СОЁЛ УРЛАГ

ШИНЭ ДУУ: “Уулсын эзэн”

МУГЖ, дуучин С.Жавхлан Биологич, байгаль хамгаалагч, дэлхийд нэн ховордсон цоохор ирвэсийн амьдрах орчин Тост, Тосон бумбын нурууг хамгаалах үйлсэд өөрийн амь биеэ зориулан зүтгэсэн, цогтой эх оронч хүү Т.Лхагвасүмбэрэл агсанд зориулан “Уулсын эзэн” дууг бүтээжээ.

Т.Лхагвасүмбэрэл 1988 онд төрсөн. Тэрбээр  Архангай аймгийн Их Тамир сумын нутагт Төмөрсүхийн ууган хүү болон мэндэлсэн.

  • 1996 онд Хөвсгөл аймгийн Хатгал сумын бага сургуульд элсэн орсон.
  • 2006 онд арван жилийн сургуулиа дүүргэж улмаар МУИС-ийн Биологийн ангид элсэн орсон.
  • 2010 онд их сургуулиа төгсөж “Ирвэс” хамгаалах санд биологич, ирвэс судлаачаар ажилд орж байжээ.

Тэрээр ажиллах хугацаандаа Өмнөговь аймгийн Тост, Тосонбумбын нурууны цоохор ирвэсний урт хугацааны судалгааны төвийн менежерийн ажлыг гарамгай сайн гүйцэтгэж байсан. Түүнчлэн нутгийн иргэдийн дунд байгаль орчны боловсрол олгох, нутаг усаа хамгаалахын ач тусыг сурталчлан, ирвэс хүн хоорондын зөрчлийг зөөлрүүлэх зорилготой амьтнаас малаа хамгаалах хашаа хорооны ажлыг эхлүүлэн ажиллаж байсан аж.

Тост, Тосонбумбын нуруунд уул уурхайн компаниудын өрөм тавиулахгүй гэж тэмцэж яваад 2015 онд зуурдаар бусдын гарт хорлогдсон.

Тэрбээр нас барахаасаа өмнө өөрийн зорилгоо нэгэн хэвлэлд “Тостын нурууг улсын тусгай хамгаа­лалтад оруулахыг хүсдэг. Мөн энэ газар уул уурхай оруулахгүй, биологийн байдлыг нь хамгаалж  үлдэ­хийн төлөө ажиллана. Ирвэсийн судалгаагаа ч үргэлжлүүлж, тоо толгойг нарийн тогтооход хувь нэмрээ оруулахыг хүсч байна” хэмээн ярьж байжээ.

Уулсын эзэн

Араатан амьтныг ээж шигээ хайрладаг

Аугуу энэрэнгүй Монгол хүн л байдгийг

Алдхан биеэрээ эвэлж харуулчихаад

Аавын хүү тэнгэр болов оо хөөрхий

Эх дэлхий нь элбэрэлт хүүгээ

Элгэндээ тэврээд эмтэрч байна

Газар усандаа өвгөд шигээ залбирдаг

Галтай бишрэнгүй Монгол хүн л байдгийг

Ганцхан биеэрээ үлгэр үзүүлчихээд

Гайхамшигт хүү тэнгэр болов оо хөөрхий

Далай ээж нь дайчин хүүгээ

Даахийг нь илбээд мэлмэрч байна

Элсний ширхэгээс эх орон нь эхэлдэг

Элэг зүрх монгол хүн л байдгийг

Итгэл төгс инээмсэглэж хэлчихээд

Ирвэс хамгаалагч тэнгэр болов оо хөөрхий

Тойром бүрд нь торомгор хүүгээ

Толгойг нь илбээд нүүж байна

Тосон бумба нь торомгор хүүгээ

Толгойг нь түшээд нүүж байна

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet