ДЭЛХИЙН МЭДЭЭ

Путиний холбоотон Евгений Пригожин АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрөв

Даваа гарагт Оросын бизнесмэн Евгений Пригожин АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Пригожин мэдэгдлээ “ВКонтакте” платформ дахь өөрийн “Concord” кейтеринг компанийн цахим хуудсанд нийтэлжээ.

“Бид АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцсон, бид одоо ч хөндлөнгөөс оролцож байгаа ба цаашид ч хөндлөнгөөс оролцох болно. Болгоомжтой, нямбай, мэс заслын аргаар буюу өөрсдийнхөө арга барилаар, хийж дадсанаараа” гэж мэдэгдэлдээ бичжээ.

Мягмар гарагт АНУ-ын завсрын сонгууль болох бөгөөд Оросын талаас үүнд хөндлөнгөөс оролцож байна гэж “Bloomberg” саяхан гаргасан тайландаа дүгнэсэн. Оросын мэдээллийн сайт уг дүгнэлтэд тайлбар өгөхийг хүсэхэд Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний ойрын холбоотон Пригожин ийнхүү хариулсан аж.

Тэрээр мөн мэдэгдэлдээ “Бид хагалгааны үеэр бөөр, элэг хоёрыг нь нэгэн зэрэг авах болно” гэж бичсэн байна.

“Путиний тогооч” гэгддэг Пригожин нь АНУ-ын улс төрд нөлөөлөх зорилготой Орост байрладаг “троллын фермүүдийг” ивээн тэтгэсэн хэргээр албан ёсоор буруутгагдаж байгаа.

Орос улс 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон талаар Тусгай зөвлөх Роберт Мюллерийн мөрдөн байцаалтын хүрээнд Пригожин болон Оросын өөр арван иргэн, Оросын гурван компанийг 2018 онд яллагдагчаар татаж байв.

Пригожинийг 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Америкийн олон нийтийн санаа бодлыг хагалан бутаргах, үл ойлголцлыг өдөөсөн хэргээр буруутгаж байсан боловч Пригожин Кремлийн нэгэн адил үүнийг үгүйсгэж байсан юм.

Энэ долдугаар сард АНУ-ын Төрийн департамент Пригожинийг “АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцсон” гэдгийг нотлох аливаа мэдээлэлд 10 сая ам.долларын шагнал амласан байна.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet