УЛС ТӨР

Д:БАТЛУТ: Эрүүл мэндийн салбарын хуулийн шинэчлэлээр эмч, ажилтнуудын цалинг нэмэх орчин бүрдсэн

Гэрэл зургийг
MPA.mn

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулагдсан Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр (2021.10.11) Улсын хоёрдугаар төв эмнэлэг болон “Сүхбаатар” нэгдсэн эмнэлэгт ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцахын зэрэгцээ удирдлага, эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөлтэй уулзалт хийж, санал бодлыг нь сонслоо.

Ажлын хэсэг Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдтэй уулзалт хийхэд тус эмнэлгийн Мэс засал судлалын тасгийн эрхлэгч Н.Алтанчимэг “Хамгийн их зардал, оношилгоо, ур чадвар шаардлагатай, хамгийн их хүндрэл гардаг яаралтай мэс заслаас үүдэлтэйгээр орлого, зарлага тэнцэхгүй, зарлага давах болсон. Мэс засалд оруулах өвчтөнд зүрх, уушги, хоол боловсруулах замын эмч зэргээр багаараа нарийн мэргэжлийн үзлэг, оношлогоо, шинжилгээ хийж, онош гаргалаа гэхэд олон эмч үзэх тусам санхүүжилт хасагдаж байна. Багаараа үзлэг, шинжилгээ хийгээд санхүүжилтээ хасуулж байснаас зүрх, уушгины эмчийн үзлэг, шинжилгээгээ дүүрэгтээ хийлгээд ир гээд өвчтөнийг явуулахад хүрч байна. Зарим өвчний үйлдлийн код, оношийн кодыг даатгалын санхүүжилтэд оруулаагүй нь эмчийг онош худлаа тавихад хүргэж, хууль бус зүйл рүү түлхэж байна. Дурангаар шинэ төрлийн хагалгаа хийхэд тухайн нэр төрлийн дурангийн хагалгааны код байдаггүйгээс санхүүжилт авч чаддаггүй, мөн өндөр өртөгтэй дурангийн мэс заслын санхүүжилтийг бүрэн авч чадахгүй учир нээлттэй хагалгаа хийхэд хүрч, их хийсэн хүн илүү цалин хөлс авна, хөдөлмөрөө үнэлүүлнэ гэдэг өөрчлөлт амьдрал дээр хэрэгжихгүй, харин ч санхүүжилтээ хасуулж байна гэсэн асуудлыг хөндөн, энэ нөхцөлд хуульд өөрчлөлт оруулах, шинэчлэх шаардлага байгаа” гэв.

Эмч, мэргэжилтнүүдийн саналыг сонссоны дараа ажлын хэсгийн гишүүд мөн санал, байр сууриа хуваалцлаа. УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг “1000 ам.доллараар гаальд мэдүүлсэн мэс заслын багажийг худалдан авах ажиллагаагаар долоон сая төгрөгөөр авч, мэс засал хийж байгаа нь эмнэлгийн тоног төхөөрөмжийг дагасан хууль бус бизнес буйг харуулж байна. Энэ мэт байдлыг засахын тулд Худалдан авах ажиллагааны хуульд өөрчлөлт оруулах шаардлага ч харагдаж байна. Энэ намрын ээлжит чуулганаар Улсын Их Хурал хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төслөө хэлэлцэн, батлахаар төлөвлөсөн. Ингэснээр хуулийн хэрэгжилтэд байнга хяналт тавьж, цаашид буруутай албан тушаалтнуудад хариуцлагыг тухай бүр тооцоод явах боломж бүрдэнэ” гэв.

Харин ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Батлут “Эрүүл мэндийн салбарын эрх зүйн болон хуулийн шинэчлэлийн хүрээнд уг салбарт ажиллагсдын цалин хөлс, урамшууллыг нэмэх орчин бүрдсэн. Гагцхүү хэрэгжүүлэхэд удирдлагын, менежерийн ур чадвартай холбоотой асуудал гарч байна. Үйл ажиллагаанаас үүдэлтэй хуульд өөрчлөлт оруулах шаардлага ч гарч байна” гэв. Мөн салбарын цахимжилтад тулгарч буй асуудлыг шийдвэрлэхээр  хийж буй ажлын талаар товч мэдээлэл өгөхийн зэрэгцээ худалдан авах ажиллагаанаас үүдэлтэйгээр хуулийн хэрэгжилтийг завхруулж буй байдал, эрүүл мэндийн тухай хууль, тогтоомжуудад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагын талаар санал, байр сууриа хуваалцлаа.

    Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны тус ажлын хэсэг өнөөдөр Эрүүл мэндийн яаманд үргэлжлүүлэн ажиллах юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet