ДЭЛХИЙН МЭДЭЭ

Хятадын “Evergrande”-ийн хямралтай холбоотойгоор Уолл Стрийт тавдугаар сараас хойших хамгийн том уналтыг үзүүллээ

Хятадын үл хөдлөх хөрөнгийн “Evergrande” компанийн өрийн хямралаас үүдэн “Dow Jones” индекс болон АНУ-ын хөрөнгийн зах зээл даваа гарагт огцом уналтыг үзүүллээ.

Энэ нь “S&P” болон “Nasdaq”-ийн хувьд тавдугаар сараас хойших хамгийн муу үзүүлэлт бол “Dow Jones” индекс долдугаар сараас хойших хамгийн том уналтыг харуулсан байна.

“Dow Jones” оргил үед 970 гаруй нэгжийн уналт үзүүлсэн бол хаалтаас өмнө зах зээл бага зэрэг сэргэсэн байна: Dow (INDU) 1,8% буюу 614 нэгжээр буурж, S&P 500 (SPX) 1,7%-иар хаагдсан бол Nasdaq Composite (COMP) 2,2%-иар буурсан байна.

Банк болон эрчим хүчний хувьцааны ханш хамгийн муу үзүүлэлтийг харуулж, Goldman Sachs (GS), JPMorgan (JPM) нар “Dow Jones”-ийн хамгийн муу үзүүлэлтийн тоонд багтжээ.

Уналтын гол шалтгаан нь Хятадын үл хөдлөх хөрөнгийн “Evergrande” компанийн зээл төлөлт хоцорсонтой холбоотой юм. 300 тэрбум долларын өрөө дарж чадахгүй байгаа “Evergrande” компани зээлийнхээ хүүг даваа гарагт төлөх ёстой байсан гэж “Bloomberg” мэдээлэв. Түүнчлэн тус компани энэ долоо хоногийн сүүлээр 100 сая доллароос дээш үнэтэй хоёр бондынхоо хүүг төлөх ёстой гэж “Refinitiv” мэдээлсэн байна. Энэ үеэр тус компанийн хувьцаа Хонконгийн биржид 10 гаруй хувиар унажээ.

Санхүүгийн зах зээлийн салбарт бүх зүйл хоорондоо холбоотой байдаг, энэ шалтгаанаар Хятадын компаниудын зээлсэн их хэмжээний мөнгө зах зээлийн тогтвортой байдалд заналхийлж байгаа юм.

Энэхүү хямрал нь “Lehman Brothers”-ийг дампуурснаас арван гурван жилийн дараа тохиож байна. Гэхдээ “Evergrande”-ын хямрал “Lehman Brothers”-ийн дампууралтай адил үр дагавар үзүүлэх эсэх нь тодорхойгүй гэж “LPL Financial”-ийн зах зээлийн ахлах стратегич Райан Детрик хэлэв.

Хөрөнгийн зах зээлийн уналтын давлагаанаас үүдэн хөрөнгө оруулагчид аюулгүй газар руу зугтсан тул үнэ өсөхийн хэрээр бондын өгөөж буурсан байна. Өөр нэг эрсдэлтэй хөрөнгийн ангилал болох “Bitcoin” бага зэрэг унаж, хаалтын үеэр ойролцоогоор 7%-иар буурсан үзүүлэлтийг харуулжээ.

Түүхий эдийн ертөнцөд АНУ-ын нефтийн үнэ 2%-иар буурсан бол алтны үнэ 0.7%-иар өссөн байна.

Эх сурвалж: CNN

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet