Хятадыг Microsoft Exchange серверүүд рүү хийсэн кибер халдлагад буруутгаж байна

Их Британи болон Европын холбоо (ЕХ) энэ оны эхээр болсон томоохон хэмжээний кибер халдлагад Хятадыг буруутгажээ. Кибер халдлагын бай Microsoft Exchange байсан бөгөөд дэлхий даяар нэг сая гаруй серверүүдийнх нь дөрөвний нэг өртсөн юм.
Европын холбоо хамгийн түрүүнд “Халдлага Хятадын нутаг дэвсгэрээс гарсан” гэж мэдэгдсэн бол Их Британи “Хятадын төрийн дэмжлэгтэй бүлэглэл үүнд хариуцлага хүлээх ёстой” гэж мэдэгдэв. Харин АНУ эдгээр мэдэгдлийг дэмжсэн байна. Түүнчлэн дээрх улсууд БНХАУ-ын Төрийн аюулгүй байдлын яам бусад тагнуулын ажиллагааг зохион байгуулсан гэж мэдэгджээ.
Майкрософт халдлагын мэдээллийг өнгөрсөн гуравдугаар сард дэлгэж, Хятадтай холбоотой “Хафниум” хэмээх бүлэглэл үүний ард байгаа гэж зарласан. Харин Хятад эдгээр буруутгалыг няцаасан юм.
Хакерууд веб-бүрхүүлийг системд байршуулсан нь цаашид дахин халдлага хийх боломжтой болгосон бөгөөд үүний дараа тус “арын хаалгыг” бусад хакерын бүлгүүд ашиглаж, системийг гэмт хэрэгтнүүд болон вирусын халдлагын эсрэг эмзэг болгосон байна.
ЕХ-ны гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч мэдэгдэлдээ “Энэхүү хариуцлагагүй, хор хөнөөлтэй үйлдэл нь манай төрийн байгууллагууд болон хувийн компаниудын аюулгүй байдлыг эрсдэлд оруулан, санхүүгийн томоохон алдагдал дагуулж, аюулгүй байдал, эдийн засаг, нийгэмд бүхэлд нь асар их хор нөлөөг үзүүлж байна” гэжээ. Мөн тэрээр ЕХ болон гишүүн орнуудын төрийн байгууллагууд, Европын голлох үйлдвэрүүд рүү чиглэсэн кибер ажиллагааг илрүүлсэн гэдгийг мэдэгдэж, Хятадын энэ үйлдэлд санаа зовниж буйгаа илэрхийлэв. Эдгээр үйл ажиллагаанд Хятадад байрладаг APT 40 болон APT 31 гэгддэг бүлэглэлүүдийг буруутгаж байгаа аж.
Эх сурвалж: BBC

Хариулах