АНУ, Францын зуучлалаар Израил болон Ираны дэмжлэгтэй Хезболла бүлэглэл тохиролцоонд хүрснээр талууд өнөөдрөөс гал зогсоохоор болсныг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мягмар гарагт мэдэгдэв.
Израилын Аюулгүй байдлын танхим 10-1 саналаар уг хэлэлцээрийг баталсан байна.
Байден Цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Ливаны Ерөнхий сайд Нажиб Микати нартай ярилцсанаа мэдэгдэв. Тулаан орон нутгийн цагаар лхагва гарагийн үүрийн 4 цагт дуусах гэнэ.
Байден “Энэ нь дайсагналыг бүрмөсөн зогсоох зорилготой юм. Хезболла болон бусад террорист байгууллагуудаас үлдсэн зүйл Израилын аюулгүй байдалд дахин заналхийлэхийг зөвшөөрөхгүй” гэж хэлжээ.
Ливаны арми хил орчмын бүс нутгийг хяналтдаа авснаар Хезболлаг тэнд дэд бүтцээ сэргээн босгохгүй байхыг баталгаажуулах бол Израил 60 хоногийн дотор цэргээ аажмаар татахаар тохиролцсон байна.
“Хоёр талын энгийн иргэд удахгүй нутаг орондоо эсэн мэнд буцаж ирэх болно” гэж Байден хэлэв.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон “X” дээр гэрээнд гарын үсэг зурсныг сайшаагаад, “Энэ бол АНУ-тай нягт хамтран ажиллаж, Израил, Ливаны эрх баригчидтай олон сарын турш хийсэн хүчин чармайлтын үр дүн” гэж мэдэгджээ.
Ливаны Микати мөн хэлэлцээрийг сайшаасан мэдэгдэл хийсэн байна. Гадаад хэргийн сайд Абдалла Боу Хабибын өмнө нь хэлж байсанчлан Ливаны арми дор хаяж 5,000 цэргээ тус улсын өмнөд хэсэгт байрлуулж магадгүй.
Түүнчлэн Нетаньяху гал зогсоох хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Мөн хэлэлцээрийн нөхцөлийг зөрчсөн аливаа үйлдэлд хүчтэй хариу өгөхөө анхааруулав.
Нэрээ нууцалсан АНУ-ын өндөр албан тушаалтны хэвлэлд өгсөн мэдээллээр АНУ, Франц хоёр гал зогсоох хэлэлцээрийн хэрэгжилтийг хянах НҮБ-ын “UNIFIL” энхийг сахиулах хүчинтэй хамтран ажиллах боловч АНУ-ын байлдааны хүчийг Ливанд байрлуулахгүй гэжээ.
Нэгдүгээр сард албан тушаалаа хүлээлгэн өгөх Байден Газын зурваст гал зогсоох, барьцаалагдсан хүмүүсийг суллах, мөн Израил, Саудын Арабын харилцааг хэвийн болгохын тулд үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргахаа амласан байна.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #Израил, #Ливан, #Франц, #гал зогсоох хэлэлцээр, #Хезболла,