Монгол Ардын Намын XXX хуралд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эдийн засгийн тусгаар тогтнолын төлөөх
”Зууныг эхлүүлэх 
Зургаан сэргэлт”

Эрхэм Монголчуудаа,
Намын Их хурлын төлөөлөгчид өө,
Хүндэт зочид оо,
Журмын нөхөд өө,

Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос Монгол Ардын Намын 278 мянган гишүүдийг төлөөлж, намын 30-р их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцож буй Та бүхэндээ чин сэтгэлийн мэнд дэвшүүлье.

Одоогоос зуун жилийн тэртээ, улс орны маань тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал алдагдсан хүнд цаг үед манай намын анхдугаар их хурал хуралдаж, эх орноосоо харийн түрэмгийлэгчдийг хөөн зайлуулж, үндэсний тусгаар тогтнолоо сэргээх явдал бол гол зорилт хэмээн тунхаглаж байжээ.

Өнөөдрийн манай намын түүхт 100 жилийн ой тохиож буй 30 дахь удаагийн их хурал ч Дэлхийн 2-р дайнаас хойш хүн төрөлхтөнд учраагүй Цар тахлын нэн хүнд цаг үед зохион байгуулагдаж байна.

Монгол Ардын Нам өнгөрсөн зууныг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сэргээн мандуулж, дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө зориулсан бол, Шинэ зуунд эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэх түүхэн үүрэг Та бидэнд ногдлоо.

Эрхэм журмын нөхөд өө,

1921 онд Солийн Данзан, Догсомын Бодоо, Дамдины Сүхбаатар, Дансранбилэгийн Догсом, Догсомын Лосол, Дамбын Чагдаржав, Хорлоогийн Чойбалсан нарын эх орончид нэгдэн Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намыг үндэслэн байгуулж, Ардын хувьсгалыг ялалтад хүргэсэн билээ.

Ардын хувьсгалын анхны долоон баатраа 100 жилийн ойн намын 30-р их хурлын индрээс хүндэтгэн дурсаж байна.

1921 оны Ардын хувьсгал бол 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын шууд үргэлжлэл, даяар Монголын гал голомтыг сэргээн мандуулах тэмцэл байсан юм.

1911 онд VIII Богд Жавзандамба хутагт болон Минжиддоржийн Ханддорж, Гомбын Цэрэнчимэд, Төгс-Очирын Намнансүрэн тэргүүтэй эх орончид Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг удирдан манлайлсан түүхтэй.

Монголын ард түмэн 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд тусгаар тогтнолоо хамгаалж, 1945 оны бүх нийтийн санал асуулгаар тусгаар тогтнолын төлөө эвлэлдэн нэгдэж, олон жилийн мятаршгүй тэмцлийн үр дүнд 1961 оны 10-р сарын 27-ны өдөр Улаанбаатарын цагаар 04 цаг 15 минутад төрийнхөө алтан соёмбот далбааг Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэнгэрт мандуулж, эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол төрийнхөө гал голомтыг эргэн сэргээж, даян дэлхийд дахин тунхагласан нь Монгол Ардын Намын түүхэн үнэн, мартагдашгүй гавьяа билээ.

Монгол Ардын Намын 100 жилийн түүх бол Монгол Улсын хөгжлийн түүх юм. Юмжаагийн Цэдэнбал, Жамбын Батмөнхийн удирдсан он жилүүдэд Соёлын довтолгоон, Атрын аяныг өрнүүлж, бүх нийтээрээ бичиг үсэгтэн болж, шинжлэх ухааныг хөгжүүлж, Аж үйлдвэр – хөдөө аж ахуйн орон болох Их бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж, сансарт хүртэл ниссэн гайхамшигт түүхийг бүтээж чадсан юм.

1980-аад оны сүүл үеэс Зөвлөлт Холбоот Улсад эхэлсэн Перестройка буюу Өөрчлөн байгуулалтын нөлөөг социалист орнууд өөр өөрийн онцлогт нийцүүлэн хөгжлийн чиг баримжаагаа тодорхойлсон юм. Жамбын Батмөнх, Цэрэндашийн Намсрай тэргүүтэй Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүд эх орондоо ардчилсан өөрчлөлт хийхийг эрмэлзсэн залуусын дуу хоолой, нийгмийн захиалгыг соргогоор мэдэрч, тайван замаар нийгэм, эдийн засгийн шилжилтийг удирдан зохион байгуулж чадсан түүхтэй.

Хүний эрх, эрх чөлөө, олон ургалч үзэл, олон намын тогтолцоо бүхий парламентын засаглал, зах зээлийн эдийн засаг, хүмүүнлэг иргэний нийгэм байгуулах зэрэг ардчилсан үнэт зүйлсийг тунхагласан 1992 оны шинэ Үндсэн хуулийг баталсан Ардын Их Хурлын депутатуудын 83 хувь нь Монгол Ардын Намын гишүүд өөрсдөө байсан.

Ардчилсан хувьсгал бол Монголын ард түмний хамтын хүсэл, бас зориг байлаа.

Ардчилал бол ард түмний засаглал. Ардчилал бол хувь хүн биш, хууль засагладаг нийгэм. Ардчилал бол эрх чөлөө, үүрэг хариуцлагын нийлбэр. Ардчилал бол иргэн бүрийн идэвхтэй оролцоо юм.

Ардчилал бол амьдралыг тэтгэгч амьсгалах агаар мэт анзаарагддаггүй ч алдрах цагтаа эрүүл нийгмийн аминд хүрэх нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах ёстой үнэт зүйл юм.

Тусгаар тогтнол, эрх чөлөө, хөгжил дэвшлийг цогцлоож, өнөөдрийн Монголыг бүтээлцсэн үе үеийн эх орончид, нэр нь үлдээгүй ч үйлс нь мөнхөрсөн баатрууддаа улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын 30-р их хурлын индрээс гүн хүндэтгэл илэрхийлье.

Эзэнт гүрний гал голомтыг эргэн сэргээж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо мандуулах үе үеийн эх орончдын тэмцэл дардан байгаагүй ээ. Гадаад дотоод хүчин зүйлийн нөлөө, үзэл суртлын туйлшрал, улс төрийн зөрчил тэмцлийн улмаас эмгэнэлт хэлмэгдэлд хүрсэн гунигт түүхийн хуудас ч бидэнд бий.

Энэхүү улс төрийн хэлмэгдэлд өртөж хилс гэсгээл хүртсэн эх орончид, гэм зэмгүй ард иргэд, лам хуврагууд болон манай намын гишүүд, тэдний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөөс нь 100 жилийн түүхээ эргэн дүгнэж буй энэ өдөр Монгол Ардын Намын даргын хувьд уучлал гуйж байна.

Их хурлын эрхэм төлөөлөгчид өө,

Монгол Ардын Намын хоёр зууны түүхэн солбицолд Та бид Цар тахлын амаргүй сорилттой нүүр тулгарлаа. Цар тахлын хүндрэл нь дэлхий даяар эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, гадаад харилцаанд хүчтэй доргилт өгч, хүн төрөлхтний амьдралын хэмнэлийг танигдахын аргагүй өөрчиллөө. Энэ хүндрэл бэрхшээл манай улсыг ч тойрсонгүй ээ.

Цар тахлаас улбаалж, эдийн засаг -5.3 хувь хүртэл агшиж, 200 гаруй мянган ажлын байр бодитой эрсдэлд орсон нь 1992 оны нийгмийн шилжилтийн үетэй тоон утгаараа дүйцэх цаг үе байлаа.

Цар тахлын үед Монгол Ардын Нам 2020 оны Улсын Их Хурлын сонгуульд 82.9 хувь, орон нутгийн сонгуульд 57.6 хувь, 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд 67.7 хувиар ялалт байгуулж, мөн Улсын Их Хурлын нөхөн сонгуульд амжилттай оролцлоо.

Амаргүй цагт ачааны хүндийг Ардын намд үүрүүлж, итгэж дэмжсээр ирсэн ард түмэндээ гүн талархал илэрхийлье.

Хоёр зууны түүхэн заагт намын даргаар ажиллаж, намынхаа шинэ зууныг ялалтаар буухиалан залгамжлуулсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Танд баярлалаа.

Ялалтын буухиаг манлайлсан журмын нөхдөдөө, энэхүү амжилтыг бүтээлцсэн нийт гишүүд, дэмжигчид Та бүхэндээ талархал илэрхийлж, баяр хүргэе.

Эрхэм журмын нөхөд өө,

Ялалт бол хариуцлага, сорилт бол боломж юм.

Би илтгэлийнхээ эхэнд Монгол Ардын Нам өнгөрсөн зууныг тусгаар тогтнолоо дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө зориулсан бол, ирэх зууныг эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлын төлөө зориулна гэж онцолсон.

Эдийн засгийн тусгаар тогтнол нь чинээлэг дундаж давхаргад суурилсан, гадаад худалдааны болон хөрөнгө оруулалтын хувьд аль нэг улсаас хэт хамааралгүй, тогтвортой өсөлттэй, өсөлт нь хүртээмжтэй, олон тулгуурт эдийн засгийн бүтцээр баталгаажна.

Цар тахал Монгол Улсын эдийн засаг ямар эмзэг байгааг, хэчнээн их хамааралтай байдгийг бодитоор мэдрүүллээ. Энэ асуудал үе үеийн Засгийн газар, Ерөнхий сайд нарын шаналал, сорилт байсаар ирсэн. Харин энэ удаа улс даяараа, ард иргэдээрээ ойлгон мэдэрч байгаа нь хугацаа алдалгүй шийдэл гаргах цаг ирсний дохио биз ээ.

Эдийн засаг нь зөвхөн уул уурхайгаас, улсын төсөв нь нүүрснээс, шатахуун нь нэг улсаас, импорт нь ганц боомтоос хамааралтай бодит үнэнийг бид энэ цаг үед бүр ч илүү мэдэрч байна.

Ийм ч учраас Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд шинэ зууны зорилтоо тодорхойлох намын 30-р их хурлын үндсэн илтгэлийг Эдийн засгийн тусгаар тогтнолын төлөөх “Зууныг эхлүүлэх зургаан сэргэлт” буюу Шинэ сэргэлтийн бодлого хэмээн нэрлэсэн юм.

Монгол Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа - 2050” урт хугацааны бодлого нь шинэ зууны гуравны нэгийг тодорхойлох хөгжлийн үндсэн чиглэл мөн. Шинэ Өнөөдөр дэвшүүлж буй Шинэ сэргэлтийн бодлого нь “Алсын хараа – 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилд зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилтот хөтөлбөр юм.

Хөгжлийг боомилогч хүчин зүйлсийг богино хугацаанд шийдвэрлэж, эдийн засгийн суурь багтаамжийг цаг алдалгүй тэлж чадвал “Алсын хараа – 2050” бодлогод тусгасан нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 дахин өсгөж, ядуурлыг 5 дахин бууруулж, чинээлэг дундаж давхаргыг 80 хувьд хүргэх зорилт бүрэн хэрэгжих боломж бүрдэнэ.

Монгол Ардын Нам нь Социал Демократ үзэл баримтлалтай намын хувьд хүний хөгжил, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарыг онцгойлон дэмжих болно. Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээ, цалин тэтгэвэр тэтгэмж, орлогын тэгш байдал, чанар, хүртээмж, стандартыг Скандинавын орнуудын нийтлэг жишигт нийцүүлнэ.

Иргэн бүхэн жил бүр эрүүл мэндийн оношилгоонд үнэ төлбөргүй хамрагдаж, олон улсын чанарт нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээг эх орондоо авдаг нөхцөлийг бүрдүүлнэ. Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг бий болгож, дотоодын эрүүл хүнсээр бүрэн хангана. Монгол хүүхдийн төрөлх гарваль шинж, давтагдашгүй онцлогт тулгуурлан тэдний олон талт авьяасыг нээн хөгжүүлж, дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай Монгол Улсын ирээдүйн өв тэгш иргэдийг бэлтгэх боловсролын тогтолцооны цогц шинэчлэлийг хийнэ.

Монгол бол залуучуудын орон. Өнөөдрийн залуучууд зорилготой, орлоготой, орон сууцтай, хуримтлалтай байх нь Монголын ирээдүйн баталгаа юм.

21 дүгээр зуун бол хурдны зуун. Хурдыг бүтээмж, бүтээмжийг хөгжил цэцэглэлт дагадаг.

Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал, хиймэл оюун, блокчейн зэрэг технологийн хөгжлийн эрин үед Монголын үндэсний давтагдашгүй онцлогт тулгуурласан дэлхийн дэвшилтэт ололтыг дэмжиж, шинжлэх ухаан, инновац, техник технологийн салбарын үсрэнгүй хөгжлийг эхлүүлнэ. Тийм учраас шинжлэх ухаан, технологи, эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн инженерүүдийг төрөөс бодлогоор бэлтгэнэ.

Өнөөдөр миний бие Монгол Улсын хөгжилд чөдөр тушаа болсоор ирсэн суурь асуудлууд, түүний гарц шийдлийн тухай зургаан багц асуудлыг ярихаар бэлтгэлээ. Учир нь эдгээр хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг хамтдаа шийдвэрлэж чадахгүйгээр ямар ч сайхан зорилт цаасан дээр царцаж үлдэх эрсдэлтэй юм. Тиймээс эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэх шинэ зуунаа эхлүүлэх зорилго ч “Алсын хараа – 2050” хөгжлийн бодлого ч энэхүү зургаан асуудалтай ус агаар, хөрс мэт шүтэн барилдлагатай юм.

Нэг. Боомтын сэргэлт

Монгол Улс далайд гарцгүй орны хувьд боомтуудыг авто зам, төмөр зам, хурдны замаар цаг алдалгүй холбож, агаарын тээврийн салбарыг цоо шинэ шатанд гаргах зайлшгүй шаардлагатай.

Монгол Улс далайд гарцгүй газарзүйн онцлогтой. Эрс тэс уур амьсгал, улирлын чанартай бүтээн байгуулалт зэрэг хөгжилд саад болдог хүчин зүйлс багагүй бий. Манай улс нийт хуурай замын 42 боомт, агаарын замын 4 боомттой. Оросын Холбооны Улстай 29, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай 13 боомтоор хиллэдэг.

Одоогийн байдлаар авто замаар 7, төмөр замаар 3, агаарын замаар 1 боомт холбогдож, үйл ажиллагаагаа явуулж байна. Боомтын хүчин чадлаар бид дэлхийн 160 улсаас 130-т эрэмбэлэгдэж байна. Бид эдийн засгийн зүрх судасны цусны эргэлт доголдож, чухал цэгүүдэд зангилаа үүсэж цус харвалтын байдалд орсон боомтын боймыг тайлахгүйгээр хөгжилд үсрэх байтугай мөлхөх ч боломжгүй юм.

Засгийн газраас Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх онд бүрэн ашиглалтад оруулж, Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтуудыг төмөр замаар холбох ажлыг цаг алдалгүй эхлүүлнэ. Ингэснээр 5600 орчим километр урттай үндэсний төмөр замын сүлжээ бий болж, цаашид “Транзит Монгол Улс” болох суурь нөхцөл бүрдэх юм.

Өнөөдөр дэвшүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Ханги, Цагаандэл, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг боомтуудыг авто замаар холбож, бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг эрс сайжруулах томоохон зорилтыг дэвшүүлж байна.

Хилийн боомтуудыг хурдны замаар холбох ажлыг Алтанбулаг-Замын-Үүд боомтуудыг холбосон 987 километр хурдны замыг барихаас эхлэх болно.

Боомтуудын өрсөлдөх чадвар, нэвтрэх урсгалыг эрс сайжруулж, боомт түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс болон шинэ хотуудыг байгуулцгаая.

Шинэ нисэх онгоцны буудлыг Ази, Европыг холбосон агаарын тээврийн дамжин өнгөрүүлэх төв болгон өргөжүүлж, агаарын тээврийн чөлөөт өрсөлдөөнийг идэвхжүүлж, дэлхийн хэмжээний иргэний болон ачаа тээврийн компаниудтай нээлттэй, харилцан ашигтай түншлэн ажиллацгаая.

Товчоор хэлэхэд боомтын боймыг тайлах болно.

Хоёр. Эрчим хүчний сэргэлт

Бие даасан байдал, эдийн засгийн тусгаар тогтнолын нэгэн багана нь эрчим хүчний хангамж гэдэгт нь ойлгомжтой. Эрчээ алдсан эрчим хүчний салбар маань өнөөдөр Монгол Улсын хөгжлийг сааруулагч томоохон хүчин зүйлсийн нэг болсон байна.

Бид газрын доорх ертөнц буюу дулаан, цахилгааны эх үүсвэр, түүнийг дагасан шугам сүлжээний асуудлыг бүрэн шийдвэрлэхгүйгээр газрын дээрх бүтээн байгуулалт ярих ямар ч боломжгүй.

1986 онд Дулааны 4-р цахилгаан станц баригдсанаас хойш эрчим хүчний нэг ч шинэ эх үүсвэрийг төрийн зүгээс байгуулж чадсангүй. Гэтэл өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээ биднээс 5 байтугай 6 дахь дулаан цахилгааны шинэ эх үүсвэрийг шаардаж байна. Манай улс эрчим хүчний импортод жил бүр дунджаар 400 гаруй тэрбум төгрөг зарлагадаж байна. Дулааны станцуудын насжилт 35-60 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний насжилт 32-62 жил болж, 40 гаруй хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Зүүн Хойд Азийн супер сүлжээнд холбогдож, хоёр хөршийг холбосон өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж байгуулах зорилтыг дэвшүүлж байна.

Цөмийн болон ус төрөгчийн эрчим хүчний эх үүсвэрийг барьж байгуулах төрийн бодлогоо цаг алдалгүй тодорхойлцгооё. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, түүний дотор усан цахилгаан станцыг нэн тэргүүний зорилт болгож, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг дуусгаж, Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлэхийн төлөө бүх боломжоо дайчлан ажиллацгаая.

Цахим Монгол, Дижитал үндэстэн болох зорилт бол зөвхөн төрийн үйлчилгээг цахимжуулах төдий шийдэл биш юм. Цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэр, орчин үеийн байгальд ээлтэй, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд шинээр байгуулагдах Цахим хөгжлийн яам болон Боловсрол, шинжлэх ухааны яам илүүтэй анхаарах шаардлагатай.

ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын газар нутгаар дамжин өнгөрөх байгалийн хий дамжуулах хоолой барих бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлж байна. Энэ бүтээн байгуулалт манай улсад зөвхөн эдийн засгийн хувьд ашигтай төдийгүй эрчим хүчний хэрэглээнд шинэ дэвшил гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна.

Дулааны 3-р цахилгаан станцын өргөтгөл, Тавантолгой, Багануур, Чойбалсангийн Дулааны цахилгаан станц, Амгалан цахилгаан станц зэрэг эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлуудаа цаг алдалгүй дуусгаж, ашиглалтад оруулах нь эрчээ алдсан эрчим хүчний салбар эргэн сэргэхэд чухал ач холбогдолтой билээ.

Гурав. Аж үйлдвэржилтийн сэргэлт

Аль ч улсын эдийн засгийн хөгжлийн үндэс нь Аж үйлдвэржилт билээ. Аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлого бол манай намын зуун дамнасан бодлогын үргэлжлэл юм.

Бид хийж чаддаггүй зүйлээ сурахаас илүүтэй хийж чаддаг байсан зүйлээ сэргээх нь чухал билээ. Өнөөдөр Монгол Улс байгалийн баялгийнхаа 90 хувийг боловсруулалгүй хямд үнээр гаргаж, дотоодын хэрэглээнийхээ 90 хувийг гадаадаас худалдан авч байгаа нь аж үйлдвэржилтийн бодлого алдагдсаны гашуун сургамж юм. Мал аж ахуйн орон атлаа жилд 15 сая арьс ширийг боловсруулж чадалгүй хаяж байна.

Монгол Улс зэсээ баяжуулж, нүүрсээ угааж, алтаа цэвэршүүлж, газрын тосоо боловсруулж, дотоодын хүнсээ хангаж, түүхий эд нийлүүлэгч улсаас аж үйлдвэржсэн улс болох Аж үйлдвэржилтийн сэргэлт бол эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлын суурь баталгаа билээ.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд нэмүү өртөг шингэсэн уул уурхай, хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулна.

Ган болон зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр бол аж үйлдвэржилтийн сэргэлтийн суурь цөм юм. Эрдэнэтийн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр болон Дархан-Сэлэнгийн бүсэд гангийн үйлдвэрүүд барьж, ашиглалтад оруулна. Дарханы арьс шир боловсруулах үйлдвэр болон татан авах дэд төвүүдийг байгуулах ажлыг зохион байгуулна.

Газрын тос боловсруулах үйлдвэрээ цаг алдалгүй ашиглалтад оруулж, бензин шатахуунаа дотооддоо үйлдвэрлэдэг болох нь эдийн засгийн бие даасан байдлын чухал зорилтуудын нэг билээ.

Аж үйлдвэржүүлэх бодлого бол шинжлэх ухаан, технологийн салбарыг бүрэн шинэчлэх зорилт юм. Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалаас хоцрохгүй, өндөр технологи, блокчейн, хиймэл оюуны ололтыг нэвтрүүлж, дижитал эдийн засгийн чиг хандлагад нийцүүлэн аж үйлдвэржилтийн бодлогоо хамтдаа шинээр тодорхойлцгооё.

Үйлдвэржсэн Монголын үйлс бүтэх болтугай.

Дөрөв. Хот, хөдөөгийн сэргэлт

Эрхэм төлөөлөгчид өө,

Суусан хотоо алхаатай хот болгож, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг бий болгох нь бидний нэн тулгамдсан асуудал боллоо. XIII зуунд Монгол хүн морин дэл дээр дэлхийг эзэлсэн түүхээр бид бахархдаг, харин XXI зууны Монголчууд машиндаа түгжирсээр насыг барвал юутай харамсалтай.

Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгт жагсдаг. Гэтэл өнөөдөр нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзлэх нийслэл Улаанбаатар хотод нийт хүн амын 50 гаруй хувь нь амьдарч байна.

Их дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, нийт хадгаламжийн 81 хувь, бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 76 хувь нийслэлд төвлөрч, Дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувийг Улаанбаатар хот дангаараа үйлдвэрлэж байна.

Жил бүр дунджаар нэг аймгийн оршин суугчидтай дүйцэх хэмжээний хүн ам нийслэлд шилжин суурьшиж, 70-80 мянга гаруй авто машин шинээр замын хөдөлгөөнд нэмэгдэн орж байна. Нэг үгээр хэлбэл, Монгол Улс нэг хот-улс болжээ.

Улаанбаатар хотын иргэд өдөрт дунджаар 2.4 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрүүлж, үүнээс шалтгаалсан алдагдсан боломжийн өртөг сүүлийн 10 жилд 11.8 их наяд төгрөг болсон байна.

Улаанбаатар хотын түгжрэл бол өнгөрсөн гучин жилийн улс төрийн хэт тогтворгүй байдал, шат дараалсан олон сонгуулиудын хийрхэл, асуудалд өнөө маргаашаа аргацааж, гал унтраах байдлаар хандаж ирсэн хандлага, тооцоо судалгаагүй популист шийдвэр, авлигад идэгдсэн албан тушаалтнуудын арчаагүй, хариуцлагагүй байдлын төлөөс юм.

Өнгөрсөн 30 жилд хуримтлагдан архагшсан хууч өвчнийг өвчин намдаах эмээр аргацаах боломжгүй болсныг ард иргэд маань хүлээн зөвшөөрч ойлгоно гэдэгт итгэж байна. Шулуухан хэлэхэд өвчний голомтыг бүрдүүлж буй зарим асуудлыг мэс заслын аргаар багагүй хэмжээний өвдөлт өгч шийдвэрлэхээс өөр гарц үлдсэнгүй.

Зарим томоохон асуудлыг шууд ардчиллын хэлбэрээр ард нийттэйгээ хамтран шийдвэрлэх нь зүйтэй гэж Ерөнхий сайдын хувьд үзэж байна.

Хотын төвлөрлийг багасгана гэдэг нь хөдөөг хөгжүүлнэ гэсэн үг. Хотоос хөдөө рүү нүү гэхэд хэн ч шууд очихгүй нь ойлгомжтой. Хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангахад эдийн засгийн бодит хөшүүрэг, эрхзүйн цогц шинэчлэл, тогтолцооны томоохон шийдэл хэрэгтэй. Өмнө дурдсан боомт, эрчим хүч, аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлого, Их бүтээн байгуулалтыг дагасан ажлын байр ч энэ асуудалтай нарийвчлан уялдах шаардлагатай.

Нийслэл Улаанбаатар хоттой дүйцэх хэмжээний шинэ суурьшлын бүсийг эртний нийслэл Хархорум хотыг түшиглэн шинээр байгуулах нарийвчилсан судалгааны ажлыг олон улсын хот байгуулалтын инженерүүдтэй хамтарч, 2022 онд багтаан эхлүүлнэ.

Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс, шинэ хот байгуулах Их бүтээн байгуулалтын ажлыг ч мөн ирэх жил эхлүүлнэ.

Бүсчилсэн хөгжлийн бодлогыг Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Их бүтээн байгуулалтын төслүүдтэй уялдуулан дахин тодорхойлно. Аймгийн төвүүдийг бие даасан хот болгон хөгжүүлэх, орон нутаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэх санхүү, эдийн засгийн боломжийг нээж, орон нутгийн удирдлагуудын эрх мэдэл, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлнэ.

Цар тахлын нөхцөл байдал тогтворжих үед Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд орон нутгийн иргэдийн идэвхтэй оролцоонд тулгуурлаж, бие даан хөгжих боломж бүхий эдийн засгийн асуудлыг аймаг бүрд шийдвэрлэж, орон нутагт Ерөнхий сайдын хувиар ажиллах болно.

Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг төрийн бодлогоор онцгойлон дэмжинэ. Хүнсээ дотооддоо бүрэн хангах, хүнс экспортлогч улс болох зорилтын хүрээнд “Шинэ хоршоо” хөдөлгөөн, Атрын 4 дүгээр аяныг орчин цагийн хөгжлийн шинэ агуулгаар баяжуулан үндэсний хэмжээнд өрнүүлнэ.

Нийслэлийн түгжрэлийн асуудлыг шийдвэрлэхэд улсын төсвөөс анх удаа 420 тэрбум төгрөг шийдвэрлэсэн нь нийслэлээс төсвөөс түгжрэлд зарцуулсан 10 жилтэй дүйцэж байгаа нь бид энэ асуудалд хэрхэн хайнга хандаж ирсний бас нэгэн илэрхийлэл юм.

Улаанбаатар хотын нийтийн тээврийг бүрэн шинэчилж, тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн хэрэгслийг 3 чиглэлд 41 километр зайд барих ажлыг эхлүүлж, эхний шугамыг 2024 онд багтаан дуусгахаар төлөвлөж байна.

Богдхан уулыг тойрсон 136 километр төмөр замыг шинээр байгуулна. Богдхан төмөр зам баригдсанаар Улаанбаатар хотын дундуур нэвтрэн өнгөрдөг төмөр замын ачаалал 50 хувиар буурч, нийслэлийн төвд байрлах тээвэр логистикийн болон худалдааны томоохон төвүүдийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх суурь нөхцөл бүрдэх учиртай.

Нийслэл Улаанбаатар хотын Толгойт, Баянхошуу, Сэлбэ, Дарь-Эх зэрэг дэд төвүүдийг холбосон 72 километр Их тойруу хурдны зам барих ажлыг ирэх оноос эхлүүлнэ.

Суусан хотоо алхаатай хот болгоход төр-иргэний хамтын ажиллагаа, харилцан ойлголцол туйлын чухал гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

Тав. Ногоон хөгжлийн сэргэлт

Хөгжил бол байгаль өөрөө юм. Цар тахал дэлхий ээжтэйгээ буруу харьцсанаас үүдэж, хүн төрөлхтөнд өгч буй сануулга байхыг ч үгүйсгэхгүй.

Монголчууд бид эх дэлхийтэйгээ зохицон амьдрах нүүдлийн соёл иргэншилдээ тулгуурлаж, дэлхийн чиг хандлагад нийцсэн ногоон хөгжлийн дэвшилтэт загварыг одоо л тодорхойлохгүй бол оройтно.

Дэлхийн улс орнуудын Засгийн газрууд болон олон улсын банк, санхүүгийн байгууллагууд хүлэмжийн хийг бууруулж, ногоон эдийн засагт шилжихээ зарлаж байгаа нь төсвийн орлогоо нүүрсээр бүрдүүлдэг манай улсын хувьд хүндхэн сорилт ч, цаг алдалгүй ногоон хөгжлийн дэвшилтэт бодлогод шилжих боломж олгож байгаа юм.

Бидэнд өөр сонголт байхгүй. Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалж, Хойд мөсөн далай хайлж, далайн усны түвшин эрс нэмэгдэж, хот суурин газрууд усанд автаж байна. Байгалийн гамшигт үзэгдлүүдийн давтамж нэмэгдэн, цөлжилт, ган гачиг эрчимжсээр байна.

Хүлэмжийн хий нэмэгдсэн сүүлийн 150 хүрэхгүй жилийн дотор дэлхийн дулаарал 1 хэмээр нэмэгджээ. Эх дэлхий маань 2-оос дээш хэм дулаарвал бид юу ч хийсэн оройтох болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн цаг үеэ олсон чухал санаачилга юм. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, хөрсний доройтолтой тэмцэх, усны эх үүсвэр, экологийн тэнцвэрт байдлыг хангахын тулд бүх нийтээрээ ногоон хөгжлийн хандлагаа өөрчилж, Төрийн тэргүүнээ дэмжиж ажиллацгаая.

Нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү хөдөлгөөнд нэгдсэн иргэн, аж ахуйн нэгжүүдийг дэмжих эрхзүйн цогц шинэчлэл хийж, орон нутгийн удирдлагууд, төсвийн захирагч нарын ажлын үнэлгээнд мод ургуулах, арчлах, байгаль орчныг хамгаалах ажлыг нэмж тусгах болно.

Зам дагаж хөгжил, ус дагаж амьдрал цэцэглэдэг билээ. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Хөх морь” үндэсний хөтөлбөрийг санаачилж, бэлчээрийг усжуулах, говийн бүс нутгийг усаар хангах, саарал усыг дахин боловсруулах, нуур цөөрөм үүсгэх, ширгэсэн гол, мөрөн, булаг, шандыг сэргээхэд чиглэсэн ажлыг цаг алдалгүй өрнүүлнэ.

Цөлжилт, бэлчээрийн доройтол, хүн малын ундны усны нөөц шавхагдсан нь малчдыг хэдэн аймаг дамжсан отор нүүдэл хийх, нийслэл хот руу шилжин суурьших гол шалтгаануудын нэг болж байна.

Нийслэл Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт хог хаягдал дахин боловсруулах байгальд ээлтэй шинэ технологийн үйлдвэрүүдийг бүсчлэн байгуулна.

Бид өвөг дээдсийн унаган байгалиа хайрлан хамгаалж, харилцан шүтэлцэж ирсэн уламжлалт ёс заншлыг эдийн засаг, аж үйлдвэрийн Их сэргэлтийн эрин үед олон улсын чиг хандлагатай нийцүүлэн үргэлжлүүлж, ногоон хөгжлийн жишиг загварыг тодорхойлж чадна.

Зургаа. Төрийн бүтээмжийн сэргэлт

Монгол ахан дүүс ээ,

Эрхэм журмын нөхөд өө,

Миний бие Монгол Улсын хөгжлийг боомилж буй 5 асуудал, түүний шийдлийн тухай товч дурдлаа. Сүүлийн тэмээний ачаа хүнд гэдэгчлэн өнөөдөр хөгжлийг хязгаарлагч хамгийн том хүчин зүйл нь Төр өөрөө болсон байна.

Төр иргэд, аж ахуйн нэгжийн боломжийг хязгаарлагч, боомилогч биш, харин дэмжигч, урамшуулагч байх учиртай.

1932 онд Монгол Улсын Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэн, Агданбуугийн Амар нарын хэрэгжүүлсэн Шинэ эргэлтийн бодлого ч төр өөртөө шүүмжлэлтэй хандаж, алдаа дутагдлаа засаж, гажуудсан чиг хандлагыг өөрчилж байснаараа түүхэн ач холбогдолтой байсан юм.

Энэ цаг үеийн Шинэ сэргэлтийн бодлого ч өнөөдрийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж, ирээдүйн зорилтоо зөвөөр тодорхойлж, алдаа дутагдлаа засаж төрийн бүтээмжийг эрс сайжруулахад чиглэнэ.

Бидэнд мөнгө шаардахгүй ч, бүтээмжээ сайжруулах олон боломж бий. Ийм л байх ёстой гээд дасчихсан асуудал, хэвшсэн сэтгэлгээ ч цөөнгүй байна.

Хувийн хэвшилд хязгаарлагч хүчин зүйл болдог энгийн жишээ дурдахад ид бүтээн байгуулалт урин цагт эхэлдэг улирлын онцлогтой. Гэтэл Монгол Улсын төсөв 11 дүгээр сард батлагдан, төсвийн жил 1 дүгээр сард эхэлдэг. Тендер, сонгон шалгаруулалт, шүүхийн маргаан, бүх шатны шүүхээр заргалдсаар гэрээ ч байгуулж чадалгүй намартай золгодог.

Яагаад бид өвлийн улиралд худалдан авалтаа зохион байгуулж, хавар бүтээн байгуулалтаа эхлүүлж, зун, намрыг бүтээмжтэй ашиглаж болохгүй гэж? Яагаад иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг маргаан шийдвэрлэх үйл явцыг ил тод, түргэн шуурхай болгож болохгүй гэж?

Тиймээс төрийн бүтээмжийг дээшлүүлэхийн тулд төр, иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид хамтарч, хязгаарлаж буй хүчин зүйлсээ зөв тодорхойлж, шийдэл олох нь нэн чухал юм.

Төрийн бүтээмжийг сайжруулахын тулд Цахим үндэстэн болох зорилтоо илүү далайцтай өрнүүлж, 2024 он гэхэд төрийн байгууллагаас шаарддаг тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөлийг 50-иас доошгүй хувиар бууруулна.

Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх ажлыг 2022 оны төсвийн жилээс эхлүүлнэ. Төрийн хяналт, шалгалтын давхардсан тогтолцоог цэгцэлж, төлөвлөгөөт шалгалтыг эрс багасгана. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулна.

Авлигатай хийх тэмцлийг улам эрчимжүүлнэ. Монгол Улс авлигын индексээр дэлхийд 111-т эрэмбэлэгдэж байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт юм. Авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгана. Төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавина. Хөрөнгө орлогын мэдүүлгийг татвар төлөлттэй уялдуулна.

Монгол Ардын Нам шинэ зуунд улс төрийн манлайлагч байр сууриа хадгалахын тулд авлигатай хийх тэмцлийг улам бүр эрчимжүүлэх ёстой. Энэхүү тэмцэл нь намын гишүүн нэг бүрийн эрхэм зорилго, журамт үүрэг байх учиртай.

Өнөөдөр намын даргын хувьд Монгол Ардын Намын их хурлаар хэлэлцүүлж, улс төрийн шийдвэр гаргах үндсэн дөрвөн сэдвийн нэг нь намаас томилогдсон гишүүдийн сахилга хариуцлагыг чангатгаж, авлигатай хийх тэмцлийг эрчимжүүлэх тухай юм.

Монгол төр хүчирхэг, шударга, ёс зүйтэй, сахилга хариуцлагатай байх ёстой. Төрийн хариуцлагын тогтолцоо, бүтээмжийг сайжруулахын тулд бид сонгодог парламентын засаглалыг улам бүр төгөлдөржүүлэх учиртай. Нийгэм хурдацтай хөгжихийн хэрээр төлөөллийн зарчим алдагдаж, нийгмийн бухимдал үүсэж байна. Парламент бол ард түмний төлөөллийн нийлбэр юм.

1992 онд Үндсэн хууль батлах үед Улсын Их Хурлын нэг гишүүн дунджаар 14 мянга орчим сонгогчийг төлөөлж байсан бол өнөөдөр 26 мянга орчим сонгогчийг төлөөлж байна.

Хууль батлагдах үйл явц тооцоо судалгаатай, чанартай, амьдралд нийцсэн, харин батлагдсан хууль заавал хэрэгждэг байх ёстой. Шүүх засаглал хараат бус, шүүхийн процесс иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдад ойлгомжтой, энгийн байх учиртай.

Төр хөгжлийг гацаагч, удаашруулагч биш, харин дэмжигч, хурдасгагч, иргэддээ үйлчлэгч байх учиртай.

Эрхэм журмын нөхөд өө,

Манай улсын эдийн засгийн тусгаар тогтнолын нэн чухал зангилаа болсон зургаан багц асуудлыг Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд товч танилцууллаа.

Шинэ сэргэлтийн бодлогыг амжилттай хэрэгжүүлснээр боомтын хүчин чадал 3 дахин нэмэгдэж, экспортлох бүтээгдэхүүний хэмжээ 2 дахин өснө.

Эрчим хүчний чадал 2.5 дахин нэмэгдэж, хөгжлийн мега төслүүд бодитой хэрэгжих суурь нөхцөл бүрдэнэ.

Эдгээр төслүүдийн үр дүнд 2025 он гэхэд 285 мянган ажлын байр шинээр нэмэгдэж, Улаанбаатарыг зорьсон их нүүдэл багасаж, хөдөө орон нутагт өндөр цалинтай ажлын байр олноор бий болж, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил хангагдана.

Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлснээр Дотоодын нийт бүтээгдэхүүн буюу эдийн засгийн хэмжээ 2 дахин томорно.

Эдийн засгийн цар хүрээ тэлэгдсэнээр хүний хөгжлийн зорилтууд хангагдаж, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ сайжирч, иргэдийг орон сууцжуулах асуудал шийдвэрлэгдэж, Монгол хүний цалин орлого нэмэгдэж, чинээлэг дундаж давхарга тэлж, амьдралын чанар эрс сайжирна.

Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд нийт 100-120 орчим их наяд төгрөг шаардлагатай. Энэ хөрөнгийг төр дангаараа бүрдүүлэх боломжгүй нь ойлгомжтой.

Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх үндсэн зарчим нь иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоонд тулгуурласан эдийн засгийн шинэ бүтэц бий болгох юм. Үндсэндээ төр засуулын үүрэг гүйцэтгэж, иргэн, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид дэлхийн дэвжээнд барилдахад бүх талын дэмжлэг үзүүлэх болно.

Монгол Ардын Намын анхны дарга Солийн Данзан “Иргэн баян бол улс баян” хэмээн тунхаглаж байлаа. 1932 оны Шинэ эргэлтийн бодлого ч “Бусдыг мөлжихгүйгээр иргэн бүр хэм тэгш баяжигтун” гэсэн агуулгатай байсан.

Монгол ахан дүүс ээ,

Иргэн, аж ахуйн нэгжүүд ээ,

Хөрөнгө оруулагчид аа,

Өнөөдөр бид “Эдийн засгийн тусгаар тогтнол, чинээлэг дундаж давхаргыг бүрдүүлэх Их үйлсэд иргэн бүр оролцогтун” хэмээн уриалж байна.

Монгол Улс Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхдээ энхийг эрхэмлэсэн, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай баримталж, мөнхийн хоёр хөрш болон гуравдагч хөрш орнууд, олон улсын хөгжлийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай нягт түншлэн ажиллах болно.

Монгол Улс гадаад харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийн зарчимдаа “Монголын андгай за буй заа” хэмээх язгуурын зарчмыг хатуу баримтална.

Ардын намын Монгол, Ардчилсан намын Монгол, ХҮН намын Монгол гэж байхгүй. Хэдийгээр бид үзэл бодол, баримтлах зарчим, байр суурь зөрүүтэй ч Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө нэгдмэл эрх ашигтай билээ. Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжин ажиллахыг улс төрийн бүх намууд, иргэний нийгмийн байгууллагуудад уриалж байна.

Цар тахал дэлхий нийтэд тодорхойгүй ирээдүй, төсөөлөөгүй сорилтыг учруулсаар байна. Цар тахлын хүндрэл цаашид хэр удаан үргэлжилж, хэчнээн удаа хувьсан өөрчлөгдөхийг хэн ч таамаглаж чадахгүй.

Цар тахлын халдвараар 1943 хүний эрдэнэт амь эрстсэнд туйлаас харамсаж байна.

Монголчууд бид хүнд үедээ эвлэлдэн нэгдэж, хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулж чаддаг ард түмэн билээ.

Цар тахлыг хамтдаа даван туулж, энгийн амьдралын хэмнэлээ эргүүлэн авчирч чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Өнөөдрийн байдлаар Цар тахлын эсрэг вакцины бүрэн тунд нийт хүн амын 66 хувь, нэмэлт 3-р тунд зорилтот бүлгийн 39 хувь хамрагдсан нь дэлхийн улс орнуудтай харьцуулахад чамлахааргүй амжилт юм.

Цар тахалтай тэмцэх амаргүй ажилд, өргөсөн тангарагтаа үнэнч ажилласан цагаан нөмрөгт баатрууддаа, цагдаа, онцгой байдал зэрэг төрийн тусгай албан хаагчдадаа, олон хүний амь насыг болзошгүй эрсдэлээс хамгаалах вакцинжуулалтын ажлыг зохион байгуулалцсан бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье!

Монгол Ардын Намын 30-р Их хурлын хүндэт төлөөлөгчид өө,

Өнөөдөр Та бүхэн Шинэ сэргэлтийн бодлогыг хэлэлцэж, улс төрийн шийдвэр гаргана. Мөн Монгол Ардын Намын шинэ зууны дэвшилтэт зорилтуудын хүрээнд намын эрхэм зорилго, үнэт зүйл, үзэл баримтлал, хичээн эрмэлзэх зүйлийг тодотгон шинэчлэх болно.

Та бүхэн мэргэн оюундаа тунгаан, ухаан бодлоо уралдуулан, санал шүүмжлэлээ чөлөөтэй өрнүүлж, энэхүү бодлогыг хэлэлцэхэд идэвхтэй оролцоно гэдэгт итгэл төгс байна.

100 жилийн түүхийг бүтээлцсэн Монгол Ардын Намын үе үеийн дарга нартаа намын 30-р их хурлын төлөөлөгчдийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, эрүүл энх, сайн сайхныг хүсье.

Эвлэлдэн нэгдэх бүрдээ урагшлан хөгжиж, эвдрэн талцах болгондоо уруудан доройтдог болохыг манай намын түүх нотолдог. Намынхаа түүхт 100 жилийн ойгоор үндэсний язгуур эрх ашгийн төлөө Монгол Ардын Нам, Монгол Ардын Хувьсгалт Нам эргэн нэгдсэн нь түүхийг бүтэн болгосон чухал үйл явдал байсныг онцлон тэмдэглэж байна.

Монгол Ардын Намын эв нэгдэл, бодлогын залгамж чанарыг хадгалах үүрэг бүхий үе үеийн намын дарга нараас бүрдсэн Бодлогын зөвлөл байгуулах асуудлыг намын их хурлаар хэлэлцэн шийдвэрлүүлэх боллоо.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар хөгжлийн бодлогыг нэгэн цонхоор харж, Их бүтээн байгуулалтыг өрнүүлэх алдаж үл болох алтан боломж 12 жилийн дараа ийнхүү тохиолоо.

Өнгөрсөн 100 жилд Монгол Ардын Нам эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг сэргээн мандуулах зорилтоо бүрэн биелүүлж чадсан шигээ, ирэх зуунд эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг цогцлоох эрхэм зорилтоо амжилттай хэрэгжүүлж чадна гэдэгт бат итгэж байна.

Их хурлын төлөөлөгчид, намын нийт гишүүд Та бүхэн Монгол Ардын Намын түүхт 100 жилийн ойн 30-р их хурлаас гарах шийдвэрийг хэрэгжүүлэх үйлсэд бүх хүч, мэдлэг, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориг бадрангуй зориулна гэдэгт итгэл төгс байна.

Үндэс язгуур, төрт ёс, өв соёлоо дээдэлж,

Үндэсний нэгдмэл үнэт зүйлээ эрхэмлэж,

Хүн төрөлхтний дэвшилтэт ололтыг дэмжиж,

Хөрст дэлхий, унаган байгалиа хайрлан хамгаалж,

Амар тайван, хүмүүнлэг нийгмийг цогцлоож,

Ардчилал, шударга ёсны засаглалыг бэхжүүлж,

Өөрийгөө тэтгэсэн эдийн засаг нь өрх, иргэн бүрд тэгш, хүртээмжтэй хүрсэн,

Эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эх оронч, хөрвөх чадвартай, оюунлаг, бүтээлч иргэнтэй улс болж хөгжих болтугай!

Эцэг дээдэс маань 30 жилийн дотор дэлхийн түүхийг өөрчилсөн шиг, эх орон минь 30 жилийн дотор нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанараар бүс нутагтаа тэргүүлсэн, Азийн их хүлэг улс болон хөгжин мандах болтугай!

#онцолсон, #МАН, #МАН-ын 30 их хурал,