ДЭЛХИЙН МЭДЭЭ

Хятадын төлөөлөгчдийг Их Британийн парламентын ордонд нэвтэрч, Хатан хаанд хүндэтгэл үзүүлэхийг хоригложээ

“BBC News”-ийн мэдээлснээр Хятадын засгийн газрын төлөөлөгчдийг Хатан хаан II Элизабетад хүндэтгэл үзүүлэхийг хориглосон байна.

Өнгөрсөн жил Хятадын засгийн газар лалын шашинтай уйгур үндэстний эсрэг хүчирхийлэл үйлдсэн гэж тус улсыг буруутгасан Их Британийн парламентын долоон гишүүнийг оролцуулаад нийт есөн хүнд зорчих хязгаарлалт тогтоож, хөрөнгийг нь битүүмжилсэн.

Парламентын доод танхимын дарга Линдсей Хойл дээрх хориг арга хэмжээний улмаас Хятадаас Их Британид суугаа элчин сайдыг парламентын танхимд оруулахыг хориглосон аж. Цаашлаад Хатан хаан II Элизабетад хүндэтгэл үзүүлэхийг хүссэн Хятадын бусад төлөөлөгчдийг танхимд нэвтрүүлэхээс татгалзсан байна.

Хатан хаан II Элизабетын оршуулах ёслол даваа гарагт болох бөгөөд шарилыг ёслол хүртэл Вестминстер буюу парламентын ордонд олон нийтэд нээлттэй байлгах юм.

Парламентын засаглалын дүрэмд зааснаар 1965 онд Хатан хаан II Елизабет Вестминстерийн танхимын хяналтыг хаанаас томилогдсон ордны тэргүүн түшмэл болон парламентын доод, дээд танхимын дарга нарт хариуцуулжээ. Үүний дагуу Вестминстерийн хоёр танхимд гадаадын өндөр албан тушаалтнуудыг урихдаа танхимын гурван хариуцагч санал нэгдэх ёстой байдаг байна.

Өнгөрсөн есдүгээр сард доод болон дээд танхимын дарга нар Их Британид суугаа Хятадын элчин сайдыг мөн л Бээжингийн хориг арга хэмжээний улмаас парламентад нэвтрэхийг нь зөвшөөрөөгүй гэдгээ мэдэгдэж байв.

Тухайн үед Хятадын засгийн газар энэ хоригийг “жигшүүртэй, хулчгар” хэмээн шүүмжилж байсан.

Пүрэв гарагт Хятадын хоригт өртсөн парламентын долоон гишүүн Их Британийн Гадаад хэргийн сайдад хандан Ши Жиньпиний Хатан хааны оршуулгад оролцох урилгыг эргүүлэн татахыг уриалжээ. Уйгур, Төвөд, Хонконг зэрэг газруудад болж буй хүний эрхийн ноцтой зөрчлийг харгалзан Хятадын засгийн газрын төлөөлөгчийг ёслолд оролцуулах нь туйлын тохиромжгүй гэж тэд үзсэн байна.

Ши Жиньпин нь төрийн оршуулгын зочдын жагсаалтад багтсан ч, тус улсыг дэд Ерөнхийлөгч Ван Цишань төлөөлөх төлөвтэй байна.

Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч энэ талаар, дүрмийн дагуу Их Британитай дипломат харилцаатай улс орнуудыг оршуулах ёслолд урих ёстой гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet