ДЭЛХИЙН МЭДЭЭ

Их Британи, АНУ Кремлийг шүүмжиллээ

Өнгөрсөн бямба гарагт ОХУ-ын нийслэл Москва болон бусад хотод эсэргүүцлийн жагсаал боллоо. Сөрөг хүчний төлөөлөл, блогч А.Навальныйг ХБНГУ-аас эх орондоо ирсэн даруйд баривчлан 30 хоногийн хугацаагаар хорьсныг эсэргүүцэж буйгаа иргэд ийнхүү илэрхийлсэн. Эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаа, хууль сахиулах хүчнийхэн олон хүнийг баривчилж, иргэд ч тэдний хариуд эсэргүүцэл үзүүлсэн байна.

Орон нутагт болсон жагсаалын үеэр онц зөрчил, мөргөлдөөн гараагүй бол Москва, Санкт-Петербург, Красноярск, Владивостокт цагдаа нар жагсагчдын эсрэг хүч хэрэглэж, цөөнгүй хүн бэртэж гэмтлээ. Үүнээс гадна насанд хүрээгүй хүүхдүүд  жагсаал, цуглаанд оролцсон тул 15 хүнийг хууль сахиулагчид саатуулсан байна.

Оросын Төрийн тэргүүн В.Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков жагсаалд цөөн хүн оролцсон гэж мэдэгджээ. Тэрбээр “Хууль бусаар зохион байгуулсан жагсаалд маш олон хүн оролцсон гэж ярьж байна. Үнэндээ В.Путиний төлөө, Үндсэн хуулийн өөрчлөлт, шинэчлэлийн төлөө үүнээс ч олон хүн саналаа өгсөн” гэж “Россия 1” сувагт өгсөн ярилцлагадаа өгүүлсэн.

Болсон явдлын үеэр хүний эрх, эрх чөлөөг бүдүүлгээр зөрчиж байгааг Их Британи, АНУ тэргүүтэй орнууд шүүмжилж, баривчлагдсан жагсагчид, сөрөг хүчнийхэн, сэтгүүлчдийг даруй суллахыг уриалсан билээ.  Үүний хариуд Кремль улсын дотоод хэрэгт оролцож байна гэсэн байр суурийг илэрхийлжээ. Ташрамд, А.Навальныйг баривчилсан явдалтай холбогдуулан Европын холбоо ОХУ-д шинэ хориг тавьж магадгүй байгаа юм.

Эх сурвалж: Лента

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet