ДЭЛХИЙН МЭДЭЭ

“Manchester United”-ын эзэд багаа зарахаар төлөвлөж байна

“Manchester United”-ын эзэд болох Глэйзерийн гэр бүл багаа зарах бодолтой байгаагаа мэдэгдэв.

Глэйзерийн гэр бүл Премьер лигийн багийг 2005 онд 790 сая фунтээр худалдаж авч байжээ.

Клубын мэдэгдэлд “Удирдах зөвлөл нь клубт шинэ хөрөнгө оруулалт хийх, зарах эсвэл клубтай холбоотой бусад хэлцэл зэрэг стратегийн бүх хувилбаруудыг авч үзэх болно” гэжээ.

Мөн “клубын эрэгтэй, эмэгтэй тамирчид болон академийн багуудын урт хугацааны амжилтыг нэмэгдүүлэх, мөн фенүүд болон бусад сонирхогч талуудад ашиг тустай байхын тулд цэнгэлдэх хүрээлэн, дэд бүтцийн шинэчлэл, клубын арилжааны үйл ажиллагааг дэлхийн хэмжээнд өргөжүүлэх зэрэг хэд хэдэн санаачилгад үнэлгээ хийх болно” гэж мэдэгдсэн байна.

Гүйцэтгэх захирлууд болох Аврам Глэйзер, Жоэл Глэйзер нар “Бид клубын амжилтын түүхийг үргэлжлүүлэхийг эрмэлзэж байгаа бөгөөд Удирдах зөвлөл стратегийн хувилбаруудыг нарийвчлан үнэлэхийг зөвшөөрсөн. Энэ үйл явцын туршид бид хөгжөөн дэмжигчид, хувьцаа эзэмшигчид болон янз бүрийн сонирхогч талуудын ашиг сонирхлын төлөө бүх анхаарлаа төвлөрүүлэх болно” гэж мэдэгджээ.

Гэсэн ч клубын мэдэгдэлд хяналт шалгалтын явцад компанитай холбоотой аливаа хэлцэлд хүрнэ гэсэн баталгаа байхгүй гэдгийг сануулсан байна.

Премьер лигт тавдугаар байрт бичигдэж буй “Manchester United” 2013 оноос хойш аварга болж чадаагүй бөгөөд 2017 онд Европын лиг болон “EFL” цомыг хүртсэнээс хойш нэг ч цом хүртээгүй юм.

Сүүлийн жилүүдэд Глэйзерсийн өмчлөлийн эсрэг олон удаа эсэргүүцлийн жагсаал болсон ба 2021 оны тавдугаар сард Ливерпүүлтэй хийх тоглолтыг хойшлуулахад хүрч байжээ.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet