ДЭЛХИЙН МЭДЭЭ

Хятадад үерийн улмаас галт тэргэнд 12 хүн нас барж, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Хятадад хүчтэй хур тунадас орсны улмаас газар доорх төмөр замын хонгилууд үерт автаж, зорчигчид усны урсгалд боогдон 12 хүн нас баржээ.

Хятадын цаг уурын байгууллагын лхагва гарагт мэдээлснээр бямба гарагаас хойш Хэнаньд хүчтэй хур тунадас орсон бөгөөд мягмар гарагт Жэнжоуд 624 мм хур тунадас унасны гуравны нэг нь зөвхөн 16:00 – 17:00 цагуудад оржээ.

Мягмар гарагт хотын үерийн хамгаалалтын зарим хэсэг усанд дарагдаж, ус төмөр замын хонгил руу урсаж эхэлсэн байна. Шугамыг хаах тушаал орон нутгийн цагаар 18:10-д гарч, нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлсэн гэж Жэнжоугийн засгийн газрын албан тушаалтнууд мэдэгдэлдээ дурджээ.

12 хүн нас барж, таван хүн гэмтлийн улмаас эмчлүүлж байна.

Мөн Хэнань мужийн төмөр замын хонгилоос 500 гаруй хүнийг аварсан гэж албаныхан мэдээлэв. Түүнчлэн их хэмжээний хохирол учирч, 200,000 хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүрсэн байна.

Мужийн төв Жэнжоу хотод жилийн дундажтай тэнцэх хэмжээний хур тунадас ердөө гуравхан хоногийн дотор унажээ. Онцгой байдал үүссэний улмаас Хэнань хотын олон хэсэгт нислэг, галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоогоод байна.

Усны түвшин ихсэж байгаа нь зөвхөн Жэнжоугаар хязгаарлагдаагүй. Луянг хотын далан шуурганд эвдэрч гэмтсэний дараа 20 метрийн хэмжээтэй сэтэрхий даланд үүссэн гэж албаныхан мэдээлэв. Цэргүүдийг энэ бүсэд байрлуулсан бөгөөд армийн зүгээс “хэзээ ч нурж болзошгүй” гэж анхааруулсан байна. Мөн Сишуй тосгоны оршин суугчид дээвэр дээрээ гацсан тухай олон нийтийн сүлжээнд нийтэлжээ.

Бүс нутгийн зарим хэсэгт “хүчтэй эсвэл туйлын хүчтэй шуурга” пүрэв гараг хүртэл үргэлжилнэ гэж таамаглаж байгаа юм. Үер болоход олон хүчин зүйл нөлөөлдөг боловч уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн цаг агаар дулаарснаар их хэмжээний хур тунадас орох магадлал өндөр байдаг байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet