newswire

Мөнгө угаасан хэргийг дахин хэлэлцэнэ

    Авлига авсан, өгсөн нь баримтаар нотлогдож, өнгөрсөн тавдугаар сард Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял шийтгүүлсэн зарим шүүгдэгч нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Нөгөөтээгүүр, анхан шатны шүүхээс зарим шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг улсын яллагч эсэргүүцсэн байна. Шүүх МХЕГ-ын экспорт, импорт, хилийн хорио цээрийн газарт удирдах албан тушаал хашиж байсан хүмүүст холбогдох хэргийг энэ сарын сүүлчээр дахин хэлэлцэнэ. Хэргийг энэ сарын 12-нд шүүгч нарт хуваарилсан аж.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун уг хэргийг илтгэн хэлэлцүүлэхээр томилогджээ. Анхан шатны шүүхээс Н.Баярсайханыг хахууль авсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Шүүгдэгч Э.Аззаяа, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарыг гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж Н.Баярсайханаас мөнгө авсан, угаасан гэм буруутайд тооцсон ч хэрэг үйлдсэнээс хойш хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Мөн авлигыг мэдээлсэн таван хүнийг ялаас чөлөөлж, авлига өгсөн бусад иргэнд торгууль ногдуулсан билээ.

Хариулах




Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet