newswire

Хүний амь хохироосон нинжа нарт ял оноолоо


Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 онд гарсан таван хүнд холбогдох хүн амины хэргийг шийдвэрлэсэн байна. Хэргийг эргэн сануулбал, иргэн С нар нь Ховд аймгийн Булган сумд 2018 оны гуравдугаар сард очиж, хууль бусаар ашигт малтмал эрж хайх, олборлох зорилгоор нийтийн хэв журмыг зөрчиж, бүлэглэн бусдад хүч хэрэглэн эд хөрөнгийг нь устгаж гэмтээн, онц харгис хэрцгийгээр нэг хүний амь насыг хохироож, гурван хүний эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна. Уг хэргийг Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсээс шалган, мөн сум дахь сум дундын прокурорын газраас хяналт тавьж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баян-Өлгий аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Шүүх хэргийг 2020 оны энэ сарын 5-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгч С-ийг бусдыг онц харгис хэрцгийгээр алсан, бусдын эрүүл мэндэд хүнд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож 19 жилийн хорих ял оногдуулан, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, мөн шүүгдэгч С, Б, М, П нарыг нийтийн хэв журмыг зөрчиж, бүлэглэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдад халдсан, эд хөрөнгө устгаж гэмтээсэн гэм буруутайд тооцож 2-3 жилийн хорих ял тус тус оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet