photo_2026-10-09_14-02-31.jpg

Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.09) нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын 83 гишүүн хүрэлцэн ирснээр 66 хувийн ирцтэйгээр 10.01 цагт эхэлж, долоон асуудал хэлэлцэхээр товлов.

Нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, ирэх өдрүүдэд Улаанбаатар хотноо “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт” болохыг мэдээлж, УИХ-ын гишүүдийг идэвхтэй оролцохыг уриалав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор 10 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болох аж. Төрийн ордонд болох эл чуулга уулзалтад 20 гаруй улс орны парламентын эмэгтэй төлөөлөгчид “Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдвийн дор хуран чуулна гэдгийг С.Бямбацогт дарга тодотгоод “Энэхүү чуулга уулзалтаар хууль тогтоох, засаглалын шийдвэр гаргах, бодлого тодорхойлох эрхэм бөгөөд хариуцлагатай үйлсэд эмэгтэйчүүдийн оролцоог зөвхөн тоон төлөөллөөр хязгаарлахгүй, бодит нөлөөллийн түвшинд хүргэх зорилгыг ажил хэрэг болгох арга замыг хамтдаа эрэлхийлэх юм” хэмээн мэдээлсэн.

photo_2026-10-09_14-02-35 (3).jpg

Дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх заалтыг баримтлан Б.Мөнхсоёл нарын 27 гишүүний хамт боловсруулан энэ сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд, энэ сарын 07-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төслийг Төсвийн байнгын хороонд, мөн өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд байгуулсан Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төслийг Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд тус тус хуваарилсныг Улсын Их Хурлын дарга танилцууллаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн. Засгийн газраас 2026 оны 9 дүгээр сарын 02-ны өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн танилцууллаа.

Иргэний эрх зүйн маргааныг шүүх хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж байгаа зарим асуудлыг шийдвэрлэх, иргэний шүүхийн ачааллыг зохистой болгох, иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах зорилгоор төслийг боловсруулсан байна.

Иргэний хэргийн анхан шатны шүүх 2026 оны эхний хагас жилд 73680 хэрэг хянан шийдвэрлэсэн бөгөөд 62.2 хувь буюу 45843 хэрэг тусгай журмаар хянан шийдвэрлэгдсэн байна. Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн 45843 хэргийн 53.5 хувь болох 24,487 хэргийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх, 46.5 хувь болох 21,356 хэргийг орон нутаг, бусад дүүргийн шүүх шийдвэрлэжээ.

photo_2026-10-09_14-02-31 (2).jpg

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2024 оны хуулиар Долдугаар¹ бүлэг буюу “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны зохицуулалтыг шинээр тусгаж, бага үнийн дүнтэй хэргийг хялбар, шуурхай процессоор шийдвэрлэж эхэлсэн боловч хууль хэрэгжиж эхэлснээс хойш практикт тодорхой хүндрэл, асуудал үүсэж байгаа талаар хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайланд дурдсан байдаг байна. Ийнхүү тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмыг боловсронгуй болгож, шүүхийн үйл ажиллагааг шуурхай, үр нөлөөтэй болгох үүднээс хуулийн төсөлд зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг тусгасан хэмээн Г.Тэмүүлэн сайд танилцууллаа.

2024 онд байгуулагдсан Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй буюу тухайн үед 15.8 сая төгрөгөөс доош мөнгөн хөрөнгө гаргуулах иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэдэг болсон. Гэтэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянга байхад буюу 2024 онд нэг шүүгчид 619 хэрэг ногдож байсан бол 2025 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болж нэмэгдсэнээр нэг шүүгчид ногдох хэргийн тоо 619-өөс 1,456 болж шүүхийн ачаалал 2.5 дахин өссөн, 2026 оны 8 дугаар сарын байдлаар нэг шүүгчид ногдох хэргийн тоо 1559 болж жил ирэх тусам өсөж байгаа аж. Энэ нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тогтоосон нэг шүүгчид ногдох зохист ачааллыг 336 хэрэг гэж тогтоосноос 4.3 дахин их болсон байна. Цаашид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх бүрд энэ ачаалал улам нэмэгдэхээр байгааг төслийн танилцуулгад дурдав. Нэг шүүгчид оногдох хэргийн ачаалал хэт их байх нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний шүүхэд мэдүүлэх, шударга шүүхээр шүүлгэх эрх ноцтой зөрчигдөхөд хүргээд байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд тодотголоо.

Сүүлийн жилүүдэд цахим зээлийн гэрээ байгуулах явдал нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ төрлийн маргааны тоо өсөж, энэ нь шүүхийн ачааллыг эрс нэмэгдүүлж байгаа гэлээ. Цахим зээлийн гэрээний маргааны дийлэнх нь зээлийн үнийн дүнтэй холбоотойгоор хялбар ажиллагааны шүүхийн харьяалалд хамаардаг байна.

photo_2026-10-09_14-02-32 (2).jpg

Иймд хялбар ажиллагааны шүүхийн харьяаллын хэргийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хамааралгүйгээр тогтмол мөнгөн дүнгээр хуульчлах шаардлагатай гэж үзэж, одоогийн босгоор үлдээж, 15,8 сая төгрөгөөс доош үнийн дүнтэй хэргийг тусгайлсан журмаар шийдвэрлэхээр хуулийн төсөлд тусгажээ.

Хялбар ажиллагааны шүүх нь бага үнийн дүнтэй хэргийг 45 хоногийн дотор хурдан шуурхай шийдвэрлэж, давж заалдах шатны журмаар хянуулах боломжтой байхаар хуульд зохицуулсан боловч хялбар ажиллагааны шүүх харьяаллын бус нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг үүсгэсэн тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгож, улмаар иргэн дахин шинээр харьяаллын дагуу шүүхэд хандах шаардлагатай болдог аж. Энэ нь иргэдэд цаг хугацаа, зардлын нэмэлт дарамт учруулж байгаагын зэрэгцээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж, улмаар иргэдийн шүүхэд хандах, эрхээ хамгаалуулах боломж ноцтой зөрчигдөхөд хүрч байгаа хүндрэл үүссэн байна.

Иймд энэхүү зохицуулалтыг өөрчилж, шүүх харьяаллын бус нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг үүсгэсэн тохиолдолд харьяалах ердийн шүүхэд шилжүүлж, хэрэг хянан шийдвэрлэх хугацааг шинээр тоолохгүй үргэлжлүүлэн шийдвэрлүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхийн мэдэгдэх хуудсыг хэргийн оролцогчдод, ялангуяа хариуцагчид хүргүүлэх ажиллагааг цахимжуулж, үр нөлөөг нэмэгдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байгаа асуудлыг шийдвэрлэх шаардлага зайлшгүй үүссэн байна.

photo_2026-10-09_14-02-32 (3).jpg

Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шуурхай байдлыг хангах голлох зохицуулалт бол нэхэмжлэлийг хариуцагчид хүргүүлэхэд ердийн журмаар шийдвэрлэх журмаас ялгаатай, шуурхай мэдэгдлийн зарчмыг тусгасан юм. Тодруулбал, нэхэмжлэлийг эхлээд хариуцагчид биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлэх аж. Хүлээн аваагүй тохиолдолд улсын бүртгэлээс албан ёсны хаягийг тодруулж дахин хүргүүлэх бөгөөд үр дүнгүй бол үндэсний цахим шуудан, өмгөөлөгчийн бүртгэлтэй цахим хаяг, түүнчлэн хувийн болон албаны цахим шуудангаар хүргүүлэхээр тусгажээ. Ийнхүү хүргүүлснээс хойш 7 хоног өнгөрвөл нэхэмжлэлийг хүлээн авсанд тооцох зохицуулалттай. Гэвч шүүхийн мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргүүлэхэд жилд ойролцоогоор 300 сая төгрөг зарцуулдаг ч мэдэгдэх хуудас гардуулалт 85 орчим хувь нь амжилтгүй болдог гэх баримтыг дурдав. Харин шүүхийн бичиг хүргэгчээр хүргүүлэхэд гүйцэтгэл 85 орчим хувьтай байгаа ч зургаан дүүрэгт тус бүр нэг бичиг хүргэгч ажиллаж байгаа нь хангалтгүй, хүртээмжгүй байгаа аж. Үндэсний цахим шуудангийн систем болох E-Mongolia системийн ажиллагаа тогтворгүй, практикт хэрэгжихгүй байгаа нь хүндрэл үүсгэж байгааг танилцуулгад дурдсан. Тус системээр ашиглах мэдэгдэх хуудсыг хүргүүлэх үйл ажиллагаа амжилтгүй болж байгаа гэв.

Улмаар иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагчийн хаяг тодорхойгүй нөхцөл байдал үүсэхэд хэргийг хэрэгсэхгүй болгох буюу цаашид ажиллагаа хийгдэх боломжгүй болдог байна.

photo_2026-10-09_14-02-34 (2).jpg

Иймд шүүх хариуцагчид мэдэгдэх шат дараалсан боломжит бүхий л аргыг хэрэглэсний дараа нийтэд зарлан мэдээлэх агуулгатай зохицуулалтыг бий болгож, нийтэд зарлан мэдээлснээс хойш 7 хоног өнгөрсөн боловч шүүхэд ирээгүй бол мэдэгдсэн тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэн явагдах нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй хэмээн үзжээ. Эдгээр өөрчлөлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зохицуулалтад хийсэн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайланд үндэслэн Улсын дээд шүүхийн шүүгчид, хуульчид, өмгөөлөгчдийг оролцуулан, тэдний саналыг авч, боловсруулсан болохыг Г.Тэмүүлэн сайд онцолсон.

Цахим хэлбэрээр байгуулсан зээлийн гэрээний маргаанд зээлдэгчийн хаяг тодорхойгүй, өөрийн нэр дээр бус зээл авсан, холбоо барих мэдээлэл баталгаажаагүй зэрэг шалтгаанаар мэдэгдэх ажиллагаа удааширч, хэрэг хянан шийдвэрлэх хугацаа сунжрах хүндрэл түгээмэл гардаг байна.

Иймд хуулийн төслийг дагалдуулан боловсруулсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн төслөөр зээлдэгчийн хаягийг баталгаажуулах үүргийг зээл огож байгаа банк санхүүгийн байгууллага өөрөө хариуцах, цахим хэлбэрээр байгуулах зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэлийг шүүхэд гаргах тохиолдолд энэ баримтыг зээл огож байгаа банк санхүүгийн байгууллага шүүхэд нотлох баримтаар ирүүлэх үүрэгтэй байх зохицуулалтыг тусгажээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг тус тус боловсруулсан байна.

photo_2026-10-09_14-02-32.jpg

Хууль зүйн байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал танилцуулав. Төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2026 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.

Хууль санаачлагч тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэргийн мөнгөн дүнгийн босгыг оновчтой тогтоох, уг журмын онцлогт нийцэхгүй зарим маргааныг харьяаллаас хасах, шүүхийн мэдэгдэх ажиллагааг боловсронгуй болгох, мөн тодорхой төрлийн маргаанд зээлдэгчийг таних, баталгаажуулах болон мэдэгдэл хүргүүлэх ажиллагаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохоор тусгасан хэмээн санал, дүгнэлтэд дурдсаныг Х.Баасанжаргал гишүүн нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Хууль санаачлагч хуулийн төсөл батлагдсанаар төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдэд нэмэлт зардал үүсэхгүй гэж тооцсон болохыг Байнгын хорооны санал, дүгнэлтэд онцолж, төслийг www.d.parliament.mn цахим сайтад байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байгааг дурджээ. Хууль зүйн байнгын хорооны мөн өдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг тус бүрд нь дэмжсэн байна.

photo_2026-10-09_14-02-34.jpg

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, А.Ариунзаяа, С.Эрдэнэболд, Г.Ганболд, Л.Соронзонболд, С.Зулпхар, П.Сайнзориг нар асуулт асууж, салбарын сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл, тайлбар авав. Гишүүд хөдөлмөр хөлсний доод хэмжээний өөрчлөлтийн талаар тодруулж, өөрчлөгдөж байгаа тохиолдолд уг хэмжигдэхүүнд үндэслэсэн хууль тогтоомж дахь зохицуулалтуудыг нягтлах, Гадаад иргэний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах шаардлагын талаар, шүүхийн шийдвэрийн хэрэгжилтэд анхаарал хандуулж, холбогдох арга хэмжээг авах талаар үг хэлж байв. Төсөл дэх зохицуулалтаар шүүхийн ачаалал хэр буурах талаар асуухад 30-40 хувь буурах боломжтой гэсэн тооцооллыг Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулсан. Шүүхийн ачааллыг бууруулах нь чухал хэдий ч нөгөө талд иргэний эрхийг хамгаалах, хангах асуудлыг орхигдуулж болохгүй гэдгийг Улсын Их Хурлын гишүүд тодотгож байсан. Технологид суурилсан санхүүгийн үйлчилгээгээр иргэнд зээл олгож, ашиг олж буй аж ахуйн нэгжүүдийг хариуцлагажуулах, тэдэнд тулгамдаад буй асуудлыг шүүхээр дамжуулан төр шийдвэрлэн хариуцлагагүй бизнесийн үйл ажиллагааг дэмжих нь зохимжгүй гэдгийг хэлээд аливаа гэрээний үүргийг хангах хүрээнд мэдээлэл солилцох сувгийг гэрээнд туссан хэлбэрээр тогтоох, мөн төсөл дэх бусад хууль тогтоомжтой зөрчилдөж магадгүй зохицуулалтуудын талаар гишүүд хөндөж байсан.

photo_2026-10-09_14-02-34 (3).jpg

Хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийн талаар байх сууриа Улсын Их Хурлын гишүүд илэрхийллээ. Төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буйгаа Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг илэрхийлсэн хэдий ч хүний эрхэм чанарыг ойлгож, эрх ашгийн эрэмбээ зөв тогтоох шаардлагатайг хэлж төсөл дэх “... мэдэгдэх хуудсыг илгээснээс хойш 7 хоног өнгөрсөн боловч шүүхэд хүрэлцэн ирээгүй бол шүүхийн албан ёсны цахим хуудсаар нэхэмжлэгч, хариуцагчийн овог, эцэг/эх-ийн нэр, өөрийн нэр, нэхэмжлэлийн шаардлага болон мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн тухай дурдан, шүүхэд хүрэлцэн ирж эрхээ хамгаалахаар ажиллагаанд оролцохыг зарлан мэдэгдэх, эсхүл төрийн байгууллагаас харилцах төрийн мэдээллийн нэгдсэн системийн сонордуулга хэсгээр мэдэгдэнэ...” гэсэн зохицуулалтыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн арилжааны шүүхийг байгуулах талаар судлах, шүүхийн бус шугмаар өр барагдуулдаг бусад улс оронд байдаг арга, тогтолцоог нэвтрүүлэх, банк, санхүүгийн байгууллагын зээлийн гэрээний нөхцөл нь талуудын эрх ашгийг бүрэн хангаж буй эсэхийг, гэрээний зохицуулалт талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангаж буй эсэхэд хяналт тавьдаг байх нь зохистой хэмээсэн. Шүүхийн ачааллыг бууруулах гэхээсээ өмнө иргэдээ хамгаалах, эрх ашгийг нь хамгаалахдаа анхаарал хандуулах ёстой гэв. Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар цалин хөлстэй холбоотой асуудлын талаарх маргааныг хялбар ажиллагааны шүүхээр шийдвэрлүүлэх асуудлаас гаргах нь эрсдэлтэй гэдгийг хэлсэн бол төслийг дэмжихгүй байгаагаа Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин илэрхийлж, холбогдох үндэслэл, тайлбараа индрээс хэлсэн. Тэрбээр төрийн үндсэн үүрэг бол иргэнээ хамгаалах гэдгийг тодотгоод Үндсэн хууль дахь суурь зарчмуудаа дээдэлж, төрийн байгууллагууд Монгол Улсын иргэний эрх, эрх чөлөө, эрх ашгийг хангах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг гэдэгтээ анхаарч, үйл ажиллагаагаа нийцүүлэх ёстойг хэлж байв.

photo_2026-10-09_14-02-35.jpgphoto_2026-10-09_14-02-35.jpg

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Төр иргэндээ ээлтэй үйл ажиллагаа явуулдаг байх ёстой. Иргэд нөхцөл байдлаас үүдэн бага хүүтэй зээл авах боломж хязгаарлагдмал учраас финтек зээл авч байгаа. Банк, санхүүгийн байгууллагын ашиг олж байгаа үйл ажиллагаандаа хариуцлагагүй хандаж байгаагаас үүдсэн ачаалал нь шүүхийн байгууллагад ачаалал болж байгаа нөхцөлийг шийдэх гэж төслийг өргөн мэдүүлсэн байна. Гэхдээ үүндээ иргэний эрх ашгийг хамгаалах талаар зохицуулалт тусгаагүй байна. Ашиг олж байгаа банк, санхүүгийн байгууллагын хариуцлагагүй үйл ажиллагааг дэмжин, төр ачааллыг нь авч асуудлыг нь шийдвэрлэдэг байж болохгүй. Тиймээс төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тохиолдолд Улсын Их Хурал, холбогдох Байнгын хороо, ажлын хэсгийн түвшинд иргэний эрх ашгийг хангах, хамгаалах асуудлыг онцгойлон анхаарч, холбогдох зохицуулалтыг тусгах шаардлагатай” хэмээн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлсэн юм. Ийнхүү гишүүд үг хэлж дууссаны дараа хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаарх санал хураалтыг 15.00 цагт явуулахаар товлов.

Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүллээ

Засгийн газраас 2026 оны 6 дугаар сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүллээ. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нэгдсэн хуралдаанд танилцуулсан.

Монгол Улсын Үндсэн хуульд “Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж тунхагласан байдгийг эшлээд гэр бүл бол хүүхэд өсөж хүмүүжих, хүн төлөвших, үндэсний өв соёл, үнэт зүйл өвлөгдөх үндсэн орчин гэдгийг дурдав. Гэр бүлийн амьдралын чанарыг сайжруулах нь хүний хөгжил, хүн амын тогтвортой өсөлтийг хангах төрийн бодлогын чухал зорилт хэмээн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хэлээд “Гэвч өнөөдөр манай улсад хүн амын өсөлт удааширч, гэрлэлтийн тоо буурч, гэрлэлт цуцлалт нэмэгдэх хандлагатай байна. Үндэсний статистикийн хорооны сүүлийн 5 жилийн тоон мэдээг авч үзвэл, 2021-2025 онд хүн амын тоо дараалан өсч 3.4-өөс 3.59 сая болсон. Нийт хүн ам өссөн боловч жилийн өсөлт тус бүр 1.5-аас 1.03 хувь болж, дараалан саарсан байна.

photo_2026-10-09_14-02-35 (4).jpg

Мөн 2021–2025 онд бүртгүүлсэн гэрлэлтийн тоо 16,118-аас 12,582 болон буурч, харин гэрлэлт цуцлалтын тоо 3,391-аас 4,493 болж өссөнийг таван жилийн өмнөхтэй харьцуулахад гэрлэлт бүртгэл 21.9 хувиар буурч, цуцлалт 32.5 хувиар нэмэгдсэн. Үүнээс шүүхийн журмаар гэрлэлт 2823-аас 4270 гэрлэлтийг цуцалсан бол, мөн шүүхийн журмаар 2023 онд 11, 2024 онд 11, 2025 онд 7 нийт 29 гэрлэлт сэргээгдсэн байна” хэмээн холбогдох тоо баримтуудыг танилцууллаа.

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гэр бүлийг тогтвортой байдлыг хангах, гэрлэлт цуцлалтыг бууруулах зорилгоор эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд сэтгэл зүйчийг оролцуулахаар гаргасан санал тусгагдаж, гэр бүлийн маргааныг мэргэжлийн сэтгэл зүйчийн дэмжлэгтэйгээр шийдвэрлэх тогтолцоо бий болсноор гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны чиг үүрэг, оролцоо өргөжсөн юм.

Гэр бүлийн хэргийг дагнан шийдвэрлэх шүүх 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхлэх бөгөөд дээрх хуулийн хэрэгжилтийн хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зүгээс Засгийн газар болон холбогдох сайд нарын хамтран батлах 10 журам, аргачлал, хөтөлбөрийн төслийг боловсруулан ажиллаж байгааг сайд энэ ташрамд танилцууллаа.

photo_2026-10-09_14-02-37.jpg

Төрөлтийн түвшин 2016 оноос хойш тогтмол буурч байгаа нь үндэсний аюулгүй байдал, хүн ам зүйн бодлогод томоохон сорилт болж байгааг Т.Аубакир сайд танилцуулсан. 2026 оны “Монгол Улсын төрөлтийн шинжилгээ, бодлого” сэдэвт судалгаанд төрөлтийн бууралт “түр зуурын биш”, эмэгтэйчүүдийн насан туршид төрүүлэх хүүхдийн тоо багассан, залуу гэр бүлүүдийн 2, 3 дахь хүүхдээ төрүүлэх шийдвэр гаргалт саатсан боловч залуучуудын хүүхэдтэй болох хүсэл алга болоогүй харин орон сууц, тогтворгүй орлого, асаргааны ачаалал, ажил-амьдралын тэнцвэрийн асуудлаас шалтгаалан төрөлтөө хойшлуулж байгаа талаар дурдсан байдаг байна.

Иймд гэр бүлийг дэмжих зорилгоор шууд хэлбэрээр мөнгөн дэмжлэг олгох, бусад хэлбэрээр буюу орон сууц, ажил-амьдралын тэнцвэрийг хангах, гэр бүлийн боловсрол, эрүүл мэндийг дэмжих, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, эдгээртэй холбогдуулан төрийн болон орон нутгийн хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлсон Гэр бүлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг боловсруулжээ.

Энэхүү хуулийн төсөл нь анхдагч хуулийн төсөл бөгөөд Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар бүлэгт заасан хүүхдийн мөнгөн тэтгэмж, “Эхийн алдар” I, II зэргийн одонтой эхийн тусламж, нийгмийн халамжийн сангаас олгогддог жирэмсэн эхийн тэтгэмж, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж, ихэр хүүхдийн мөнгөн тэтгэмж зэрэг нь хүн ам зүйн бодлогод чиглэсэн мөнгөн дэмжлэгийн арга хэмжээ тул нийгмийн халамжийн хөтөлбөрөөс хасаж, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг дагалдуулан боловсруулсан байна.

photo_2026-10-09_14-02-37 (3).jpg

Хуулийн төсөлд хэд хэдэн суурь зохицуулалтыг тусгаснаа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд танилцууллаа. Нэгдүгээрт, хүүхэдтэй залуу гэр бүл болон 3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийг анх удаа ипотекийн зээл авах эсвэл түрээсийн орон сууцанд хамрагдахад нь тэргүүн ээлжид хамруулах, урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргах зэргээр орон сууцны дэмжлэг үзүүлэхээр холбогдох зохицуулалтыг тусгажээ.

Хоёрдугаарт, ажил олгогч нь бага насны хүүхэдтэй ажилтны ажлын цагийг 2 хүртэл цагаар богиносгох, гэр бүлийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй гишүүнээ асарч буй ажилтанд зайнаас ажиллах боломж олгох, ерөнхий боловсролын сургууль суралцдаг хүүхэдтэй ажилтан хичээлийн жилийн өвлийн амралтын хугацаанд ээлжийн амралтаа авах тохиолдолд нэмэгдэл амралтын хугацаа олгох зэрэг уян хатан нөхцөлийг хөдөлмөрийн дотоод журамдаа тусган хэрэгжүүлэх зэргээр ажил, амьдралын тэнцвэрийг хангах эрх зүйн үндсийг бүрдүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Гуравдугаарт, мөнгөн дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг тусгасан байна. Нийгмийн халамжийн хуулиар олгогдож буй хүүхдийн мөнгө, жирэмсэн эхийн тэтгэмж, “Алдарт эх” одонгийн урамшуулал зэрэг мөнгөн тусламжуудыг халамжийн бодлогоос салгаж, хүн амын өсөлтийг дэмжих бодлогын арга хэмжээ болгохоор төсөлд холбогдох зохицуулалтыг тусгажээ.

Дөрөвдүгээрт, гэр бүлийн боловсрол олгох, гэрлэгчдийн харилцааг сайжруулах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сэтгэл зүйн зөвлөгөө, тусламжийг бүх шатны нэгжээр дамжуулан хүртээмжтэй хүргэх тогтолцоог хуульчилж, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээг бий болгох нь зүйтэй хэмээн төсөл санаачлагч үзсэн байна. Энэ хүрээнд аймаг, дүүрэг бүрд Гэр бүлийн хөгжлийн цогц үйлчилгээний төвийг ажиллуулахаар төлөвлөсөн аж.

photo_2026-10-09_14-02-37.jpg

Тавдугаарт, цахим шилжилтийн хүрээнд И-Монгол академитай хамтран 2025 онд Е-mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн системд үүсгэсэн “Гэр бүл” дэд цэсээр AI сэтгэл зүйч, AI нийгмийн ажилтнаар дамжуулан иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж, хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой хэмээн тооцож, төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан байна.

Зургаадугаарт, “Гэр бүлийн өдөр” хэмээх тэмдэглэлт өдрийг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд тусгаж, эдгээр өдрүүдэд гэр бүл рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулах, баярын өдрүүд нь долоо хоног бүрийн амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх талаар төсөлд тусгасан гэв.

Төсөл батлагдсанаар гэр бүлийн тогтвортой байдал дээшилж, хүн амын өсөлт нэмэгдэхээс гадна нийгмийн анхан шатны нэгж болсон гэр бүл бат бөх, эрүүл байх нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзсэн байна. Энэхүү хуулийн төслийг хэрэгжүүлэхэд улсын төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүй бөгөөд одоогийн халамжийн зардлыг илүү оновчтой, гэр бүлийн хөгжил рүү чиглэсэн тогтолцоо руу шилжүүлж байгаагаараа онцлогтой болохыг Т.Аубакир сайд тодотгосон.

photo_2026-10-09_14-02-39.jpg

Төслийг баталснаар төрийн дэмжлэгийг гэр бүлийн өдөр тутмын хэрэгцээнд ойртуулж, гэр бүл өөрийн хүч, боломжид тулгуурлан тогтвортой амьдрах, хөгжих нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байгаа хэмээгээд үр дүнд нь хүүхэд өсгөн хүмүүжүүлэхэд эцэг, эхийн хамтын оролцоог нэмэгдүүлж, асаргаа шаардлагатай гишүүнтэй гэр бүлийн ачааллыг хуваалцаж, гэр бүлд ээлтэй ажлын байр, орон нутаг, нийгмийн орчныг дэмжих эрх зүйн үндэс бүрдэнэ гэдгийг танилцуулгынхаа төгсгөлд хэлэв.

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Байнгын хороо энэ сарын 06-ны өдрийн хуралдаанаараа төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийжээ. Хуулийн төслийг d.parliament.mn цахим хуудаст байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байгаа талаар онцолсон. Байнгын хорооны тус хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн, хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд мөн хэлэлцэхийг дэмжиж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн болохыг санал, дүгнэлтэд дурджээ.

photo_2026-10-09_14-02-37 (2).jpg

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, П.Батчимэг, Б.Пүрэвдорж, Б.Хэрлэн, Ж.Баясгалан, Х.Баасанжаргал, П.Сайнзориг, О.Саранчулуун, Ц.Мөнхтуяа, С.Одонтуяа нар асуулт асууж, салбарын сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авав.

photo_2026-10-09_14-02-33.jpgphoto_2026-10-09_14-02-36 (3).jpgphoto_2026-10-09_14-02-33 (2).jpg

Хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг дэмжиж буй сууриа Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн, С.Ганбаатар, О.Саранчулуун, Ц.Ганзориг нар илэрхийлсэн. Түүнчлэн Р.Сэддорж гишүүн Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийн талаарх байр сууриа илэрхийлэхийн сацуу “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар Засгийн газар, холбогдох яамд анхаарах шаардлагатай гэдгийг хэлсэн. Улсын Их Хурлын гишүүд ийнхүү Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг дэмжсэн эсэхээ илэрхийлж үг хэлсний дараа санал хураалтыг 15.00 цагт явуулахаар товлов.

Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы Баасан (2026.10.09) гарагийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,