COVID-19

Ирак: Эмнэлгийн ковидын тасагт гал гарсны улмаас олон хүн нас барлаа

Иракийн өмнөд хэсгийн Насирия хотын Аль-Хуссейн эмнэлэгт гал гарч, 50 гаруй хүн нас баржээ. Галын нурангаас иргэдийг аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж. Гал түймрийн шалтгаан тодорхойгүй байгаа боловч урьдчилсан байдлаар коронавирустай иргэдийг эмчилж буй тусгаарлах тасагт хүчилтөрөгчийн сав дэлбэрсний улмаас гэж таамаглаж байна.

Уг ковидын тусгай тасгийг гурван сарын өмнө байгуулсан бөгөөд 70 ортой, харин гал гарч эхлэх үед дор хаяж 63 хүн дотор нь байсан гэж эрүүл мэндийн албаны ажилтнууд Ассошиэйтэд Пресс агентлагт мэдээлжээ.

Ройтерс агентлагийн мэдээлснээр Иракийн Ерөнхий сайд Мустафа аль-Кадеми эмнэлгийн даргыг баривчлах тушаал өгчээ. Мөн өвчтөнүүдийн гэр бүлийн хүмүүс барилгын гадна эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Харин Иракийн парламентын дарга Мохамед аль-Халбуси твиттертээ гал түймэр нь “Иракийн иргэдийн амь насыг хамгаалж чадаагүйн тод нотолгоо болсон бөгөөд энэ гамшигт бүтэлгүйтлийг зогсоох цаг болжээ” гэж жиргэжээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард мөн хүчилтөрөгчийн сав дэлбэрсний улмаас гал гарч, нийслэл Багдад хотын эмнэлэгт 82 хүн амиа алдсан юм. Уг галын дараа эрүүл мэндийн сайд Хассан аль-Тамими огцорсон.

Олон жил үргэлжилсэн дайны улмаас аль хэдийн уналтад ороод байсан Иракийн эрүүл мэндийн салбар коронавирусийн цар тахлын үед хүндхэн сорилттой тулгараад байгаа юм. Жон Хопкинсийн их сургуулийн мэдээллээр Ирак улсад коронавирусийн 1.4 сая халдвар, 17,000 гаруй нас баралт бүртгэгджээ. Мөн тус улсын 40 сая орчим иргэний сая гаруй нь коронавирусын вакцины нэгдүгээр тунд хамрагдсан аж.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet