ДЭЛХИЙН МЭДЭЭ

НАТО Украинд илүү их зэвсэг нийлүүлж, эрчим хүчний сүлжээг сэргээн засварлахад туслахаа амлалаа

НАТО Украинд илүү их зэвсгийн тусламж үзүүлж, Оросын пуужин, нисгэгчгүй онгоцнуудын асар их цохилтын улмаас сүйдсэн эрчим хүчний дэд бүтцийг засахад туслахаа амлалаа.

Румыний нийслэл Бухарест хотноо болсон НАТО-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр тус цэргийн эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Москваг “өвлийг дайны зэвсэг болгон ашиглахыг оролдож байна” гэж буруутгав.

“Орос улс үндсэндээ тулааны талбарт ялагдаж байгаа учраас үүний хариуд тэд энгийн иргэд болон хотууд руу довтолж байна” гэж Столтенберг хэлжээ.

Оросын эрчим хүчний сүлжээнд хийсэн цохилтоос болж олон сая украинчууд тэсгим хүйтэнд цахилгаангүй, усгүй болсон бөгөөд Женевийн конвенцын дагуу энгийн иргэд эсвэл иргэний амин чухал дэд бүтцэд үйлдсэн халдлагыг дайны гэмт хэрэгт тооцдог.

Хоёр өдөр үргэлжлэх уулзалтын эхний өдөр буюу мягмар гарагийн орой НАТО мэдэгдэл гаргаж, Оросын зэвсэгт хүчин Украины энгийн иргэд болон эрчим хүчний сүлжээнд тасралтгүй халдаж байгаа нь “​​олон сая хүний ​​үндсэн хэрэгцээг тасалдуулж байна” гэж анхааруулсан.

Иймд НАТО-ийн гишүүд Украинд эрчим хүчний дэд бүтцээ сэргээн босгож, ард иргэдээ пуужингийн довтолгооноос хамгаалахад нь тусална гэж амласан байна.

Мөн Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулебатай хамтарсан хэвлэлийн бага хурал дээр Столтенберг “Украины талд зогссоор байх болно. Бид ухрахгүй” гэж мэдэгджээ.

Тэрээр цааш нь “Ерөнхийлөгч Путин Украинд ялалт байгуулж болохгүй. Энэ нь Украины хувьд эмгэнэл байх боловч түүнээс илүүтээ дэлхий тэр чигтээ илүү аюултай болох юм” гэж хэлэв.

Харин Кулеба “Бид та бүхний хийсэн зүйлд талархаж байгаа ч дайн үргэлжилсээр байна. Зэвсэг, үйлдвэрлэлийн шугамын талаарх шийдвэрийг хурдан гаргах хэрэгтэй” гээд зэвсгийн тусламжаа нэмэгдүүлж, нийлүүлэх явцаа түргэсгэхийг хүсжээ.

Эстонийн Гадаад хэргийн сайд Урмас Реинсалу дараа нь “BBC”-ийн нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө НАТО Украинд Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөх чадвартай пуужин нийлүүлэх шаардлагатай гэж мэдэгдсэн байна.

Гэсэн ч АНУ тэргүүтэй НАТО-ийн холбоо Украинд холын зайн тусгалтай пуужин болон бусад төрлийн дэвшилтэт зэвсэг нийлүүлэхээс татгалзаж, энэ нь цөмийн зэвсэгтэй Оростой холбоотой томоохон хурцадмал байдалд хүргэж болзошгүй гэж болгоомжилж ирсэн билээ.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet