УЛААНБААТАР

Амьдрах орчноо сайжруулахад иргэн таны оролцоо яагаад чухал вэ?

Амьдарч буй орчноо одоо байгаагаас нь илүү сайхан болгоход иргэн бидний дуу хоолой, санал санаачилга нэн чухал билээ. Хэрэв бид амьдрах орчноо сайжруулахад өөрсдийн хувь нэмрээ оруулдаг, идэвхтэй оролцдог байгаад эргээд түүнийхээ үр дүнг нь шаарддаг бол  энэ нь чухамдаа иргэний нийгмийн зорилгод нийцэх, иргэний оролцоот нийгмийг бүтээх хамгийн том хөшүүрэг болох биз ээ.

“Би мэдэхгүй тул оролцохгүй”, “Би оролцохгүй тул надад хамаагүй”, “Миний оролцоо чухал биш” гэж хойш суух бус “Оролцъё”, “Бүтээе” гэдэг сэтгэлгээтэй байж, өөрт хамааралтай асуудалд үргэлж бодитой дүн шинжилгээ хийж, санаа бодлоо илэрхийлдэг байх нь таны оролцооны илрэл.

АМЬДРАХ ОРЧНОО САЙЖРУУЛАХАД ИРГЭН ТАНЫ ОРОЛЦОО ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

Монгол Улсын Үндсэн Хуулийн оршил хэсэгт:

Монголын ард түмэн бид:

– улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,

– хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,

– төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,

– хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,

эх орондоо хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгонохэмээн заасан байдаг. Тэгвэл бидний Үндсэн хуулийнхаа оршил хэсэгт хуульчлан заасан мөнхүү нийгмийг бий болгоход хамгийн чухал зүйл нь гагцхүү “иргэний оролцоо” юм. Хоолоор бол хамгийн чухал орц нь “иргэний оролцоо” болох аж. Үүнийг дэлгэрүүлэн тайлбарлавал: 

Иргэний нийгэм гэдэг нь иргэдийн оролцоотой, иргэн ба төрийн харилцаа нь тэгш бөгөөд ил тод байж, нэг нь нөгөөгөөсөө харилцан уялдаа хамаарал бүхий байх зорилгод чиглэдэг тэрхүү нийгмийг хэлдэг. Маш энгийнээр хэлбэл иргэний нийгэм гэдэг иргэд төрийг хянаж, төрд хариуцлага хүлээлгэж чаддаг тэрхүү хүмүүсийн нэгдэл хэмээн ойлгож болно. Энэ ч утгаараа иргэний нийгэм нь ардчиллын тулгуур багана, суурь ойлголт болдог. Нөгөө талаас ардчилал бидэнд эвсэн нэгдэх, хамтрах, санаа бодлоо илэрхийлэх боломжуудыг олгодог ба иргэний нийгэм нь ардчиллын тулгуур болохын үндэс, шалтгаан нь гагцхүү энэ гэж болмоор. Энэхүү тогтолцооны ач гавьяагаар иргэд өөрсдийн дуу хоолойгоо төрд хүргэх боломжтой юм.

Мөн л Монгол Улсын Үндсэн хуульд иргэн бид хуульд заасан эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэх ба үүний нэг нь “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх” юм. Тиймээс өөрт хамааралтай, өөрийн амьдрах орчны асуудлыг хэн нэгэн албан тушаалтнаас хайж, шүүмжлэх бус өөрөө оролцож, хуульд заасан эрхийнхээ хүрээнд төрд зөв шаардлага тавих нь зүй юм. Харин Орон Нутгийн Хөгжлийн Сан нь бидэнд амьдарч буй орчноо сайжруулахад бодитоор оролцох, санал бодлоо хэлэх, шаардлага тавих боломжийг олгодог томоохон төсөл хөтөлбөр.

ОНХС ГЭЖ ЮУ ВЭ? ЯМАР АЧ ХОЛБОГДОЛТОЙ ГЭЖ      

Орон нутгийн хөгжлийн сан бол та бидний татварт төлсөн мөнгөнөөс эргээд миний, таны амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор буцаан хуваарилж байгаа төсвийн хөрөнгө юм. Уг төсөл нь бидэнд татварт төлсөн мөнгөө зүй зохистой, үр дүнтэй зарцуулахад оролцох, саналаа хэлэх, саналаа хэлснээр амьдрах орчноо илүү сайхан болгох боломжийг олгодгоороо бусад төслөөс онцлогтой гэж болно. Энгийнээр бол Засгийн газраас орон нутгийг хөгжүүлэх зорилгоор олгогддог, зарцуулалт нь иргэдийн оролцоонд тулгуурлан, өөрсдийн амьдарч буй орчинд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилготой сан юм. Тухайлбал сум, дүүрэг, хорооны гудамж талбайн тохижилт, гэрэлтүүлэг, камер, тоглоомын талбай зэрэг бидний өдөр тутмын амьдралд тулгамдаж байдаг амьдрах орчноо илүү таатай болгох нөхцөлийг бүрдүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг юм. Энэ ч утгаараа төсвийн шийдвэрт иргэдийн утга учиртай оролцоог нэмэгдүүлэх, улмаар иргэдийн амьдрах орчныг хамтдаа сайжруулах зорилготой, бодит үр дүн бүхий төсөл гэдгээрээ ихээхэн ач холбогдолтой. Мэдээж хэрэг иргэн төрийн хамтын ажиллагаа үүнд хамгийн чухал ба иргэн таны саналд үндэслэх буюу гагцхүү та саналаа өгснөөр өөрийн амьдарч буй гудамж, талбайгаа одоо байгаагаас илүү сайхан болгож, хороо, дүүрэгтээ нэн хэрэгтэй байгаа тулгамдаж буй асуудлаа шийдвэрлүүлэн илүү дээр орчин нөхцөлд амьдрах боломжийг ОНХС бүрдүүлэх тиймдээ ч та бидний өгөх санал хамгийн үнэ цэнтэй юм шүү. Нөгөөтээгүүр иргэний нийгмийн хамгийн гол тулгуур багана болох иргэдийн оролцоог хангаж, дэмжиж, нэмэгдүүлж буй хэлбэр, идэвхтэй, оролцоотой иргэнийг бүтээж буй чухал ач холбогдолтой тул хүн бүр энэ мэтчилэн энэхүү төслийн ач холбогдол бүрийг мэддэг, дэмждэг, түгээдэг, иргэний нийгмийг хөгжүүлэхэд идэвх санаачилгатай бодитоор оролцдог байвал та хамгийн “күүл” иргэн болно шүү. Та мэдээж ОНХС-гийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах эх сурвалжуудыг ашиглаж болох юм.

  • Ulaanbaatar.mn (e.g., link to 2021 results of e-voting)
  • Орон нутгийн хөгжлийн сан (mof.gov.mn)
  • Орон нутгийн хөгжлийн сан Facebook хуудас
  • ОНХС-ийн Санал Асуулга 2021 | Facebook

ТАНЫ ОРОЛЦОХ ЁСТОЙ ХАМГИЙН ЧУХАЛ “СОНГУУЛЬ”

Иргэний нийгмийг хөгжүүлэхэд та бидний оролцоо чухал гэж дээр дурдсан билээ. Тэгвэл тэрхүү нийгмийг хөгжүүлэхэд бидний хийж чадах зүйлс таны

бодож байгаагаас ч энгийн зүйлсээс эхэлдэг. Учир нь бид нэг л өдөр өнөөдрөөс идэвхтэй, оролцоотой иргэн байя гэж бодоод шийдчихдэггүй. Хэн нэгнээс асар их хүчин чармайлт шаарддаг зүйл биш. Наад захын энгийн алхам бол ОНХС-гийн санал асуулгад саналаа өгөхөөс л таны оролцоо эхлэх ба цаашлаад өөрсдийн амьдрах орчин, нөхцөлөө сайжруулахад чиглэсэн санал санаачилга гарган, төрийн үйл ажиллагаа, төсвийн төлөвлөлтөд оролцож, хяналт тавих хэрэгтэй.

Мэдээж хэрэг иргэний нийгмийг бий болгох, иргэдийн оролцооны нэг арга хэлбэр нь сонгуульд идэвхтэй оролцох. Иймд аливаа ямар ч сонгуульд идэвхтэй, хариуцлагатай оролцох нь та бидний үүрэг, эрхээ эдэлж буйн хэлбэр. Тэгвэл таны оролцох ёстой хамгийн чухал сонгууль юу вэ? Амьдарч буй хороо, дүүрэгтээ ОНХС-гийн хөрөнгөөр ямар ажил, төсөл хэрэгжүүлэхийг та өөрөө сонгох боломжтой ба энэхүү санал асуулгад идэвхтэй оролцох хэрэгтэй юм. (Зураг 01-ээс Нийслэлийн хэмжээнд 2020 онд ОНХС-гийн хөрөнгөөр орон сууц, гэр хорооллын хөгжилд шаардлагатай хөрөнгө оруулалтын талаар иргэдийн өгсөн саналыг жишээ болгон харна уу!) Таөөрийн амьдарч буй хороо, дүүрэгтээ тулгамдаж буй асуудлаа шийдвэрлүүлэн, амьдрах орчноо сайжруулахад төрд саналаа дэвшүүлж, хяналт тавих ба ОНХС-гийн хөрөнгөөр хамгийн олон санал авсан төсөл хэрэгждэг тул та бидний, иргэн нэг бүрийн оролцоо хамгаас чухал билээ.

Зураг 01. 2020 онд ОНХС-гийн хөрөнгөөр орон сууц, гэр хорооллын хөгжилд шаардлагатай хөрөнгө оруулалтын талаар иргэдийн өгсөн санал

Түүнчлэн 2021 оны ОНХС-аар хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар ОНХС-гийн гар утасны аппликейшнаар ирүүлсэн иргэдийн саналыг нас, хүйсээр ялган харах боломжтой болсон бөгөөд энэ мэдээллийг шийдвэр гаргагчдад хүргүүлж эхэлсэн нь цаашид ОНХС-гийн хөрөнгө оруулалтыг эмэгтэй, эрэгтэй хүмүүс болон иргэдийн насны ангиллыг харгалзан төлөвлөх боломжийг бүрдүүлж байгаа юм. Үүнээс гадна  2021 оны ОНХС-ийн батлагдсан төсвийг дүүрэг тус бүрээр хүйсээр нь харьцуулан үзэхэд 50 хувиас дээш хувьд эмэгтэйчүүдийн санал дэмжигдсэн аж магадгүй та эмэгтэй бол саналаа өгснөөр энэхүү үзүүлэлтийг нэмэгдүүлэх ч юм билүү.

ХЭН ОРОЛЦОХ ЭРХТЭЙ ВЭ?

2021 оны ОНХС-гийн санал асуулгад Нийслэлийн хэмжээнд нийт 800 зуун мянга  орчим иргэд оролцох эрхтэй ба 18-аас дээш насны хүн бүр энэхүү санал асуулгад оролцох боломжтой юм. Харин 18 нас хүрээгүй, гадаад улсад оршин суугаа, цэргийн алба хааж буй, түүнчлэн ял шийтгэл эдэлж байгаа иргэн Нийслэлийн ОНХС-гийн санал асуулгад оролцох боломжгүй юм. Тиймээс оролцмоор байвч боломжгүй байгаа хүн бүрийн төлөө та заавал санал асуулгадаа оролцоно биз дээ. Танд боломж байна.

ЯАЖ, ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ ГЭЖ ҮҮ?

Төсвийн шийдвэрт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилтыг дэмжих хүрээнд 2021 оны ОНХС-аар хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар иргэдээс санал авахдаа нийслэлийн бүх 171 хороонд ОНХС-гийн гар утасны аппликейшныг ашигласнаар урьд цаасан маягтаар нэг өрхөөс нэг санал авдаг байсныг болиулж, цахим санал авах аппликейшн хөгжүүлж, иргэн бүр цахимаар саналаа өгөх боломжтой болсон юм. Мөн ОНХС-гийн зарцуулалтын талаарх иргэдийн саналыг цаасан маягтаар бус, цахимаар авах болсон нь санал асуулгыг зохион байгуулж буй төрийн албан хаагч, хэсгийн ахлагч нарын цагийг хэмнэж, хөдөлмөрийг ихээхэн хөнгөвчлөөд зогсохгүй иргэдийн саналыг цахимаар авсан нь ОНХС-гийн талаарх олон нийтийн хэлэлцүүлгийг ковид цар тахлын үед ч тасалдуулахгүй зохион байгуулах боломжийг бүрдүүлсэн ихээхэн ач холбогдолтой. Түүнчлэн орон нутгийн төсвийн хэлэлцүүлэгт насанд хүрсэн нийслэлийн оршин суугч бүр оролцох, улмаар тэдний саналыг ОНХС-гийн зарцуулалтын талаарх шийдвэрт илүүтэй тусгадаг болох суурь тавигдсан төдийгүй өнгөрсөн онд ОНХС-гийн гар утасны аппликейшнаар 2021 онд тус сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаарх саналаа нийслэлийн 350’000 орчим (54% эмэгтэй, 46% эрэгтэй) иргэн буюу саналын эрх бүхий Улаанбаатар хотын оршин суугчдын 43% нь өгсөн байна. Цахим санал асуулгад оролцсон иргэдийг насны бүлгээр ангилбал: 12% нь 18-25 насны, 41% нь 26-40 насны, 34% нь 41-60 насны, 12% нь 61-аас дээш насны иргэд байсан бөгөөд зарим дүүрэгт иргэдийн оролцоо илүүтэй нэмэгдсэн. Тухайлбал, Багахангай дүүрэгт саналын эрх бүхий 1870 орчим иргэд бүгд оролцсон бөгөөд тэдний саналыг 2 долоо хоногт багтаан ОНХС-гийн гар утасны аппликейшнаар авсан юм. Харьцуулахад, 2017 онд цаасан санал асуулгаар тус дүүргийн нийт өрхийн 45% саналаа өгч байжээ. Тэгэхээр санал асуулгыг цахимаар авах болсон нь олон талын давуу талыг бий болгосны хамгийн чухал нь эдгээр үзүүлэлтүүдээс харахад иргэдийн хувьд цаасаар саналаа өгөхөөс илүү хялбар үйлдэл болсон, цаг хэмнэсэн, илүү хүртээмжтэй зэрэг давуу талуудыг нэрлэж болохоор байна. Мэдээж ОНХС-гийн санал асуулгыг илүү боловсронгуй болгож, байнга илүү хувилбарыг эрэлхийлж сайжруулж байх нь зүйн хэрэг. Жишээ нь: Иргэдийн утга учиртай оролцоог нэмэгдүүлэх ингэхдээ залуучуудын оролцоог илүүтэй дээшлүүлэхэд анхаарах, санал асуулгын дүнг иргэдэд цаг тухайд нь  мэдээлэх, иргэд санал гомдлоо чөлөөтэй хэлэх түүнийг нь шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх зэргээр хамтын ажиллагаа, эргэх холбоог сайжруулах, иргэд саналаа өгөөд зогсохгүй шийдвэр гаргах үйл явцад хяналт тавих, худалдан авах зэрэг ОНХС-гийн бүхий л үйл ажиллагаанд оролцдог байх төдийгүй иргэдийн саналыг шийдвэр гаргахад илүүтэй тусгадаг байхад анхаарч ажиллах зэргийг дурдаж болох юм. 

Энэ жилийн хувьд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хороо, дүүрэгт хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн саналыг Нийслэлийн есөн дүүргийн 171 хороонд цахимаар явуулж байгаа бөгөөд та өөрийн амьдарч буй сум, хороонд шаардлагатай 2022 оны ОНХС-гийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөлд “Smart UB” аппликейшин ашиглан саналаа өгөх боломжтой юм. Та гагцхүү ухаалаг утастай, утсандаа Smart UB аппликейшнтэй байхад л хангалттай бөгөөд өөрийн амьдарч буй орчин нөхцөлдөө санаа тавьдаг, тав тухтай, илүү дээр болгох арга замыг эрэлхийлдэг, асуудал бус шийдэл ярьдаг, бурууг хайж гомдолдог бус түүнийг засах, сайжруулахад гар бие оролцдог, төсвийн хөрөнгө юунд, хэрхэн зарцуулагдвал зохистой талаар өөрийн үзэл бодлоо хэлэх зэрэг чухамдаа таны оролцоог хангаж, хамтдаа амьдрах орчноо өөрчлөх, сайжруулах ач холбогдлыг нь ойлгодог оролцоотой иргэн байх эхний алхам бол “асаагаад, саналаа өгөх”. 2021 оны ОНХС-гийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар иргэдийн өгсөн саналын 72%-ийг хөрөнгө оруулалтын эцсийн шийдвэрт тусгасан гэсэн дүн мэдээ гарсан ба 2022 онд ОНХС-гийн хөрөнгөөр танай дүүрэгт хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн эцсийн шийдвэр гаргалтад ердөө ганцхан минутыг зарцуулаад л нөлөөлөх боломж танд байна. Амархан байгаа биз.

ОНХС-гийн санал асуулга дуусахад дөрөв хоног үлдсэн байна шүү. Та хамгийн мундаг, оролцоотой иргэн гэдгээ баталж санал асуулгадаа идэвхтэй оролцоорой. Мэдээж таны оролцоо, та бидний амьдрах орчныг илүү сайхан болгоход нөлөөлөх их том хүч гэдгийг битгий мартаарай.

ТА САНАЛАА ӨГСӨН ҮҮ?

3 сэтгэгдэл

  1. Батжаргал

    2022-05-05

    Гэр хорооллын айл өрхүүдийг дулааны шугам сүлжээ. Цэвэр усанд холбох ингэсэн тохиолдолд утаа багасч агаарын бохирдол буурна

  2. Батжаргал

    2022-05-05

    Ахмадын түрээсийн орон сууцыг нэмэгдүүлэх

  3. Батжаргал

    2022-05-05

    ОНХСангийн талаар анхан шатны нэгжийн ажилтнуудад нэгдсэн сургалт зохион байгуулах дараа нь иргэдэд сурталчлах

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet