ДЭЛХИЙН МЭДЭЭ

Пелоси Тайваньд айлчилбал Хятад улс хүчээ үзүүлж магадгүй

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Тайваньд хийх айлчлалд Хятад улс цэргийн өдөөн хатгалгаар хариу үйлдэл үзүүлж магадгүй гэж Цагаан ордон анхаарууллаа.

Хэвлэлийн төлөөлөгч Жон Кирбигийн хэлснээр Хятад улс Тайванийн ойролцоо пуужин харвах, эсвэл агаарын болон тэнгисийн цэргийн томоохон үйл ажиллагаа явуулж магадгүй байна.

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Пелоси Ази тивд хийх айлчлалаа ням гарагт эхлүүлсэн бөгөөд тэрээр Конгрессын төлөөлөгчдийн хамт Сингапур, Малайз, Өмнөд Солонгос, Япон зэрэг улсуудад айлчилна гэдгээ мэдэгдээд байгаа.

Албан ёсны мэдэгдэлд Тайванийн талаар дурдаагүй ч Тайвань болон АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг Тайпэйд айлчлахаар төлөвлөсөн тухай мэдээлжээ. Энэ мэдээллийг АНУ-ын засгийн газар хараахан батлаагүй байна.

Тайвань бол өөрийгөө захирдаг ардчилсан улс боловч Хятад улс арлыг өөрийн газар нутаг хэмээн үздэг бөгөөд Пелосиг аралд айлчилбал “ноцтой үр дагаварт хүрнэ” гэж өмнө нь анхааруулж байсан. Мөн даваа гарагт Хятадаас НҮБ-д суугаа төлөөлөгч Жан Жун энэхүү айлчлал нь Бээжин, Вашингтоны харилцаанд сөргөөр нөлөөлнө гэж анхааруулсан байна.

Даваа гарагт Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын төлөөлөгч Жон Кирби хэлэхдээ Хятад улс ойрын өдрүүдэд Тайванийн хоолойг олон улсын усан зам биш гэж мэдэгдэх зэргээр “үндэслэлгүй шаардлага” тавьж хурцадмал байдал үүсгэж болзошгүй гэжээ.

Мөн Бээжин Тайванийн агаарын орон зайд нэвтэрч нислэг үйлдэж магадгүй гэж хэлэв.

Кирби Бүгд найрамдах намын Төлөөлөгчдийн танхимын дарга асан Ньют Гингрич 1997 онд Тайваньд айлчилж байсан бөгөөд энэ оны эхээр АНУ-ын бусад хууль тогтоогчид Тайваньд айлчилсан гэдгийг онцлов.

Тэрээр “Юу ч өөрчлөгдөөгүй. Асуудлыг дэвэргэх шаардлага байхгүй. Төлөөлөгчдийн танхимын дарга өмнө нь Тайваньд зочилж байсан” гэж хэлээд, Пелоси Ази дахь айлчлалынхаа үеэр АНУ-ын цэргийн онгоцоор зорчиж байгааг дурджээ.

Үүний зэрэгцээ, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Пелосигийн айлчлалтай холбоотой асуудалд хариуцлагатай хандахыг, хурцадмал байдал үүсгэхгүй байхыг Хятадад уриалсан байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet