Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.04.01/ хуралдаан 09.57 цагт Ж.Бат-Эрдэнэ, Б.Батбаатар, Ж.Батжаргал, Б.Баярбаатар, Ж.Баярмаа, С.Бямбацогт, С.Зулпхар, Ц.Идэрбат, Ч.Лодойсамбуу, Л.Мөнхбаатар, Э.Одбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн, Л.Энх-Амгалан, Д.Энхтуяа нарын гишүүд ирснээр 53.1 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Байнгын хорооны хуралдаанаар “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорхооны тогтоолын төслийг хэлэлцэв.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэг, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2025 оны 12 дугаар дүгнэлтээрээ хянан шийдвэрлэснийг Төрийн байгуулалтын байнгын хорооны 03 дугаар сарын 18-ний өдрийн хуралдаан, нэгдсэн хуралдааны 03 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж хүлээн зөвшөөрсөн тул холбогдох ажлын хэсгийг байгуулах тогтоолын төслийг боловсруулсан гэдгийг Байнгын хорооны дарга танилцуулсан.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн ийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очироор ахлуулан, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Б.Баярбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар тогтоолын төсөлд тусгажээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Зулпхар асууж, хариулт авсны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 63,2 хувь нь дэмжин, Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа.
Дараа нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн явцын талаарх Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг сонслоо.
Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг тус хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир хийлээ.
Сонгуулийн ерөнхий хороо нь Аймаг, нийслэлийн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9-д “Орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн 6 дугаар сарын гурав дахь долоо хоногийн Ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна.” гэж хуульчилсны дагуу тус хороо нь 2026 оны 6 дугаар сарын 21-ний өдөр нөхөн сонгууль явуулахад мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна хэмээн тэрбээр мэдээллийнхээ эхэнд тодотгов.
Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооны 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоолоор “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийг баталсан гэлээ.
Энэхүү цаг хугацааны хуваарьт зааснаар орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийг тухайн шатны Хурал 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө товлон зарлах бөгөөд хуульд заасан хугацаанд 16 аймгийн 43 сумын нийт 73 сонгуулийн хэсэгт нөхөн сонгууль явуулахаар товлон зарласан тогтоолыг тус хороонд ирүүлжээ. Үүнээс 5 аймгийн 9 сумын 29 хэсэгт нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 мандатад нөхөн сонгууль, 15 аймгийн 33 сумын 44 хэсэгт нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 39 мандатад нөхөн сонгууль явуулах ажээ.
Нөхөн сонгууль явагдах болсон нөхцөл байдлыг авч үзвэл нас барсан 14, хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан 2, гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхээр тогтоогдсон 6, тухайн орон нутгаас шилжсэн 2, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон 6, төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон шийдвэр хүчингүй болсон 3, өөр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон 15 зэрэг шалтгаанаар төлөөлөгчийн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон байна.
Сонгуулийн ерөнхий хороо нь 2026 оны нөхөн сонгуультай холбоотой шаардагдах зардлыг Төсвийн тухай хууль болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан зардлын ангилал тус бүрээр тооцон нийт 120 сонгуулийн хэсэгт нөхөн сонгууль явуулахад шаардлагатай 4,916.5 сая төгрөгийн төсвийн төслийн саналаа хүргүүлсэн боловч 55,4 хувиар бууруулан 2,193.1 сая төгрөгөөр нөхөн сонгуулийн төсөв батлагдсан гэв.
Дээр дурдснаар хуульд заасан хугацаанд тухайн шатны Хурлаас нөхөн сонгуулиа товлон зарласан аймаг, сумын нийт 73 хэсэгт нөхөн сонгууль зохион байгуулагдахад 814,5 сая төгрөгийн зардал дутагдаж байна хэмээн Д.Даваа-Очир дарга мэдээлэв.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д “Монгол Улсын Их Хурлаас баталсан орон нутгийн Хурлын ээлжит бус, нөхөн болон дахин сонгууль зохион байгуулахтай холбогдон гарах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана.”, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.7-д “ээлжит бус, дахин, нөхөн сонгууль, ард нийтийн санал асуулга явуулахад шаардагдах зардал.” гэж тус тус хуульчилсан гэдгийг тэрбээр дурдаад, орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгууль явуулахад шаардлагатай байгаа 814,444,798.0 төгрөгийн нэмэлт зардлыг шийдвэрлэх шаардлага үүсч байна гэлээ.
Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Зулпхар, Б.Батбаатар, Б.Баярбаатар, О.Алтангэрэл, А.Ариунзаяа, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Тухайлбал УИХ-ын гишүүн С.Зулпхар, Сонгууль зохион байгуулахтай холбоотой бэлтгэлээ хангаж байгаа гэлээ. Холбогдох зардлыг Засгийн газар нөөц хөрөнгөөсөө гаргах байх. Харин захиргааны бэлтгэл нь хэр хангагдсан бэ хэмээн асуусан.
Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг тус хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Сонгуулийн ерөнхий хороо цаг хугацааны хуваарьт нийцүүлээд ажлаа өнгөрсөн оноос эхлэн төлөвлөсөн. Товлосон ёсоор нөхөн сонгуулийн бэлтгэл ажлыг бүрэн хангаж ажиллаж байгаа. Таван чиглэлээр 44 ажлыг төлөвлөн, орон нутагт мэдээллээ хүргэсэн. Ажил зохих журмын дагуу хуулийн хугацаандаа явна гэлээ.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль болно. Хоёр жилийн дараа УИХ-ын сонгууль болно. Энэ үед сонгууль зохион байгуулах төсөвтэй холбоотой, хар машины хугацаа нь дуусаж ашиглалтаас гарч байгаа гэсэн мэдээлэл байна. Том сонгууль зохион байгуулахад бэлэн үү, тулаад биш наана нь бэлтгэлээ хангахад хэдий хэмжээний төсөв хөрөнгө шаардлагатай байна вэ хэмээн тодруулав.
Д.Даваа-Очир дарга, Бид 2012 оноос хойш 38 удаагийн ээлжит болон нөхөн, дахин сонгуульд санал тоолох төхөөрөмжийг ашиглаад байна. Нийт 3000 санал тоолох төхөөрөмжөөс 257-г нь актлаад байна. Өнөөдрийн байдлаар 473 санал тоолох төхөөрөмжийг засварт өгөөд байна. Өнгөрсөн онд санал тоолох төхөөрөмжөө дараагийн загвараар нь бүрэн шинэчилье, 3000 ширхэгийг зайлшгүй авах шаардлагатай байна гэдэг асуудлаа танилцуулан төсөвт тусгуулсан ч шаардлагатай хөрөнгийн 30 хувийг нь тусгасан. Шаардлагатай хөрөнгийг 2026, 2027, 2028 онд цувуулж өгөх байдлаар шийднэ гэж Сангийн яамнаас мэдэгдсэн. Бид санал тоолох төхөөрөмж нийлүүлдэг байгууллагатай холбогдоод энэ ондоо техник хэрэгслээ шинэчлэхээр ярилцсан боловч мөнгөний асуудлаас болоод хойшлоход хүрээд байна. Энэ ондоо багтаад техник хэрэгслээ шинэчилж чадвал 2027, 2028 оны Ерөнхийлөгчийн, УИХ-ын, орон нутгийн сонгуулийн санал авах үйл ажиллагааг хэвийн явуулна гэсэн итгэл үнэмшилтэйгээр ажиллаж байна гэсэн хариултыг өгсөн юм.
Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг тусгасан хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3560
EUR | 4011
CNY | 512
RUB | 39.41
JPY | 21.93
KRW | 2.24
