Чипний хомсдол “Toyota”-г автомашины үйлдвэрлэлээ 40 хувиар бууруулахад хүргэв

“Toyota” дэлхий даяар микрочипний хомсдол үүссэнтэй холбоотойгоор есдүгээр сард автомашины үйлдвэрлэлээ 40 хувиар бууруулахаар болжээ. Дэлхийн хамгийн том автомашин үйлдвэрлэгч компани ирэх сард 900,000 орчим автомашин үйлдвэрлэхээр төлөвлөж байсан бол 540,000 автомашин болгон бууруулсан байна.
Ковидын тахал нь утас, телевиз, тоглоомын консол гэх мэт чип ашигладаг төхөөрөмжүүдийн эрэлтийг нэмэгдүүлсэн нь хомсдол үүсэх шалтгаан болсон гэнэ. Мөн автомашины үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрдугаарт ордог Германы “Volkswagen” компани үйлдвэрлэлээ цаашид бууруулахаас өөр аргагүйд хүрч болзошгүйг анхаарууллаа.
“Volkswagen” оны эхээр үйлдвэрлэлээ бууруулсан бөгөөд пүрэв гарагт “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа “Одоогийн байдлаар гуравдугаар улиралд чипний нийлүүлэлт маш тогтворгүй, хязгаарлагдмал байх төлөвтэй байна. Цаашид үйлдвэрлэлд өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй” гэжээ.
“Toyota”-ийн бусад өрсөлдөгчид болох “General Motors”, “Ford”, “Nissan”, “Daimler”, BMW, “Renault” зэрэг компаниуд чипний хомсдолд орж, үйлдвэрлэлээ аль хэдийнээ хумьжээ.
Чипний хомсдол нь өнгөрсөн жилээс эхэлж, “Apple” компани iPhone-оо гаргахад саад болж, Xbox болон PlayStation-ийн хамгийн сүүлийн үеийн консолууд эрэлтээ хангаж чадаагүй юм.
Түүнээс хойш технологийн компаниуд цаашдын үр дагаврын талаар ээлж дараалан анхааруулж байсан. Өнгөрсөн сард чип үйлдвэрлэгч Intel-ийн босс Пат Гелсинжер хэлэхдээ, “Дэлхийн чипний хямралын хамгийн аймшигтай үе хараахан болоогүй байна. Энэ оны хоёрдугаар хагаст хомсдол улам бүр нэмэгдэх бөгөөд нийлүүлэлт хэвийн болох хүртэл нэгээс хоёр жил шаардагдана” гэж таамаглаж байсан юм.
Энэхүү хомсдол нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден уг асуудлыг шийдвэрлэх тухай тушаалд гарын үсэг зурахад хүргэсэн. Тэрбээр АНУ-д чип үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх ажлыг хуульчлахад 37 тэрбум ам.долларын санхүүжилтийг амласан байна.
Ташрамд, “Toyota” компанийн хувьцаа пүрэв гарагт 4.4 хувиар буурсан нь 2018 оны арванхоёрдугаар сараас хойших хамгийн том уналт боллоо.
Эх сурвалж: BBC

Хариулах