Ж.Баярмагнай: “ХИГАШИКАВА” фото фестиваль нь гэрэл зургаар дамжуулж хүүхдүүдийн багийн ажиллагааг дэмжих зорилготой

“ХИГАШИКАВА” Олон улсын өсвөрийн гэрэл зурагчдын Фестивальд оролцох хүүхдүүдийн Монгол дахь сонгон шалгаруулалт өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны өдөр эхэлсэн. Бүртгэлийн явц болоод фестивалийн талаар МГЗНХ-ны менежер Ж.Баярмагнайтай ярилцлаа.
-Энэ жил зургаа дахь жилдээ болох гэж буй “ХИГАШИКАВА” фото фестивалийн талаар яриагаа эхэлье. Олон орны хүүхдүүдийг хамруулдаг тус арга хэмжээний талаар уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?
-Энэхүү фестиваль нь Япон Улсын Хоккайда мужын Хигишикава хотноо зохион байгуулагддаг олон улсын өсвөрийн гэрэл зурагчдын наадам юм. Тус наадам нь олон улсын хэмжээнд зургаа дахь удаагаа, дотооддоо 34 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Наадмын хүрээнд зохион байгуулдаг нэг том арга хэмжээ нь “ХИГАШИКАВА” Олон улсын өсвөрийн гэрэл зурагчдын фестиваль юм. Тус фестиваль нь гэрэл зургаар дамжуулж дунд сургуулийн сурагчдын багийн ажиллагааг дэмжих, хөгжүүлэх зорилготойгоороо онцлог юм. Америк, Орос, Хятад, Япон, Солонгос гээд Ази-Европын 22 орны сурагчид оролцдог ба жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулагддаг байгаа. Түүнчлэн нэг улсаас зөвхөн нэг багийг сонгон шалгаруулдаг. Өөрөөр хэлбэл, 22 орны гэрэл зурагт дуртай, шилдэг сурагчид баг болж улсаа төлөөлөн оролцдог юм.

-Монгол хүүхдүүдийн хувьд энэхүү арга хэмжээнд хэд дэх удаагаа оролцох гэж байна вэ?
-Энэ жил гурав дахь жилдээ оролцох гэж байна. Анх 2018 оноос оролцож эхэлсэн. Монгол талын зохион байгуулалт болоод оролцох сурагчдын сонгон шалгаруулалтыг Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хариуцан ажилладаг байгаа.
-Өмнөх жилүүдийн наадамд манай улсаас ямар, ямар сургуулийн баг оролцсон бэ. Тэдний гаргасан амжилтаас та хуваалцаач?
-Эхний жил буюу 2018 онд Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн сурагчид, 2019 онд “Шинэ Эхлэл” сургуулийн сурагчид шалгарч эх орноо төлөөлөн оролцсон.

Тус фестиваль нь шүүгчдийн үнэлгээгээр, оролцогч багуудын үнэлгээгээр, интернэт санал асуулгаар гэсэн үндсэн гурван төрөлд шилдэгүүдийг шалгаруулдаг. Бидний оролцсон анхны жил буюу 2018 онд Монголын баг шүүгчдийн нэрэмжит төрөлд 22 орны хүүхдүүдээс хоёрдугаар байранд орж байсан бол өнгөрсөн жилийн хувьд хоёр төрөлд тэргүүн байр эзэлсэн. Шүүгчдийн үнэлгээ болон оролцогч багуудын үнэлгээгээр тус тус нэгдүгээр байрт шалгарч маш амжилттай оролцсон.
-“ХИГАШИКАВА” Олон улсын өсвөрийн гэрэл зурагчдын фестивальд манай сурагчид жил бүр оролцож байгаагийн гол ач холбогдол нь юу вэ?
-Хүүхдүүдийн хийж бүтээх гэсэн хүсэл эрмэлзлэлд гэрэл зургаар дамжуулж боломж олгож, дэмжиж байгаагаараа чухал ач холбогдолтой. Фестивальд оролцсоноор хүүхдүүд маань 22 орны хүүхдүүдтэй найз болоод зогсохгүй туршлага судлан, шинэ зүйлтэй танилцаж гайхалтай сайхан дурсамж бүтээгээд ирдэг.
-Уралдаан оролцох хүүхдүүдийн зүгээс зардал мөнгө шаарддаг уу?
-Шалгарсан хүүхдүүдийн фестивальд оролцох онгоцны нислэгийн хоёр талын тасалбар болон Хигашикава хотод байрлах нийт зардлыг зохион байгуулагч тал 100 хувь хариуцдаг байгаа.

-Энэ жилийн фестивальд оролцох хүүхдүүдийн сонгон шалгаруулалт өнгөрсөн сард эхэлсэн. Одоогоор хэчнээн багаас нийт хэдэн бүтээл ирээд байна вэ?
-Одоогийн байдлаар Улаанбаатар хот болон орон нутгийн 10 гаруй сургуулийн сурагчид бүтээлээ ирүүлээд байна. Өнгөрсөн жилүүдийн хувьд ЕБС-ийн 20 гаруй сургуулийн баг өрсөлдсөн. Фестивалийн гол шаардлага нь заавал нэг сургуулийн гурван сурагч баг болж байж шалгаруулалтад оролцох эрхтэй болж байгаа. Удирдамжинд ч энэ талаар танилцуулсан. Ирсэн бүтээлийг харж байхад зарим сургуулийн хүүхдүүд ганцаараа бүтээлээ ирүүлсэн байна. Сонирхож буй хүүхдүүдийн хувьд эхний ээлжинд багаа бүрдүүлэх хэрэгтэй.
-Уралдааны сэдэв нь юу вэ?
-Өмнөх жилүүдэд уралдааны сэдэв чөлөөтэй байсан. Энэ жилийн хувьд “Миний сайхан орон” гэсэн сэдэвтэй байгаа. Гэхдээ энэхүү сэдэв нь дотроо чөлөөтэй юм. Өөрийн амьдардаг хот, аймаг, сургууль, гэр бүл, найз нөхдийн хүрээнд авсан бүтээл байж болно. Хамгийн гол нь багийн гурван гишүүний зураг нийлээд нэг утга, агуулгатай байх ёстой.

–Шалгаруулалт хэднийг хүртэл үргэлжлэх вэ?
-Эцсийн дүн гарах хугацаа дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөр төлөвлөгдөж байсан ч коронавирусээс шалтгаалж тавдугаар сарын дунд хүртэл хойшлогдсон байгаа. Үүнтэй холбогдуулан сурагчдын бүтээл хүлээж авах хугацааг энэ тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл сунгасан. Түүнчлэн коронавирусийн тархалтын нөхцөл байдлаас хамаарч фестивалийн хугацаа хойшлогдох эсвэл энэ жилдээ цуцлагдах ч магадлалтай болоод байна. Гэхдээ зохион байгуулагч Хигашикава хотын зүгээс одоогийн байдлаар хугацаандаа зохион байгуулах талаас нь бэлтгэл ажлуудыг хийж байгаагаа бидэнд мэдэгдсэн. Хугацаа сунгагдах, цуцлагдах эсэх шийдвэрийг тавдугаар сарын эхэн хүртэл байдлыг харж байж танилцуулна гэсэн байгаа.
-Энэхүү уралдаан Олон улсынх гэдгээрээ том давуу талтай. Сонирхож, оролцох гэж байгаа хүүхдүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ?
-Өмнө хэлсэнчлэн энэхүү фестивалийн зорилго нь дунд сургуулийн сурагчдын багийн ажиллагааг гэрэл зургаар дамжуулан хөгжүүлэх, гэрэл зурагт дуртай сонирхолтой хүүхдүүдийг дэмжих юм.
Тиймээс гэрэл зураг авч байсан цаашид зураг авах сонирхолтой бол багаа бүрдүүлж бидэнд бүтээлээ илгээгээрэй.
Дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах холбоосоор орж танилцана уу.
Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах