Герман сувилагчийг ковидын эсрэг вакциныг давсны уусмалаар сольсон хэрэгт сэжиглэж байна

Улаан загалмайн сувилагч иргэдэд давсны уусмал тарьсан байж болзошгүй болохыг цагдаагийн байгууллагаас тогтоосны дараа Германы хойд нутгийн эрх баригчид олон мянган хүнд хандан Ковидын эсрэг нэмэлт вакцин хийлгэхийг зөвлөжээ.
Сувилагчийг Хойд тэнгисийн эрэг орчмын хөдөө тосгоны дүүрэг болох Фрисланд дахь вакцинжуулалтын төвд ажиллах үедээ иргэдэд вакцины оронд давсны уусмал тарьсан гэж сэжиглэж байгаа юм.
Давсны уусмал нь гэм хоргүй боловч гурав болон дөрөвдүгээр сард Германд вакцин хийлгэсэн хүмүүсийн ихэнх нь өндөр настай хүмүүс буюу ковидын халдвар авах өндөр эрсдэлтэй бүлэгт хамаарч байгаа юм.
Сувилагчийн нэрийг зарлаагүй бөгөөд тэрээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулж вакцины талаарх эргэлзээтэй байр суурь илэрхийлж байсныг цагдаагийн мөрдөн байцаагчид мэдээлжээ.
Энэхүү хэрэгт сэжигтнийг баривчилсан эсвэл яллагдагчаар татсан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд NDR телевизийн мэдээлснээр улс төрийн зорилготой гэмт хэргийг мөрдөн шалгах тусгай тасагт шилжүүлсэн байна.
Эх сурвалж: The Guardian

Хариулах