newswire

Криминалистикийн шинжилгээний газрын дарга асан Д.Адилбаяр нарт ял оноолоо

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэрт байх Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудлаар цагдаа, ШШҮХ-ийн шинжээч, шүүгч нар энэ хэрэгт буруутгагдан өнөөдрийг хүртэл шалгагдаж буй.

Тодруулбал, Салхитын мөнгөний орд газартай холбоотой хэрэгт холбогдуулан Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан, ГИХГ-ын дэд дарга асан Б.Цолмон, ШШҮХ-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга асан, дэд хурандаа Д.Адилбаярыг шүүхэд дуудсан. Тэдэнд эрүүгийн хуулийн 22.4.4, 22.5.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан юм. Удаа дараа хойшилсон шүүх хурал өчигдөр боллоо. Улмаар өчигдөр Д.Адилбаяр нарт холбогдох хэргийг шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж шүүгдэгч нарт ял оноолоо.

Өмнө нь шүүгдэгч Б.Цолмонгийн өмгөөлөгч Г.Должинсүрэн нь эрүүл мэндийн шалтгаанаар ирэх боломжгүй болсон учир шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг баримтын хамт шүүхэд ирүүлсэн учраас хойшлуулж байсан.

Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл буюу хахууль авах, нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Мөн 22.5 дугаар зүйл буюу хахууль өгөх, өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх заалттай.

Шүүх хурлын дүн гарч Б.Цолмон, Д.Адилбаярын төрд ажиллах эрхийг хоёр жилээр хасжээ. Мөн Д.Адилбаярыг 18, Б.Цолмонг 13.5 сая төгрөгөөр торгоно. Харин авилгад авсан гэх 40 сая төгрөгийн 35-ыг нь Д.Адилбаяр, үлдсэнийг нь Б.Цолмон төлөх аж.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet