ДЭЛХИЙН МЭДЭЭ

Гаитид болсон 7.2 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 1,200 гаруйд хүрчээ

Гаити улсад Бямба гарагт 7.2 баллын хүчтэй газар хөдлөлт болж, 1,297 хүн амиа алдаж, 5,700 гаруй хүн бэртэж гэмтсэн бөгөөд нөхцөл байдлын улмаас Гаитийн засгийн газар онц байдал зарласан байна. Газар хөдлөлтийн улмаас 13,694 байшин барилга нурж, 13,785 эвдэрч сүйдсэн гэж иргэний хамгаалалтын агентлаг ням гарагт мэдээлжээ.

Газар хөдлөлт өглөөний 8:30 цагт 10 км-ийн гүнд болсон бөгөөд голомт нь тус улсын баруун өмнөд хэсгийн Сент-Луис-ду-Судаас зүүн хойд зүгт 12 км-ийн зайд байжээ. Энэ байршил нь 220-300 мянган хүний ​​аминд хүрсэн 2010 оны 7.0 баллын хүчтэй газар хөдлөлтөөс баруун зүгт 96 км-ийн зайд оршдог байна.

Бямба гарагт болсон газар хөдлөлт 2010 оныхоос хамаагүй бага хэмжээний хохирол учруулсан болохыг НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газраас ням гарагт мэдээлэв. Мөн тус байгууллага эмнэлгийн тусламж, ус, ариун цэврийн болон эрүүл ахуйн үйлчилгээтэй холбоотой хүмүүнлэгийн яаралтай тусламжийг шаардлагатай газруудад хүргэж эхэлжээ.

CNN-ийн цаг уур судлаач Хейли Бринкийн хэлснээр тус улсад даваа гарагаас мягмар гарагуудад Грейс шуурганы улмаас хүчтэй салхи, ширүүн бороо орох магадлалтай бөгөөд энэхүү бороо нь үер, хөрсний гулгалтанд хүргэж болзошгүй тул сэргээн босгох ажлыг улам хүндрүүлж магадгүй аж.

Газар хөдлөлт нь 2010 онд болсон газар хөдлөлтийн үр дагавартай тэмцэж буй тус улсын хувьд хамгийн сүүлийн хүнд сорилт юм. Өнгөрсөн сард Ерөнхийлөгч Жовенел Моисегийн амийг хөнөөсөн нь хямралд орсон тус улсыг улам тогтворгүй байдалд оруулаад байсан юм.

Эх сурвалж: CNN

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet