УЛААНБААТАР

Багануур дүүрэгт 50 ортой төрөх эмнэлэг барьж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан Багануур дүүрэгт ажиллалаа. Багануур дүүргийн хувьд энэ онд улс нийслэл, орон нутгийн сангийн хөрөнгөөр 50 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгагджээ.Үүнээс боловсрол, нийгмийн салбарт, мөн зам талбай дэд бүтцийн хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэж дууссан байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 70 хувьтай хэрэгжиж байгаа бөгөөд энэ сарын 15-наас эхлэн гэр хорооллын иргэдийн зуух яндангийн битүүмжлэл, стандартын хэмжээнд байгаа эсэх асуудлаар хяналт шалгалтын ажлыг хийх аж. Багануур дүүргийн хувьд гэр хорооллын 4000 гаруй айл өрхтэй. Эдгээр айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, зөв галлагааны зөвлөмжийг хүргэж ажиллахаар бэлтгэл ажил хангагдсан байна талаар Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн мэдээллээ.

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, тулгамдаж буй асуудлыг нь шийдвэрлэв.

Дүүргийн Эрүүл мэндийн төв нь одоогоор 135 ортой, хэвтэн эмчлэх 6 тасаг, нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх Поликлиникийн 21 кабинет Пара клиник,яаралтай тусламж хүлээн авах, уламжлалт нөхөн сэргээх эмчилгээ, Клиникийн эм зүйн тасаг угаалга, ариутгал, автограж, харуул хамгаалалт зэрэг инженер техникийн албатайгаар нийт 26 мянга орчим хүн амд болон хил залгаа Төв, Хэнтийн аймгуудын сумдын хүн амд эрүүл мэндийн хоѐрдогч шатлалын тусламж үйлчилгээг үзүүлж байна. Тус эмнэлэгийн дэргэд 50 ортой төрөх эмнэлэг баригдаж байгаа бөгөөд барилгын явц 75  хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

Эрүүл мэндийн нэгдсэн төвийн Чанарын албаны дарга Ц.Балжидмаа “Энэ оны 11 дүгээр сард 50 ортой төрөх эмнэлгийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа боловч тоног төхөөрөмж, гадна дотно тохижилтын асуудал тулгарч байна. Эрүүл мэндийн төвийн гадна 10 мянган метр квадрат талбайг улсын төсвийн хөрөнгөөр тохижуулж байгаа боловч, ажлын явц удаашралтай байна. Иймд хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан та эдгээр асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг хүсч байна” гэв.

Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан төрөх эмнэлгийн тохижилт, тоног төхөөрөмжтэй холбоотой асуудлыг Эрүүл мэндийн сайдад уламжилж, төсөв хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхээр боллоо. Мөн Эрүүл мэндийн төвийн гаднах талбайг тохижуулж буй “Шинчин Гранд” компанийн удирдлагуудтай уулзаж, энэ сарын 25-ны өдөр тохижилтын ажлыг бүрэн хүлээлгэж өгөх үүргийг өглөө.

Залуучуудын хөгжлийн төвд 10 мянган программист бэлтгэх төслийг хэрэгжүүлнэ

Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан “Багануур-Ус” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болон, дүүрэгт баригдаж буй Залуучуудын хөгжлийн төв, дүүргийн 4 дүгээр хороонд шинээр  баригдаж буй цэцэрлэгийн барилгын явцыг шалгалаа.

“Багануур-Ус” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга Н.Буддорж өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар болон цэвэр усны төв шугамын шинэчлэл хийгдсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Цаашид дүүргийн хэмжээнд байгаа гүний худгуудыг бүрэн автоматжуулах шаардлагатай байгаа талаар дуулгалаа. Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан шаардлагатай төсөв санхүүтэй холбоотой асуудлыг Барилга хот, байгуулалтын яамны сайдтай хамтран шийдвэрлэхээр боллоо. 

Залуучуудын хөгжлийн төвийн барилгын явц 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Уг барилгыг “Мөнхийн үргэлжлэл” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд энэ сарын 15-нд хүлээлгэж өгөхөөр төлөвлөжээ. Залуучуудын хөгжлийн төв нь нийт 6 давхар барилгад үзэсгэлэнгийн танхим, номын сан, фитнесс иог, иргэдэд зориулсан ажлын өрөөтэй байхаар тохижуулах аж.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас хэрэгжүүлж буй “10,000 программист” бэлтгэх төслийг Багануур дүүрэгт хэрэгжүүлэх талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан дүүргийн Засаг даргад үүрэг болголоо. Тэрбээр “мэдээлэл, технологийн салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, өндөр ур чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэх, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, программ хангамжийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах зорилготой уг төслийг Багануур дүүргийн Залуучуудын төвд хэрэгжүүлье. Багануур дүүргийн хүүхэд залуучууд ирээдүйд мундаг программист, мэдээлэл технологийн шинэ алхамыг хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байна” хэмээсэн юм.

100 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг баригдаж байна

Багануур дүүргийн 4 дүгээр хороонд шинээр баригдаж буй цэцэрлэгийн барилгын явц 80 хувийн гүйцэтгэлтэй байна. 100 ортой тус цэцэрлэг нь ирэх сард ашиглалтад орох аж.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа бөгөөд иж бүрэн тоглоомын талбайтай, ногоон байгууламжтай байхаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар гадна засварыг хийх хөрөнгөтэй холбоотой асуудал байгааг гүйцэтгэгч компанийн зүгээс хэллээ. Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан холбогдох албаныханд төсөв санхүүтэй холбоотой асуудлыг яаралтай шийдвэрлэхийг үүрэг болгоод, цэцэрлэгийн барилгыг чанарын өндөр түвшинд аюулгүй байдлыг хангаж гүйцэтгэхийг гүйцэтгэгч компанийн удирдлагуудад санууллаа.

Багануур дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс МТ-шатахуун түгээх станц хүртэлх 1,2 км автозамыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдсан байна. Өнгөрсөн онд тус замын эхний хэсэг болох 500 метр газрыг “Хөвчийн зам” ХХК гүйцэтгэсэн бол энэ онд үлдсэн замыг “Тэгш плант” ХХК гүйцэтгэжээ. Гэвч энэ онд ашиглалтад оруулсан 500 метр автозамд торон хагарал үүсч хүнд даацийн автомашин зорчих боломжгүй болсон талаар дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн хэллээ.

Тэрбээр “Намаг ихтэй хэсэгт байрладаг автозам учраас доош ухаж болохгүй байсан талаар гүйцэтгэгч компанийн зүгээс мэдэгдэж байсан. Хөрсний шинжилгээ буруу хийгдсэнээс болж маш их торон хагарал үүссэн гэх таамаглал бий.Одоогийн байдлаар гүйцэтгэгч компанийнхантай хамтраад Мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт гаргуулахаар ажиллаж байна” гэв.

Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан улс нийслэлийн төсвөөр хийгдсэн бүтээн байгуулалтад хатуу хяналт тавьж ажиллах ёстой гэдгийг онцолж хэллээ. Мөн яаралтай Мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт гаргуулж, технологийн горимын дагуу чанарын өндөр түвшинд автозамыг барьж дуусгахыг гүйцэтгэх компанийн удирдлагуудад үүрэг өглөө. Тэрбээр хэлэхдээ “Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдсэн бүтээн байгуулалтуудад хатуу хяналт тавьж ажиллах хэрэгтэй. Намаг ихтэй газарт автозам барьж байгаа бол технологийн горим алдагдуулалгүй, нарийн судалгаа хийж автозамаа барих байсан. Энэ мэт асуудал нийслэлд ч цөөнгүй тулгардаг учраас бодлогын яамдуудад хамтарч ажиллах санал хүргүүлнэ. Барилгын компаниудын үүрэг оролцоог нэмэгдүүлсэн, төрийн бодлогоор зангидсан шийдлийг хэрэгжүүлэхгүй бол дунд шатанд ажил цалгардаж байна.Улс нийслэлийн төсвөөр хийгдсэн бүтээн байгуулалт бүр чанартай, үр өгөөжтэй байх ёстой зарчмыг баримталж ажиллах хэрэгтэй” гэлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet