БАЙГАЛЬ ОРЧИН

Уур амьсгалын өөрчлөлт Монголын уламжлалт нүүдлийн мал аж ахуйд заналхийлж байгааг “Al Jazeera” онцолжээ

Гэрэл зургийг MPA.mn

Уур амьсгалын өөрчлөлт Монголын уламжлалт нүүдлийн мал аж ахуйд заналхийлж буйг “Al Jazeera” агентлаг онцолжээ.

Тус агентлагийн сурвалжлах баг Улаанбаатар хотоос 800 орчим км-ийн зайд орших Цахир сумын Отгонбаатар гэх малчин айлд зочилж, уур амьсгалын хямрал тэдний аж амьдралд хэрхэн нөлөөлж буй талаар ярилцсан байна.

Отгонбаатарын гэр бүл хэдэн үеэрээ ойролцоо урсах жижиг горхийг бараадан нүүдэллэж ирсэн ч горхины урсгал гурав дахь жилдээ удааширч, багассан, мөн нэгэн цагт үржил шимтэй байсан толгод өдгөө “амьгүй” болсон тухай ярьжээ.

Тэрээр “Зун ногоон байхаа больсон. Мөн энд өнгөрсөн жилээс бага устай байна” гэж “Al Jazeera”-д ярьсан байна.

Мөн зайдуу харагдах мөнх цаст уулын орой руу заагаад, “Жилийн турш цастай байдаг байсан ч одоо хайлж байгаа” гэж хэлжээ.

“Al Jazeera” түүний хүү гурван настай Мягмар-Очирыг дурдаад “эцгийнхээ мөрөөр явж, олон мянган жилийн өмнөөс уламжлагдаж ирсэн соёлоо хадгалан үлдэх түүний мөрөөдөл” аюулд өртөж байгааг тэмдэглэсэн байна.

Цахирын айлууд хатуу ширүүн өвлийн улирлыг урьтаж жил бүрийн аравдугаар сард 2,000 гаруй адуу цуглуулж, оторлож хариулдаг уламжлалтай. Гэсэн ч уур амьсгалын өөрчлөлтөөс болоод 2018 оноос хойш сүргээ цуглуулж чадаагүй байна. Цахир сумын засаг дарга ган гачиг бэлчээрийг маш ихээр гэмтээсэн учраас өвлийн улиралд адуун сүргийг тогтвортой тэжээх боломжгүй болсон талаар “Al Jazeera”-д ярьжээ.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд гадаад худалдаа саарсантай холбоотойгоор дотоодод ноос болон бусад малын гаралтай бүтээгдэхүүний үнэ буурч, малчдын орлого дагаад багассан тухай нийтлэлд дурдсан байна.

Мөн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах үндэсний томоохон санаачилга болох “Нэг тэрбум мод” аяныг нийтлэлийн төгсгөлд дурджээ.

Эх сурвалж: Al Jazeera

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet