COVID-19

УОК: Сүүлийн 14 хоногт хүүхдийн өвчлөл буурсан ч их, дээд сургуулийн орчинд эрсдэл өндөр хэвээр байна

Улсын онцгой комиссын шуурхай ажлын хэсгийн хурлаар Ковид-19-ийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүн болон дархлаа сэргээх нэмэлт 3-р тунгийн явцыг эрчимжүүлэх, аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Энэ долоо хоногийн байдлаар 1000 хүн амд ногдох PCR шинжилгээний үзүүлэлтээр манай улс 220 орноос 56 дугаар байрт явна. Сүүлийн 14 хоногт хүүхдийн өвчлөл буурч байгаа боловч их, дээд сургуулийн орчинд эрсдэл өндөр хэвээр байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албанаас хийсэн судалгаагаар өдгөө манайд халдварын гурван том кластер байгаа нь эрүүл мэндийн болон боловсролын байгууллага, үйлчилгээний газрууд аж. Иймд дээрх салбарууд руу чиглэсэн тодорхой ажлууд хийж эхэлжээ.

Тухайлбал, олон хүнтэй аж ахуйн нэгж байгууллагууд, их, дээд сургууль, оюутны дотуур байруудад дархлаа сэргээх нэмэлт 3-р тунд хамруулах вакцины явуулын 40 гаруй цэг ажиллуулж байгаа бөгөөд одоогоор нийслэлийн зорилтот бүлгийн 18 хувийг хамруулсан байна.

Дархлаа сэргээх нэмэлт 3-р тун хийлгээд 14 хоносноос хойш Ковидоор өвчилсөн тохиолдол Монголд 0.15% байгаа бол Израйльд энэ үзүүлэлт 0.1%-тай байна. Мөн өвчилсөн тохиолдлуудын дотор хүндрэл гараагүй байгаа тул вакцины нэмэлт 3-р тунд хамруулах ажлыг орон даяар эрчимжүүлэх үүднээс олон хүнтэй хамт олныг нэгдсэн журмаар, газар дээр нь очиж вакцинжуулж эхэлжээ.

Шадар сайдын өгсөн үүргийн дагуу дархлаа сэргээх нэмэлт тунгийн ач холбогдлыг иргэд, олон нийтэд зөв ойлгуулах, вакцины цэгүүдийн мэдээллийг тогтмол хүргэх, аж ахуйн нэгж, албан байгууллагуудыг татан оролцуулах замаар вакцинжуулалтыг идэвхжүүлэх Ажлын хэсэг байгуулахаар боллоо.

Түүнчлэн халдварын тохиолдол, эрсдэлийг бууруулах хүрээнд хувь хүний эрүүл мэндийн QR кодыг бий болгож, Ковидын шинжилгээ, вакцинжуулалт, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх бүх мэдээллийг нэгтгэсэн цахим системийг нэвтрүүлэх ажлыг Мэдээлэл, технологийн газарт хариуцуулав.

Мөн гадагшаа нисэх иргэдийн PCR шинжилгээг ХӨСҮТ-д авах зохион байгуулалтыг хийж, гадаадаас ирэх иргэдийн гэрийн тусгаарлалт, түргэвчилсэн шинжилгээ авах, эсэх асуудлыг ирэх 7 хоногт эцэслэж, олон нийтэд тодорхой мэдээлэл өгөхийг холбогдох газруудад үүрэг болголоо.

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын тухайд Хариуцлагын гэрээгээ зөрчих явдал цөөнгүй байгаа бөгөөд тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосон ч аж ахуйн нэгжүүд шөнийн цагаар ажиллаж, халдвар хамгааллын дэглэм зөрчиж буйг арилгах, хяналтаа сайжруулахыг Шадар сайд цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагад даалгав.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet