлтэй харьцуулсан байна.

Эцэст нь тус бүс нутагт ХДХВ-ийн халдвартай найман хүн тутмын нэг нь оношлогдоогүй хэвээр байна гэж дүгнэжээ.

ХДХВ-ийн халдвар авах болон оношлогдох хүртэлх хугацаа урт байх тусам хүндээр өвчлөх, нас барах магадлал, хүмүүс бэлгийн хавьтагчдаа мэдэлгүйгээр вирус дамжуулах магадлал өндөр болдог гэж тайланд дурджээ.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet