newswire

Жо Байден эхний ээлжинд уур амьсгалын өөрчлөлт, коронавирус, арьс өнгөөр ялгаварлахын эсрэг тэмцэнэ

Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байден АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа. Тэрбээр “Агуу АНУ-ыг удирдуулахаар намайг сонгосон нь миний хувьд нэр төрийн хэрэг. Миний төлөө саналаа өгсөн болон өгөөгүй бүх америк хүний ерөнхийлөгч болохоо би амлаж байна. Сонгуулийн кампанит ажил өндөрлөж, америкчууд уур хилэн, хатуу мэдэгдлүүдээ мартаж, нэгдэх цаг  иржээ” хэмээн твиттетээ жиргэжээ.

“Fox News” телевиз, “Associated Press” агентлагийн мэдээлснээр, тэрбээр сонгогчдын коллегийн 290 гишүүний саналыг авсан бол одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп 214 санал авчээ. Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд  нэр дэвшигч сонгогчдын коллегийн 270 гишүүний саналыг авах шаардлагатай. Байден сонгуульд ялалт байгуулсан тухайгаа өмнө нь хэдийнэ зарлаад байсан юм. Харин Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд санал хураалтын дүнгийн асуудлаар шүүхэд байр сууриа хамгаална гэдгээ мэдэгдсэн.

Жо Байден эхний ээлжинд:

  • Тэрбээр Америкчуудыг нэгтгэж, дэлхий дахинд АНУ-ын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллана.
  • Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхалтыг үндсээр нь устгахад анхаарч ажиллана
  • Цар тахалтай тэмцэх төлөвлөгөөг боловсруулах шинжээчдийн бүлгийг томилохоо амлав
  • Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг хяналтандаа авахыг хичээх болно гэдгээ мэдэгдсэн байна

Шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр товлогдсон. Жо Байден АНУ-ын түүхэн дэх хамгийн ахмад настай Ерөнхийлөгч болох бөгөөд тангараг өргөх ёслолын үеэр 78 настай байх юм. Энэ удаагийн сонгууль нь хоёр намаас нэр дэвшигч хоёулаа 70-аас дээш настай хүмүүс өрсөлдсөн анхны сонгууль юм. 

Жо Байден нь 1988 онд мөн Ерөнхийлөгчид өрсөлдөж байсан бөгөөд үүнээс хойш 32 жилийн дараа, анх сенатын гишүүн болсноосоо хойш 48 жилийн дараа Ерөнхийлөгч болж байна. ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель, Австрийн Канцлер Себастьян Курц, Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси, Испанийн Ерөнхий сайд Педро Санчес, Исландын Засгийн газрын тэргүүн Катрин Якобсдоуттир, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Литва Улсын Ерөнхийлөгч Гитанас Науседа тэргүүтэй дэлхийн улс орнуудын удирдагч нар Жо Байденд баяр хүргээд  байна. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet