ДЭЛХИЙН МЭДЭЭ

Pandora Papers: Дэлхийн удирдагчид, улс төрчдийн нууц хөрөнгийг ил болголоо

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консерциум дэлхийн төрийн тэргүүнүүд, улс төрчид, тэрбумтнуудын нууц баялаг, худалдан авалтын мэдээллийг ил болгожээ. “Pandora Papers” гэж нэрлэж буй уг баримт бичигт одоо ажиллаж байгаа эсвэл өмнө нь ажиллаж байсан 35 орчим төрийн тэргүүн, 300 гаруй төрийн албан тушаалтны мэдээлэл дэлгэгдсэн байна.

Энэ ажлыг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум (ICIJ) зохион байгуулсан бөгөөд 117 орны 650 гаруй эрэн сурвалжлах сэтгүүлчид оролцож, 12 орчим сая мэдээллийг боловсруулснаар энэ төрлийн хамгийн том судалгааны нэг болжээ.

“BBC Panorama”, “The Guardian” болон бусад хэвлэл мэдээллийн түншүүдтэй хамтарсан мөрдөн байцаалтын явцад Британийн Виржинийн арлууд, Панама, Белиз, Кипр, Арабын Нэгдсэн Эмират, Сингапур, Швейцарь зэрэг улс орнуудын санхүүгийн үйлчилгээний 14 компанийн баримт бичгийг шүүж, боловсруулсан байна.

Тухайлбал, Иорданийн хаан Абдулла II бин Аль-Хуссейн 1999 онд төрийн эрхийг авснаас хойш Их Британи, АНУ-д 70 сая фунт стерлингээс (100 сая доллараас) дээш үнэ бүхий 15 үл хөдлөх хөрөнгө худалдаж авахдаа Британийн Виржиний арлууд дахь оффшор компаниудын сүлжээг ашигласан болохыг тогтоожээ.

Их Британийн экс Ерөнхий сайд Тони Блэйр болон түүний эхнэр Лондонд оффис худалдаж авах зорилгоор 312,000 фунт стерлингийн хөрөнгийг оффшор дансанд хадгалж байсан байна. Мөн тэд уг оффисын барилгыг эзэмшдэг оффшор компанийг худалдан авч, татвараас зайлсхийжээ.

Түүнчлэн энэхүү баримт бичгээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монакогийн нууц хөрөнгөтэй холбогдож буйг, мөн ирэх долоо хоногт сонгуульд оролцох Чехийн Ерөнхий сайд Андрей Бабиш оффшор хөрөнгө оруулалтын компаниар дамжуулж Францын өмнөд хэсэгт 12 сая фунт стерлингээр хоёр вилла худалдаж авсан гэдгийг дэлгэжээ. Мөн Монгол Улсаас хоёр улс төрч бий аж.

May be an image of 3 people and text that says 'ICIJ of INVESTIGATIVE JOURNALISTS INTERNATIONAL CONSORTIUM Panama Former President Juan Carlos Varela Georgia Former Prime Minister Bidzina Ivanishvili Mongolia Former Prime Minister Sükhbaataryn Batbold Panama Former President Ricardo Martinelli'

“Pandora Papers”-ийн бусад баримтуудаас дурдвал:

Кени улсын Ерөнхийлөгч Ухуру Кениатта болон түүний гэр бүлийн зургаан гишүүн 11 оффшор компанитай холбогдсон бөгөөд тэдний нэг нь 30 сая долларын хөрөнгөтэй.

Пакистаны Ерөнхий сайд Имран Ханы ойрын гишүүд, үүнд кабинетын сайд нар болон тэдний гэр бүлийнхэн олон сая долларын хөрөнгө бүхий компаниудыг эзэмшдэг.

Киприйн Ерөнхийлөгч Никос Анастасиадесийн үүсгэн байгуулсан хуулийн фирм нь оффшор компаниудын жинхэнэ эздийг далдлах ажлыг гүйцэтгэдэг байсан.

Украины Ерөнхийлөгч В.Зеленский 2019 оны сонгуульд ялахынхаа өмнө оффшор компанийн нууц хувьцаагаа шилжүүлжээ.

“Pandora Papers”-аас гадна өнгөрсөн долоон жилийн хугацаанд “FinCen Files”, “Paradise Papers”, “Panama Papers”, “LuxLeaks” зэрэг нэртэй оффшор компаниудын санхүүгийн баримтуудыг ил болгож байсан юм.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet