COVID-19

Б.Батцэцэг: Хятад-Монголын цар тахлын эсрэг хамтын ажиллагаа найрсаг харилцааг жинхэнэ утгаар нь харууллаа

Монгол Улс, БНХАУ “COVID-19” цар тахлын эсрэг тэмцлийн хамгийн хүнд хэцүү цаг үедээ харилцан бие биедээ тусалсан нь “Зовох цагт нөхрийн чанар танигддаг” хэмээх зүйр үгийн мөн чанарыг илэрхийлж, хоёр талын найрсаг харилцааг тодотгон харууллаа гэж Монгол Улсын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг хэлжээ.

“Цар тахлын үеэрх хоёр орны хамтын ажиллагаа үлгэр жишээ болж байна” хэмээн тэрбээр “Xinhua” агентлагт ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна.

“COVID-19” дэгдэж эхлэх үед Монгол Улсаас БНХАУ-д 30 мянган толгой хонь хандивласан юм. Түүний хариуд Хятадын Хубэй мужаас нутгийн цайг бэлэг болгон илгээсэн билээ.

Эдгээр сэтгэл хөдөлгөм үйл явдлууд нь хоёр орны ард түмний гүн гүнгий найрсаг харилцааг тод томруунаар илтгэн харуулж байна хэмээн тэрбээр хэллээ.

Мөн “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр” хэмээх Монгол ардын зүйр цэцэн үгийг эш татаад, монголчууд “COVID-19”-ийн вакцин хандивлаж, экспортолсон явдалд ихэд талархаж буйг илэрхийлэв.

Түүнчлэн 4700 гаруй км зурвасаар хиллэдэг манай улсуудын хувьд одоогийн байдлаар хоёр орны хооронд “COVID-19”-ийн зөөвөрлөгдсөн тохиолдол нэг ч бүртгэгдээгүй байгаа нь онцлууштай явдал болохыг цохон тэмдэглэжээ.

Хоёр орон цаашид цар тахлын эсрэг хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхээр тохиролцсоныг Б.Батцэцэгийн БНХАУ-д айлчлах үеэр гаргасан хамтарсан мэдэгдэлд дурдсан байна.

Ийнхүү цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтад авах чиглэлд хамтран ажиллахын сацуу эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргаж, хоёр талын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилго тавиад байгаа юм.

Мөн хилийн боомтын “Ногоон гарц”-ын түр журам нь худалдааг өргөжүүлж, ажил, үйлдвэрлэлийг сэргээхэд хувь нэмрээ оруулж буйг Б.Батцэцэг хэллээ.

Түүний айлчлалын үеэр талууд “Бүс ба Зам” санаачилгыг Монголын “Талын зам” хөтөлбөртэй уялдуулах ажлыг түргэвчлэхээр тохиролцжээ.

“Бид “Бүс ба Зам” санаачилгыг анхлан дэвшүүлсэн үеэс нь дэмжсээр ирсэн бөгөөд “Талын зам” хөтөлбөртэй уялдуулснаар Монгол Улсыг Европ, Азийг холбосон гүүр болоход хувь нэмрээ оруулах боломжтой” гэдгийг тэрбээр онцлон хэлсэн байна.

Мөн уул уурхай, эрчим хүч, санхүү, хөдөө аж ахуй, дэд бүтэц, байгаль орчны хамгаалал зэрэг салбарт томоохон төсөл хөдөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тохиролцсон бөгөөд ийм хамтын ажиллагаа нь хоёр орны ард түмэнд ихээхэн үр өгөөжтэй гэдгийг нэмж хэлжээ. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet