Сингапурт 13 настай хүү сургууль дээрээ алагджээ

Сингапурт 16 настай сурагч хүү өөр нэг сурагчийг хөнөөсөн хэрэгт буруутгагджээ. Даваа гарагт цагдаагийн алба хаагчид дуудлагын дагуу холбогдон ахлах сургуульд очоод, ариун цэврийн өрөөнөөс 13 настай хүүгийн цогцсыг олсон байна. Тус хэрэг нэр хүндтэй River Valley нэртэй ахлах сургуульд болсон бөгөөд хэрэгтнийг барих хүртэл сургуулийг тусгаарлахад хүрчээ.
Цагдаа нар хэргийн газраас нотлох баримт болгон сүх хураан авсан, түүнчлэн эхний мөрдөн байцаалтаар хоёр хүү бие биенээ таньдаггүй байсан нь тогтоогдсон байна. Харин Сингапурын Хууль зүй, дотоод хэргийн сайд К Шанмугам урьдчилсан мөрдөн байцаалтын явцад яллагдагч сүхийг онлайнаар худалдаж авсан гэж таамаглаж байгааг мэдэгдэж, Сингапурын хуулийн дагуу хохирогч, сэжигтнийг хоёуланг нь 18 нас хүрээгүй тул нэрийг нь зарлах боломжгүй гэжээ.
Мягмар гарагт болсон шүүх хуралдааны үеэр прокурорууд шүүгчээс хэрэгтний 2019 онд амиа хорлохыг завдсан, мөн сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагад эмчлүүлж байсныг харгалзан сэтгэцийн оношлогоо хийлгэхийг хүссэн. 16 настай хүүг аллагын хэрэгт буруутгасан ч насанд нас хүрээгүй тул түүнд бүх насаар нь хорих ял оноож магадгүй байна. Сингапурын хуулиар хүн амины хэрэгт цаазаар авах ял оноодог аж.
Энэ хэргийн дараа Сингапурын иргэдийн дунд сургуулийн аюулгүй байдал, сурагчдын сэтгэцийн эрүүл мэндийн талаар хүчтэй хэлэлцүүлэг өрнөж эхэлсэн байна.
Эх сурвалж: BBC

Хариулах