СОЁЛ УРЛАГ

М.ЦЭЛМҮҮН: Дүн чухал санагддаггүй…

Мэргэжилдээ дуртай болоод ирэхээр дүн чухал санагддаггүй…

Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байна уу. Намайг урьсанд баярлалаа. Би СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн ГРАФИК ДИЗАЙН, МЕДИА АНИМЕЙШН мэргэжлийн IV дамжааны оюутан Мөнхнайрамдал овогтой Цэлмүүн байна. Арван жилийн суурь боловсролоо Эрдэнэт хотын 13-р сургуулийг 2018 онд төгссөн. Намайг төгсөх үед манай сургуулийн АНИМАТОР мэргэжлийн хувиар Эрдэнэт хотод нэг л очсон байсан. Тэгээд багаасаа сонирхож, дурлаж байсан болохоор шууд л сонгосон доо.

График дизайн, медиа анимейшн мэргэжлийнхээ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Аимейшн хийдэг хүнийг Аниматор гэж хэлдэг л дээ. Бодит бус зүйлийг амь оруулж үзэгчдэд хүргэдэг урлаг. Орчин үед анимейшн хийх арга өөр өөр болсон ч ерөнхий зорилго нь үзэгчдийн сэтгэлд хүрж хэлэх гэсэн санаагаа үгээр бус хөдөлгөөнт дүрсээр ойлгуулах юм. Зураг болон киноны урлагийн нэг төрөл болохоор бүх төрөлд хамаарагдаж болдог хүссэн болгоноо дүрсэлж  амьдрал дээр байж боломгүй зүйлсийг ч хүнд ойлгомжтой үзүүлж чаддаг. Олон төрөл байдаг л даа. Үүнд 2D, 3D, STOPMOTION гэх мэт. Уламжлалт анимейшн гэвэл дүрс болгоныг нэг бүрчлэн зурж, нийлүүлээд тодорхой дарааллаар нэг багц болгон хөдөлгөөнд оруулдаг. Энэ бүхэнд маш их цаг, хүч, хөдөлмөр ордог учраас ганцаараа хийх их хэцүү. Тиймээс АНИМАТОР гэдэг бол баг хамт олны мэргэжил юм. Миний хувьд хүүхэлдэйн кино хийнэ гэдэг багийн мөрөөдөл учраас оюутан байсан дөрвөн жил минь харвасан сум шиг л өнгөрч байна. Төгсөөд ч суралцсаар байх болов уу.

Энэ мэргэжил хэр ирээдүйтэй вэ. Ажлын байрны эрэлт хэрэгцээ хэр өндөр вэ? 

Урлаг хэзээ ч хуучирдаггүй гэж ярьдаг. Компьютер техниктэй харилцдаг бол бүр ч хуучрахгүй. Үүгээрээ би юу хэлэх гээд байна гэхээр Монголд дөнгөж эрчээ авч байгаа Анимейшн урлагийн чиглэлээр ажлын байр олдохгүй болов уу гэж бодох хэрэггүй. Тэгээд оюутан өөрөө идэвхтэй, тууштай байхад асуудал тулгарахгүй. Мөн хэлний мэдлэг сайн байвал дэлхийн зах зээлд гарах өргөн боломж байгаа гэж хардаг.

Захирлын нэрэмжит тэтгэлэгт ямар материал бүрдүүлж өгсөн бэ?

-Багшийн тодорхойлолт, тэтгэлэгт хамрагдах оюутны бөглөх ёстой сургуулийн маягт, уралдаан тэмцээнд орж байсан өргөмжлөлийн хуулбар гэх мэтийг бүрдүүлж өгсөн.

Ер нь оюутнуудын өмнө ямар ямар боломжууд байдаг юм байна?

-Мэдээж төрөл бүрийн тэтгэлэг, оюутнуудад нээлттэй. Судлаад үзэхэд гараад ирнэ. Харин манай мэргэжлийн хувьд оюутан байх хугацаандаа мэргэжлээрээ ажиллах боломж их байдаг. Мөн Хятад, Япон гэх мэт анимейшн урлаг хөгжсөн улс оронд үргэлжлүүлэн суралцах боломжууд их байдаг. Яагаад гэвэл энэ мэргэжлийн чиглэлээр Монголд ганцхан манай сургууль л сургалт явуулдаг юм. Тэр нь бидэнд одоогоор олон давуу талыг бий болгож байна.

Шинэ оюутнуудад хандаж юу гэж хэлэх вэ?

-Мэргэжилдээ дуртай болоод ирэхээр дүн чухал санагддаггүй. Тиймээс тууштай байгаарай бас нээлттэй байгаарай гэж хэлье.

-Хичээлээс гадуур ямар хөтөлбөрт хамрагдаж байгаа вэ?

-Зургийн чадвараа сайжруулах хөтөлбөрт хамрагдаж байгаа. Анимейшн хийхэд зурах чадвар үнэхээр чухал байдаг. Тиймээс одоогоор үүн дээр төвлөрч байна.

Хөл хорионы үеэр хичээлээ хэрхэн хийж өнгөрүүлсэн туршлагаасаа бидэнтэй хуваалцаач?

-Цахимаар суралцахад хичээл тус бүрийн багш нар хичээлээ харин ч маш ойлгомжтой заасан гэж бодож байна. Ингэхлээр оюутнуудын хувьд сургууль ирж, очих цаг хэмнэгдэж, зарим хичээлээ дэлгэрүүлж судлах цаг гарсан л даа. Харин сул тал гэвэл манай мэргэжлийн онцлог нь практик ажиллагаа их шаарддаг. Урлагт суралцахад онол хэрэгтэй боловч биеэрээ харж  мэдрэх нь илүү чухал гэдэг шүү дээ. Бидэнд биеэрээ харах бололцоо нь цар тахлын улмаас хумигдсан. Бусдаар бол гайгүй ээ.

Цаг зав гаргаж, богинохон ч гэсэн сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Цаашдынх нь сурлага, хөдөлмөрт өндөр амжилт хүсье.

 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet